Арьс, ширний урамшууллыг олгож эхлээд байна.
Ноосны урамшуулалтай адилаар үндэсний үйлдвэрт тушаасан арьс, ширний ширхэг тутамд урамшуулал өгөх асуудал удаан яригдсан. Тэгвэл энэ долоо хоногоос арьс ширний урамшууллыг малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд олгож эхэлсэн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ.
Жилдээ хоёр ээлжээр олгох арьс, ширний урамшуулалд энэ жил 20 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Эхний ээлжийн урамшууллыг ийнхүү олгож эхэлсэн бөгөөд энэ удаад 19 аймгийн нийт 29811 малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн 780 мянган ширхэг арьс, ширэнд 2.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгох юм байна. Дараачийн ээлжийн урамшууллыг наймдугаар сард олгох ажээ.
Үндэсний үйлдвэрт тушаасан нэг ширхэг бодын ширэнд 15 мянган төгрөг, богийн арьсанд 3000 төгрөг олгохоор болсон. Ингэхдээ уг урамшууллыг Монголбанкинд нээсэн байгаа малчны хувийн дансанд шууд шилжүүлэх юм байна. Энэ нь урамшууллын мөнгө замаасаа дутах, эзэндээ хүрэхгүй байх зэрэг урьдны ноосны урамшуулал дээр гардаг байсан зөрчлийг арилгах ажээ. Малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид урамшуулал авахын тулд орон нутагт нь арьс шир авах үндэсний үйлдвэрийн төлөөлөгчид арьс, ширээ тушаасныг нотлох баримтыг заавал хадгалж үлдэх хэрэгтэй гэнэ.
У.БОЛОР