Барак Обама Кабул хотноо Америкийн цэргүүдтэй уулзлаа.
Гэрэл зургийг: Evan Vucci / AP
Афганистанаас цэргээ гаргах Америкийн шинэ төлөвлөгөөг “булаан эзлэлтийн үргэлжлэл” хэмээн Талибанчууд нэрлэснийг нь France-Presse агентлаг мэдээлэв.
Энэхүү бүгд найрамдах улсад Америкийн цэрэг 2016 оны сүүлч хүртэл үлдэнэ гэсэн нь исламын дайчдын дургүйцлийг төрүүлж “Афганистаны газар нутагт америкийн сүүлчийн цэрэг үлдтэл жихадыг үргэлжлүүлнэ” гэж амлажээ. Өөрөөр хэлбэл цэргээ гаргана гэж буй ч 2016 оныг дуустал гэх урт хугацааг хэлсэн нь ийнхүү исламуудыг бухимдуулахад хүргэж.
Америкчууд цэргээ гаргахдаа ирэх жилд цэргийн тоог 32 мянгаас 8 мянган хүн хүртэл хорогдуулах гэнэ. Үлдсэн цэргийнхэн нь Кабулын Баграм баазад байрлах аж. Мөн Америкийн цэргийнхэн эргүүл хийхгүй, зөвхөн Элчингийн хамгаалалт болон Афганы армийн сургалтыг хариуцах гэнэ.
Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилт нь хоёр орны хооронд байгуулах Аюулгүй байдлын гэрээнээс хамааралтай бөгөөд Афганы ерөнхийлөгч Хамид Карзай уг гэрээнд гарын үсэг зурахаас эрс татгалзсан байдалтай байсан юм. Харин яг одоогийн байдлааар ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд шалгарсан хоёр нэр дэвшигч гэрээнд гарын үсгээ зурахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. 2014 оноос хойш Америкийн цэргийг Афганд үлдээх нь жилдээ 20 тэрбум долларын зарлага шаардах аж.
Ш.МЯГМАР