Бээжинд суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Эрээн хот дахь Консулын газраас Монгол руу зорчих виз хүссэн гадныханд бэрхшээл тохиолджээ. Учир нь, Элчин сайдын яам болон Консулын газрын визний программд саатал учирсан гэнэ. Монголыг зорихыг хүсч буй гадаадын иргэд дахин хэд хоног хүлээхээс аргагүйг албаныхан учирлажээ. Энэ бол зуны зугаатай өдрүүдтэй зэрэгцэн ирсэн муу мэдээ. Аялж жуулчлах өдөр сараа аль эртнээс төлөвлөдөг хүмүүсийн хувьд бүтэн жилийн ажлаа алдсанаас ялгаагүй тун тааруу мэдээ гэдгийг манайхан харин анзаарсангүй. Аялагчид ч яахав гэхэд цаг товлож болзон алба, амины чухал ажил төлөвлөсөн хүмүүсийн хувьд цаг хугацаа гэдэг эргэж ирэхгүй, юугаар ч үнэлэшгүй үнэтэй. Хэдийгээр албаныхан үгүйсгэж байгаа ч дээрх газруудын мэдээллийн программ хакер халдлагад өртсөн байж болзошгүй байгаа юм. Гэтэл яг энэ үйл явдалтай зэрэгцээд Ази Номхон далайн бүс нутгийн Кибер аюулгүй байдлын тавдугаар форум Улаанбаатар хотноо болов. Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага (APT)-тай хамтран 22 орны 35 төлөөлөгч оролцсон форумыг зохион байгуулав. Ийм л эгзэгтэй үед кибер халдлага зэрэгцэв бололтой.
Урьд өмнө нь ч манай төрийн байгууллагуудын цахим хуудасууд халдлагад өртсөн нь олон. ЦЕГ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудас “хар малгайтнууд”-ын дайрлагад орж байсан бол Украинаас ирж Монголын банкны АТМ-ийг “дээрэмдсэн” хэрэг гарч байсан билээ. Олон нийтэд мэдээлж, мэдэгдсэн нь энэ мэт хуруу дарам цөөн боловч нууж дарж үлдээсэн нь олон. “Хар малгайтнууд” гэх урилгагүй “зочид” Монголд жилд 700-800 удаа сэм айлчилж, өдөрт 5-6 сайт хакердаж байдгийг зарим эх сурвалж дурдаж байна. Монгол руу кибер довтолгоо хийгчдийн олонх нь БНХАУ, ОХУ, АНУ зэрэг цахим ертөнцийн акул орноос нэвтэрсэн байдаг ч илрүүлж, тодруулаад хариуцлага тооцсон тохиолдол нэгээхэн ч үгүй ажээ. Уг нь улс орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, нягтарваас хариуцлага тооцох боломж олон улсын төвшинд байдаг ажээ. Гэсэн ч үр дүн өнөөдөр хараахан гараагүй учир бид өөрөө өөрсдийгөө л хакерчдаас хамгаалах нэн түрүүний зорилт болоод байгаа юм. Тиймээс манай улс Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Өгөгдөл хамгаалах хуулийн төслийг боловсруулж эхэлжээ. Эдгээр хууль батлагдсанаар төр, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, компаниуд болоод хувь хүмүүсийн цахим орчин дахь цаасан болон цахим суурьтай бүхий л мэдээлэл хамгаалалтад орох юм. Хэвлэмэл бүтээгдэхүүний тухайд оюуны өмчийн хамгаалалтад орж, зохиогчийн зөвшөөрөлгүй дахин хэвлэх, иш татахыг хориглосон байдаг. Гэтэл цахим ертөнцөд тэрхүү нарийн цензур хараахан тогтож амжаагүй байна.
Манай улс 2010 онд Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр гэгчийг баталсан ч “copy & paste”-ийг хязгаарлахаас эхлээд хакераас хамгаалах хүртэлх цахим ертөнцийн харилцааг зохицуулж чадахгүй байгаа юм. Монголын хувьд цахим ертөнцтэй хамгийн ойр байх үүрэг бүхий Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар нь бодлогын баримт бичгээсээ хальж чаддаггүй. Тагнуулын ерөнхий газрын харъяа Кибер аюулгүй байдлын газар гэж тусгай статустай нэгж байдаг ч төрийн захиргааны төв байгууллага, онц чухал дэд бүтэцтэй байгууллагуудын мэдээллийг аюулд өртөхөөс сэргийлэх үүргээ ч амжилттай гүйцэтгэж амжихгүй өнөөтэй золгоод байгаа юм. Ийм нөхцөлд Монголын цахим ертөнцийг хамгаалах “Хоточ Банхар” байнга үгүйлэгдсээр байх болно.
Монголыг интернэт орчинд хамгаалах мэргэшсэн боловсон хүчин үнэхээр дутагдалтай. Үүрэн холбооны компаниуд болоод төрийн байгууллагуудад цөөн тооны мэргэжилтнүүд байгаа ч тэднийг үргэлжлүүлэн сургах, мэргэшүүлэх сургалт дутмаг байгаа ажээ. Гадаад руу ганц нэг мэргэжилтнийг илгээдэг ч хэлний боловсрол дутмагаас мэргэжилтнээ боловсруулах гэхээсээ хий дэмий хөрөнгө мөнгө үрсэн ажил болдгийг ч дурдахгүй өнгөрч боломгүй.
Монгол Улс интернэтийн хэрэгцээ, хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт орно. Цөөхөн хүн амтай ч цахим ертөнцөд нэвтрэгсдийн жин их. Энэ нь хүн амын талаас илүү хувь нь хот суурин газарт аж төрж байгаатай холбоотой. Интернэтийн хэрэглэгчид дотор хүүхэд залуус зонхилно. Гэтэл энэ орчин дахь хүүхэд хамгааллын асуудал тэр чигтээ орхигдсон байх жишээтэй. Монголын хүүхэд, залуучуудын дунд компьютерийн вирус тараахаас эхлээд хүмүүсийн мэдээллийн системийг эвдэх, тагнах хэмжээний террор үйлдчихдэг болсон. Гэтэл төрийн байгууллагууд, тэр дундаа аливаа гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх үүрэг хүлээсэн зарим нэг байгууллагын гүйцэтгэгчдийн цахим ертөнцийн мэдлэг боловсрол, интернэт орчны талаарх ойлголт тун ядмаг байгаа нь ажиглагдсаар.
Уг нь 2004 онд баталсан Цахим Монгол хөтөлбөрийн цахим засгийн мастер төлөвлөгөө гэх хэсэгт 2010 он гэхэд Монгол Улс цахим засгийн хөгжлөөрөө Азидаа эхний 10-т орно гэж заасан байдаг ажээ. Гэтэл өнөөдрийг ахисан дөхсөн зүйл тун ядмаг байна. Өнгөрсөн онд төрийн захиргааны байгууллагууд болон мэдээллийн бааз ихтэй Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын газар зэрэг газруудад эрсдлийн үнэлгээ хийсэн боловч тэрхүү үнэлгээний дүнгээ зөвхөн ҮАБЗ-д л танилцуулжээ. “Улсын нууц”-д хамааруулан нууцлаад байгаа тэрхүү эрсдлийн үнэлгээгээр “онц” дүн авсан газар байхгүй гээд таамаглачихвал нэг их зөрөхгүй л болов уу.
Д.ЦЭЭНЭ