Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Монголын сурагчдын холбоо, ДЭМБ, Нийслэлийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн цагдаагийн газраас “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан “Тамхинаас татгалзаж байна” уриан доор 1000 сурагчийн парадыг 5 дугаар сарын 30-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулахаар болсон байна.
1000 сурагчийн парад 13.30 цагаас Нийслэлийн 5 дугаар сургуулиас Их Эзэн Чингис хааны талбайр руу хөдөлснөөр эхэлж, сурагчид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Данзанравжаагийн шүлэг сонсож, тамхины эсрэг уриа хэлж, андгай өргөх аж. Мөн Чингисийн талбайд болох арга хэмжээг нээж Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн орлогч Салик Говинт, Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, Нийслэлийн цагдаагийн газрын төлөөлөл үг хэлэх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.