Тагнуулын төв газар надад мэдээлэл өгсөн

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Тагнуулын төв газар надад мэдээлэл өгсөн

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордны  Рузвельтийн танхимд  Сэтгүүлч Стив Крофтод   ярилцлага өгчээ.  Тэрбээр дэлхий нийтийн  анхаарлыг татаж байгаа Осама Бин Ладеныг устгах ажиллагааны талаар хариулт өгсөн аж.

-Таныг Ерөнхийлөгчөөр сон­гогдсоноос хойш   хамгийн онцгой долоо хоног хэзээ тохиосон бэ?
-АНУ-ын   Ерөнхийлөгчийн тан­гараг өргөсөн тэр мөчөөс  би  эх орны төлөө бүхнээ зориулах болсон.  Тийм болохоор бүхий л долоо хоног онцлог байв.  Гэхдээ Бин Ладеныг   терроризмын бэлэг тэмдэг  мөн гэдэгт   шударга  ёсыг хүсдэг олон сая  хүн итгэж байсан.  Олон  сая хүний   сэтгэлд сэв суулгаж, айдас төрүүлсэн алан хядагчийг  устгасанд  би болон АНУ-ын  ард түмэн хязгааргүй баяртай байгаа. Бид баярт мөчөө хамтдаа хуваалцсан. 

-Та ерөнхий командлагчийн хувьд   байлдааны тушаал өгөхдөө эмзэглэдэг үү?
-Яг үнэндээ  тийм.  Залуусыг  дайнд   явуулах болгондоо  сэтгэл минь шимширдэг. Улсын усан цэргийн эмнэлэг рүү очих бүртээ би тэрхүү эмзэглэлийг гүнзгий мэдэрдэг. Учир нь эх орноо хамгаалахын тулд өөрийн биеэ  зориулсан  олон хүн тэнд бий. Тэгээд ч хэн нэгнийг гэр бүлээс нь салгах ямар  аймшигтай гээч.  Энэ л хамгийн хэцүү.  Бид ертөнцийн аль нэг зүгт  цэрэг армиа илгээхдээ тухайн цэргийн ар талыг  найдвартай, баталгаатай  байлгахыг хичээдэг.  Бидний зүгээс хийж чадах зүйл бол энэ.

-Та  Бин Ладены талаарх мэ­дээг  Тагнуулын төв газраас хэзээ авсан бэ?
-Тэд надад мэдээ өгөхдөө ямар нэгэн  шийдвэр гаргахыг минь хүлээж байсан.  Би АНУ-ын Ерөнхийлөгч болсон цагаасаа  хойш  “Хэрвээ надад Осама Бин Ладеныг буудах боломж гарвал түүнийг эргэлзэх зүйлгүй  устгах  болно” гэсэн нэг л бодолтой тээж ирсэн.  Мэдээж, энэ бодол  намайг ямар ч эргэлзээгүй болгосон байлаа.  Гэхдээ “Миний шийдвэрийг  Пакистаны тал хэрхэн хүлээж авах бол” гэдэг  бодол намайг айлгаж байсан шүү.  Бин Ладеныг устгачихлаа гэхэд Пакистаны зүгээс надад хаяглах элдэв дарамтыг бодолцох хэрэгтэй байсан.  Эцэст нь  Тагнуулын төв газрын дарга Леон Паннетаг өрөөндөө дуудаж “Бид ажиллагааг явуулахдаа нарийн төлөвлөх хэрэгтэй. Нэг ч  зүйлийг орхиж болохгүй. Илүү их мэдээлэл цуглуулж, анхаарлаа сайн төвлөрүүлж, өндөр түвшинд зохион байгуулах хэрэгтэй” гэсэн.  Леон бол 2001 оноос  энэ хэрэг дээр дагнан ажиллаж байгаа туршлагатай хүн.   Гэхдээ   Осама Бин Ладеныг тэрхүү байшинд байгааг зураг  байхгүй ч  сүүлийн хэдэн сар тасралтгүй сайн ажигласны дүнд  дайралт хийх эцсийн  шийдвэрээ гаргасан юм.

-Гэхдээ эцсийн шийдвэрийг хэзээ гаргасан гэж?
-Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас Тагнуулын төв газар надад тодорхой мэдээлэл өгч байсан юм. Би тэдэнд хугацаа өгсөн л дөө.  Харин саяхан “Одоо л довтлоход тохиромжтой” гэхэд нь эцсийн шийдвэр гаргасан.

-Та ажиллагаанд  хэр идэвхтэй оролцсон бэ?
-Ерөнхийлөгч болсон хуга­цаандаа  хамгийн их идэвх гаргасан ажлуудын маань нэг нь энэ. Харин нарийн төлөвлөгөө гаргахад орол­цоогүй. АНУ-ын  тусгай албаныхан   дэлхийн хамгийн сайн тусгай алба  гэдгийг би хаана ч хэлнэ. 

-Пакистанд цэргийн  ажил­лагаа явуулсны дараа үеэр энэхүү мэдээллийг дуулгахад та гайхаж байсан уу?
-Гайхаагүй ээ. Яагаад гэвэл, Тагнуулын төв газар “Аль-Кайда” бүлэглэл хэзээ хаана ямар ажиллагаа явуулах талаар мэдээлэлтэй сайтай байсан. Тэгээд ч   сүүлийн хэдэн сар  ямар  ч сэжиг авахуулахгүйгээр тэднийг мөрдөж байлаа.   Энэ л  бидний давуу тал болж чадсан. Харин  бид  Осама Бин Ладеныг  5-6   жил мөрдөхдөө   алан хядах ажиллагааг хэрхэн зохион байгуулдгийг нь мэдээд үнэхээр гайхсан шүү. 

-Үхэл өөрт нь ийм ойрхон байсныг тэр лав төсөөлөөгүй байх. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Тийм ээ, тэр өөрийгөө  үхэлд ойрхон байгаа гэдгээ мэдээгүй л байх. Гэхдээ зөвхөн шударга  ёс ялан дийлдэг гэдгийг бурхан харууллаа.  Харин Бин Ладен өөрийгөө олны дунд жирийн айлын дүр төрхөөр далдлахыг хичээсэн нь түүнийг улам ил тод болгож өгсөн  юм. 

-Тэнд хэр удаан амьдарсан бол?

-Дор хаяж таван жил байсан гэсэн баримт бий. Бидний мэдэж байгаагаар шүү дээ.

-Тав аа?
-Тийм ээ.

-Гадагш гарч байсан болов уу?
-Энэ талаар бид хараахан мэдэж амжаагүй. Газар доогуур гарцгүй л бол сүүлийн 5-6 жил тэнд байсан нь тогтоогдсон.

-Осама Бин Ладен руу дайрах  шийдвэр гаргахад хэцүү байсан биз. Гэхдээ юу нь илүү хэцүү санагдаж байсан бэ?
-Цэрэг эрсээ  хөдөлгөх  тушаал өгөх тэр мөч. Эрүүл саруул  цэргүүд маань тахир дутуу болчихсон  цэргийн эмнэлгийн орон дээр хэвтэж байгааг харахыг би хүсдэггүй.  Тийм эрсдлээс тойрч гарах  шийдвэр гаргах л хамгийн хэцүү. Гэхдээ  шийдвэр бол шийдвэр. Залуус маань харанхуй шөнө дайралтад ороод хэн нэгнийг олох эсэх нь эргэлзээтэй.   Магадгүй Осама Бин Ладен биш ч юм билүү, хэн мэдлээ. Тийм биз дээ. Энэ бол зоригт эрсийн оролцсон ажиллагааны үр дүн гэж  ойлгож байгаа. Хаалганы ард бөмбөг байсан бол яах вэ.  Тэгсэн бол бүх зүйл амжилтгүй болж,  залуусаа алдах байсан. Энэ бол амаргүй ажил байлаа. Гэхдээ америкчууд чадсан. Үүнийг л ойлгох хэрэгтэй.

-Ажиллагаанд оролцсон нэ­гэн цэрэг бусадтайгаа санал зөрөлдсөн гэсэн. Энэ үнэн болов уу?
-Энэ бол багийн ажил.   Хүн болгон л өөр, өөр санаа бодолтой. Тэдний нэг нь бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. Үүнд  гайхах  зүйл  байхгүй.

-Та нэгэн бүтэлгүй ажилла­гааны талаар ямар бодолтой байдаг бол.  Иракт барьцаалагдсан хүмүүсийг аврах гээд танайхан бүтэлгүйтсэн талаар асууж байна л даа?
-Би л энэ талаар таныг асууж эхлэхэд бодож байлаа.

-Гэхдээ та юу гэж тайлбарлах вэ?
-Та “Хар Харцагын уналт”-ыг санаж байна уу. Тэгэхэд иранчуудыг аврах гэж байсан гэж бодож байна уу. Би өмнөх Ерөнхийлөгч нарын хийсэн ажлыг   сөхмөөргүй байна.

-Таныг сонсоод байхад та хэ­зээ ч алдаа гаргахыг хүлээн зөв­шөөрөхгүй нэгэн бололтой?

-Тийм ээ.

-Та дайралт хийх шийдвэр гаргасныхаа дараа шууд Алабама мужид болсон хар шуурганд нэр­вэгдэгсэдтэй уулзаж яваа харагдсан.
-Тийм ээ. Тэгсэн
-Гэр бүлийн хүнтэйгээ хамт зарим хүнтэй хооллосон. Габбитай…

-Ямар Габби ?

-… Гиффорд

-Аан, Гиффорд уу,  тийм тийм.

-Гэвч Цагаан ордонд хүлээн авалтад оролцож байх үед чинь гэнэт дуудаад аваад явчихсан.  Тэр дуудлага ажиллагааг эхлүүлэх шийдвэр байсан уу?
-Тийм ээ. Та яасан сайн мэдэж байна аа.? Эсвэл таагаад байна уу.

-“Ажиллагаа амжилттай” гэ­сэн мэдээг сонсоод хамгийн түрүүнд юу мэдэрсэн бэ?
-“АНУ-ын ард түмэн хичнээн баярлах бол” гэж бодсон.  Бидний уй гашуу, гутрал гунигийг энэ ажиллагаа цайруулж өглөө.  Ес­дүгээр сарын 11-нд  олон мянган ээж,  аав, үр хүүхэд, амраг хань өнчирч хоцорсон. Тэдний  сэтгэлийн шарх  нимгэрсэн байх.  Бүр арилсан ч байх. 

-Та Осама Бин Ладены зургийг харсан уу.  Түүний царай аймшигтай байсан уу?
-Бид түүний биеийн зарим хэсэгт авсан генийн судалгаа хийж байгаа. Мэдээж түүнийг мөн, биш гэдгийг нотлохын тулд шүү дээ.

-Түүний зургийг олон нийтэд харуулсан нь  дээр биш үү?

-Улсын нууцтай холбоотой асуудал учир нийтэд задлахгүй байх.  Та төсөөлөөд үз дээ. Бидний үр хүүхэд түүний зургийг хараад сууж байх хэрэг үү. Бодоход  аймшигтай байгаа биз.

-Тэр  алагдлаа гэхэд  “Аль-Кайда” бүлэглэл устаагүй гэдгийг санаж байгаа байх. Цаашид яах бодолтой байна?
-Энэ дэлхий дээр Осама Бин Ладен шиг хэдэн хүн гарч ирнэ, тэр болгоныг  үхэл хүлээж байгаа.  Дараагийн удирдагч гэж  хэн нэгэн  өөрийгөө цоллохгүй байгаасай билээ.

Б.БААТАР


Зохиогчийн эрх:

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж