Фото: AP Photo/Amr Nabil
Египетийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт лхагва гаригт гурав дахь өдрөө үргэлжлэв.
Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын оролцоо маш муу байгаа тул мягмар гаригийг амралт өдөр болгон зарлалаа. Гэсэн ч ирц хангалтгүй байсан тул дахин лхагва гаригт сонгуулийн санал хураалтыг үргэлжлүүлэв.
"Сонгуулийн санал хураалтыг гурав дахь өдрөө сунгаж байна” гэж Сонгуулийн хорооны гишүүн Абдельваххаб Абдельраззак хэлснээс иш татан "Аль-Ахрам" портал энэ талаар мэдээлжээ. Эхний хоёр өдөр сонгогчдын оролцоо хангалттай хэмжээнд хүрээгүй тул тус улсын Сонгуулийн хороо ийм шийдвэр гаргасан бололтой. Гэтэл сонгуульд өрсөлдөгч хоёр нэр дэвшигчийн штаб СЕХ-ны энэ шийдэрт албан ёсоор эсэргүүцэл илэрхийлсэн байна. Энэ удаагийн сонгуульд Египетийн армийн экс дарга Абдул Фаттах аль-Сиси, улстөрч, сэтгүүлч мэргэжилтэй Хамдеен Сабахи нар өрсөлдөж байгаа юм.
Египетийн өмнөх ерөнхийлөгч нарын тухай мэдээллийг хүргэж байна.
Египетийн долоо дахь ерөнхийлөгч Адли Мансур
Фото: ИТАР-ТАСС/ЕРА/KHALED ELFIQI
Мухаммед Нагиб
Египетийн анхны ерөнхийлөгч нь Мохаммед Нагиб (Mohammed Nagib) байсан ба тэрээр 1953 оны зургадугаар сарын 18-наас 1954 оны арваннэгдүгээр сарын 14 хүртэл дээд алба хашжээ.
Нагиб 1901 оны хоёрдугаар сарын 20-нд төржээ. Тэрээр Египетийн армийн академи болон цэргийн Жанжин штабын коллеж төгссөн аж. Нагиб 1948-49 онд Араб-Израилийн дайнд оролцож байжээ. Тэрээр хилийн цэргийг удирдаж байхдаа “Чөлөөт офицерүүд” гэх нууц байгууллагад 1949 онд элссэн байна. Энэ байгууллагынхан 1952 оны долдугаар сарын 23-нд цэргийн эргэлт хийж, Нагибийн толгойлсон Хувьсгалт командлалын зөвлөл засгийн удирдлагыг авсан байна. 1953 оны зургадугаар сард Египет хаант засгийг халсны дараа тэр улсынхаа ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. 1954 оны арваннэгдүгээр сарын 14-нд Гамаль Абдель Насер түүнийг төрийн тэргүүнээс зайлуулжээ. Тэд Нагибийг дарангуйлагчийн амбицтай гэж буруутгасан юм. Ингээд Нагиб 1973 он хүртэл гэрийн хорионд байсан бөгөөд 1984 онд нас баржээ.
Гамаль Абдель Насер
Хоёр дахь ерөнхийлөгч Гамаль Абдель Насер (Gamal Abdel Nasser) төрийн тэргүүнээр 1954 оны арваннэгдүгээр сарын 14-нөөс 1970 оны есдүгээр сарын 28 хүртэл ажиллажээ. Тэрээр 1918 оны нэгдүгээр сарын 15-нд төржээ. Цэргийн дунд сургууль ба Жанжин штабын коллежийг төгссөн байв. Араб-Израилийн 1948-49 онуудын дайнд оролцжээ. Насер 1949 онд “Чөлөөт офицерүүд” хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан байлаа. Нагибийн үед ерөнхий сайдын орлогч, Дотоод хэргийн яамны сайдаар ажиллав. Ерөнхийлөгч Нагибыг авч хаяхад чухал үүрэгтэй байлаа.
Хувьсгалт командлалын зөвлөлийг толгойлон ерөнхийлөгчийн үүргийг өвсан юм. 1956 оны долдугаар сарын 26-нд ерөнхийлөгчөөр албан ёсоор сонгогдсон байлаа. Насер нэн түрүүнд газар тариалангийн шинэчлэл хийн олон сая тариачдад газар олгосон байна. Тэрээр Суэцийн сувгийг нийгэмчлэх шийдвэр гарган британи, франц, изралийн армийг нэвтрүүлсэн дайныг өдөөжээ. Синайн хойгийн зэвсэгт сөргөлдөөн (1956-57 онуудад.) барууны гүрнийг нэгтгэсэн учир тэрээр Зөвлөлттэй ойртож эхэлсэн ба панрабизмын үзлийг гаргажээ. Египет, Сирийн холбооны нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр түүнийг 1958 оны хоёрдугаар сарын 28-нд сонгосони байлаа. Зүрхний шигдээсээр 1970 оны есдүгээр сарын 28-нд зуурдаар нас баржээ.
Мохаммед Анвар Садат
Мохаммед Анвар Садат (Mohammed Anwar El Sadat) төрийн тэргүүний тушаалыг 1970 оны есдүгээр сарын 28-наас 1981 оны аравдугаар сарын 6 хүртэл хашсан гурав дахь ерөнхийлөгч нь юм. 1918 оны арванхоёрдугаар сарын 28-нд төрсөн тэрээр Каир хотын цэргийн коллежийг дүүргэжээ. Насерийн үед дэд ерөнхийлөгч байгаад нас барсных нь дараа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болсон байна. Аравдугаар сарын 15-ны бүх нийтийн санал асуулгаар 1970 оны аравдугаар сарын 17-ноос Египетийн ерөнхийлөгч боллоо. Засаг авсны дараа тэрээр Баруунтай ойртох чиглэл барин Зөвлөлтийн цэргийн сургагчдыг нутаг буцаав. Каир Найрамдал хамтын ажиллагааны Зөвлөлтэй байгуулсан гэрээг 1977 онд цуцлан Александрия, Порт-Саид, Асуан хотуудад Зөвлөлтийн консулын газруудыг хаажээ. Эрлэгийн өдөр гэх араб-Израилийн дайнд (6-24.10. 1973) ялагдсаны Израильтай хэлэлцээрт орон 1979 оны гуравдугаар сарын 29-нд энхий гэрээ байгуулсныхаа төлөө Израилийн ерөнхий сайд Менахем Бегины хамт Нобелийн энх тайвны шагнал авч байлаа. Израильтай энхийн гэрээ байгууллаа гээд арабын орнууд Египетэд бойкот зарлан тус улсыг Арабын лигээс 10 жилийн турш хөөсөн байлаа. Цэргийн парадын үеэр түүнийг исламынхан 1981 оны аравдугаар сарын 6-нд буудан хөнөөжээ.
Суфи Хасан Абу Талеб
Үндсэн хуулийн дагуу Садатыг алагдсаны дараа 1981 оны аравдугаар сарын 6-наас 13 хүртэл долоо хоногийн хугацаанд ерөнхийлөгчийн үүргийг Египетийн парламентын дарга Суфи Хасан Абу Талеб (1925-2008) хавсран гүйцэтгэж байлаа.
Хосни Мубарак
Египетийн албан ёсны дөрөв дэх ерөнхийлөгч буюу Суфи Хасан Абу Талебын дараах тав дахь нь болох Мохаммед Хосни Мубарак (Mohammed Hosni Mubarak) 1981 оны аравдугаар сарын 13-наас 2011 оны хоёрдугаар сарын 11 хүртэл төрийн тэргүүнээр ажиллаж байлаа.
Инфографик: Египетийн ерөнхийлөгч нар
Египетийн бүгд найрамдах улс оршин тогтнож байгаа 61 жилийн хугацаанд тус орны ерөнхийлөгчөөр долоон хүн ажиллажээ. Эх сурвалж: ИТАР-ТАСС
Хосни Мубарак 1928 оны тавдугаар сарын 4-нд төрсөн ба Зөвлөлтийн Фрунзе хотод (өнөөгийн Киргизийн нийслэл) нисэхийн дунд сургууль, Москвад М.В.Фрунзийн Цэргийн академийг дүүргэжээ. 1972-75 онуудад Нисэх хүчний командлагч, 1975-1981 онуудад дэд ерөнхийлөгч байлаа. Садат хөнөөгдсөний дараа 1981 оны аравдугаар сарын 13-нд төрийн тэргүүн болов. Төрийн тэргүүнээр түүнийг бүх нийтийн санал асуулга сонгосон байлаа. Албаа аваад тэрээр эдийн засгийг либерчлах хандлагыг барьж, сөрөг хүчний хоригдлуудыг шоронгоос чөлөөлсөн байв. Мубарак Египетийг олон улсын тавцанд бэхжүүлж өгчээ. Арабын бүх орнуудтай дипломат харилцаагаа сэргээсэн байв. 1989 онд Египетийн дахин Арабын лигийн гишүүн болголоо. Улс төрийн либерчлалыг эхлүүлж, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулан намуудын нэр дэвшигчдийг ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг 2005 онд зөвшөөрүүлсэн байв. “Нэгдүгээр сарын 25-ны хувьсгал”-тай холбоотойгоор өөрийн бүрэн эрхийг фельдмаршал Мохаммед Хусейн Тантауигийн толгойлсон Зэвсэгт хүчний дээд зөвлөлд шилжүүлээд тушаалаасаа огцорчээ. 2011 оны дөрөвдүгээр сарын 13-наас хорионд гол төлөв цэргийн эмнэлэгт байлаа. Хэд хэдэн эрүүгийн хэргийг тулгасан юм. 2014 оны тавдугаар сарын 21-нд түүнийг гурван жил хорих мөн 21 сая египетийн фунтаар торгосон шүүхийн шийдвэр гарчээ. 2011 оны хувьсгалаар жагсагчдыг буудсан хэргийн мөрдөн байцаалт нь үргэлжилж байгаа. Тэр ялаар Мубарак 2012 онд бүх насаар хоригдох ял авсан ч даван заалдах дээд шүүх тэр ялыг нь цуцалжээ.
Мохаммед Мурси
Мохаммед Мурси (Mohammed Morsi) бүх нийтийн сонгуулиар Египетийн тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон байлаа. Дээд тушаалд тэрээр 2012 оны зургадугаар сарын 30-наас 2013 оны долдугаар сарын 3 хүртэл байлаа.
Тэр 1951 онд төрсөн ба Каир хотын их сургуулийн инженерийн факультетыг дүүргэжээ. Оюутан байхдаа “Мусульман ахан дүүс” бүлэгт элсэн байна. Дараа нь АНУ-ын Калифорнийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Америкийн Сансар судлалын NASA агентлагт сансрын аппаратын хөдөлгүүр бүтээх чиглэлээр ажиллаж байлаа. Тэрээр 2000-2005 онуудад бие даасан депутат байлаа. 2010 онд “Мусульман ахан дүүс” байгууллагын удирдлагын бүрэлдэхүүнд оров. 2011 оны хувьсгалд ипэвхтэй оролцсон байгаа баривчлагдсан байна. Удалгүй түүнийг суллажээ. 2011 оны дөрөвдүгээр сараас 2012 оны зургадугаар сар хүртэл “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний улс төрийн жигүүр болох Эрх чөлөө, шударга ёсны намыг толгойлж ирэв.
Тэр жилийнхээ зургадугаар сард зургадугаар сард сонгогчдын 51,73% санал авч ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Үүний дараа нам, хөдөлгөөнөөсөө түтгэлзэн төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэх болсон ба тус орныг исламжуулахаар ажиллажээ. Тэр бүгд нь Египетэд дахин эсэргүүцэл гарган арми засгаас түүнийг 2013 оны долдугаар сарын 3-нд зайлуулан баривчилсан юм. Одоо түүнд шүүх засаглалыг хүндэтгэн үзээгүй, шүүхэд шахалт дарамт үзүүлсэн, олон нийтийн санаа бодлоор тоглосон, тагнуул хийсэн гэх мэтийн ял сонсгосон ба түүний ганц ч хэрэг нь дуусаагүй байгаа.
Адли Мансур
Египтийн зургаа дахь ерөнхийлөгч Адли Мансурыг (Adly Mansour) арми 2013 оны долдугаар сарын 3-нд томилон түр ерөнхийлөгчийн тангарагийг дараагийн өдөр нь өргүүлжээ.
Мансур 1945 оны арванхоёрдугаар сарын 23-нд төржээ. Каир хотын их сургуулийн хуулийн ангийг төгссөн ба дараа нь Францад Захиргааны үндэсний сургуульд нь сурчээ. Египетийн Засаг захиргааны дээд шүүхэд ажиллав. 1992 оноос Үндсэн хуулийн цэцийн шүүгч, орлогч дарга хийж байгаад 2013 оны долдугаар сарын 1-нд Цэцийн даргаар сонгогдлоо. 2013 оны долдугаар сарын 4-нд тэр эхлээд Үндсэн хуулийн цэцийн дарга дараа нь түр ерөнхийлөгчийн тангараг өргөжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР