"Би мөрөөдлийнхөө эхний хэсгийг биелүүлэх гэж байна"

Хуучирсан мэдээ: 2014.05.29-нд нийтлэгдсэн

"Би мөрөөдлийнхөө эхний хэсгийг биелүүлэх гэж байна"

"Би мөрөөдлийнхөө эхний хэсгийг биелүүлэх гэж байна"

Одоогоос жилийн өмнө “Залуу дугуйчин” клубийн тамирчин Ч.Мөнгөндалай хэмээх залуутай танилцаж байлаа. Тэрээр сонсголын бэрхшээлтэй. Хар багаасаа л бусадтай дохио зангаагаар ярилцаж ирсэн түүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлэхгүй. Яагаад гэвэл Ч.Мөнгөндалай зарим нэг эрүүл саруул хүнээс дээр сэтгэж, тэднээс илүү амьдарч явна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр бусдыг царайчилж, бэлэнчилж амьдардаг гэвэл үгүй юм байна. Яг ийм үлгэр жишээг үзүүлдэг Ч.Мөнгөндалайнууд өнөөгийн нийгэмд бишгүй олон бий. Харамсалтай нь, тэднийг ойлгохоосоо ойлгохгүй нь их аж. Дугуйн спортод зүрх сэтгэлээ өгсөн энэ залуу тун удахгүй Монгол орны баруун хязгаараар дугуйгаар аялах гэж байна. Түүний их аялал нь 5500 км үргэлжилнэ. Ингээд аялагч залуутай ярилцсанаа хүргэе.

-Юун түрүүнд аяллынхаа тухай товчхон мэдээлэл өгөх үү?

-Би хоёр жилийн өмнөөс өөрийнхөө хүссэн газартаа дугуйгаар аялж эхэлсэн. Яг тэр үеэс дугуйгаа унаад Монгол орноо тойрон юмсан гэж бодох болсон. Харин энэ удаа хараахан бүтэн тойрч чадахгүй нь. Бүтэн тойрохын тулд багагүй хугацаа хэрэгтэй. Бас удаан хугацааны бэлтгэл хийх шаардлага бий болно. Тиймээс эхний удаад баруун аймгаар аялахаар шийдсэн юм. Гэхдээ би дугуйгаар эх орноо тойрох хүсэл мөрөөдлөө орхихгүй.

-Яагаад заавал баруун аймаг гэж?

-Монгол орны хамгийн үзэсгэлэнтэй газар нь баруун аймагт байдаг. Аялах шийдвэрээ гаргасны дараа багагүй хугацаанд судалгаа хийсэн. Тэгээд ямар ч байсан зөв сонголт хийжээ гэж өөртөө хэлсэн юм. Би ярьж чадахгүй. Хүний хэлснийг сонсохгүй. Тэгэхээр хоёр нүднийхээ тусламжтайгаар ертөнцийн тэр тусмаа Монгол орныхоо сайхныг харахыг хүссэн. Үүнийг хийхийн тулд би юунаас ч айхгүй.

-Урт хугацааны аялалд гарахын тулд багагүй мөнгө хэрэгтэй. Санхүүгээ яаж зохицуулах вэ?

-Жаахан мөнгө хэрэгтэй л байгаа. Гэхдээ сайхан сэтгэлтэй олон хүний тус дэмээр болгоно доо. Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумынх. Манай сумын Засаг дарга С.Энхтайван ах надад тусалж 100 төгрөг хандивласан. Тэр надад туслахыг сумынхаа хүмүүст уриаллаа. Би энэ сэтгэлд нь маш их баярлаж байгаа. Мөн дугуйчин америк найз 100 мянган төгрөг хандивлалаа. www.News.mn сайтад гарсан миний ярилцлагыг уншсан гээд “Compass” аяллын дэлгүүрээс хоёр хүний майхан бэлэглэсэн. Би эхлээд гайхсан. Дараа нь маш их баярласан. Бас манай дугуйн клубээс үнэтэй дугуй бэлэглэв. Би өмнө нь дугуйгаа хулгайд алдаад харамсч байтал дугуйчин нөхөд маань надад маш том урам хайрласан. “Атилла” клубээс шаардлагатай сэлбэг хэрэгсэл өгнө гэсэн байгаа. Энэ бүх сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар аялах эрч хүч дүүрэн байна даа. www.News.mn сайтын Б.Бадамгарав миний аяллыг чин сэтгэлээсээ дэмжиж, найз нөхдөө уриалсан. Тиймээс Монголын спортын сэтгүүлчдийн холбоо болон олон хүн надад тусалж байна.

-Ганцаараа аялана гээд байгаа. Хэн нэгэнтэй хамтрахгүй юм уу?

-Ганцаараа явна. Хүсэл мөрөөдөл байхад юу ч надад саад болохгүй. Би мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлэх гэж байна шүү дээ.

-Та аяллаа ямар хугацаанд дуусгах юм бэ?

-Тодорхой хугацаа байхгүй. Ирэх сарын 7-нд автомашингүй өдөр тохиож байна. Тиймээс тэр өдрийг сонгож гараагаа эхлүүлэхээр болсон. Харин хэзээ эргэж ирэх нь тодорхойгүй. Өөрийн тааваараа явахыг хүссэн хэрэг. Хүссэн газраа унтаж амраад, тэгээд л аяллаа үргэлжлүүлнэ дээ.

-Аяллын хугацаанд багагүй саад бэрхшээл тулгарах байх даа?

-Би айхгүй. Ганцаараа туулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Замаа дагаад л яваад байна даа. Ер нь бол хонох газартаа айлын хаяа бараадана гэсэн бодолтой яваа. Тэгэхээр гайгүй байх. Зорилго, мөрөөдлөө биелүүлэхийн тулд саад бэрхшээлийг давах л болно шүү дээ. Тэр бүхнээс ухарч няцаад байвал би хэзээ ч энэ аяллыг хийж чадахгүй.

-Ингэхэд дугуйнаас өөр ямар ажил хийдэг вэ?

-Би барилгын коллежийг цахилгаанчин мэргэжлээр төгссөн. Одоо сургуульдаа мэргэжлээрээ ажилладаг. Манай сургуулийн нэр Политехникийн коллеж болж өөрчлөгдсөн.

-Тэгвэл олон сараар ажлаа орхиж явах нь. Үүнийг яаж зохицуулав?

-Эхэндээ манай сургуулийн удирдлагууд дургүйцсэн. Надад зөвшөөрөл өгөөгүй. Харин сүүлд миний аяллын тухай мэдээд уриалгахан дэмжиж эхэлсэн. Тиймээс ажлаасаа чөлөө авч чадсан байгаа.

-Дугуйгаас өөр юу сонирхдог вэ?

-Юу ч сонирхдоггүй. Дугуйтайгаа л нөхөрлөж байна.

Бидний яриа ийн өндөрлөлөө. Ярилцлагын дараа түүнийг таньж, мэддэг хэд хэдэн хүнтэй уулзаж үзсэн. Аяллыг нь чин сэтгэлээсээ дэмжиж байгаа бас дотроо айдастай буйгаа нуусангүй. Ер нь Ч.Мөнгөндалай хэлж, амласнаа заавал ажил хэрэг болгодог зантайг ойр дотных нь нөхөд хуучлав. Бас нийгмийн идэвхтэй. Олон нийтийг хамарсан арга хэмжээнд хамгийн идэвхтэй оролцдог нэгэн аж. Тэр энэ зангаараа дүү нартаа сайн үлгэр дууриал үзүүлж яваа юм байна. Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг. Өөрөө сайхан сэтгэлтэй, тусч болохоор хүн бүр түүнд чин сэтгэлээсээ хандахыг хүсдэг бололтой. Ч.Мөнгөндалай олон хүн хүрээлдэг учраас тэр хэзээ ч ганцаардлаас айж байгаагүй гэсэн. Ямар ч байсан аялагч залууг зорилгоо биелүүлээд ирэхэд нь дахин уулзана гэдэгтэй итгэлтэй байна. Дугуйчин, аялагчийн алтан шар зам өлзийтэй байх болтугай.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж