АН, МАН-ынхан өчигдөр Засгийн газрын сайдуудтай холбоотой асуудлыг тус тусын бүлгийн хурлаар хэлэлцэж, МАН нэг сайдыг огцруулах бичиг өргөн барихаар болсон бол АН Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудалд залрах шинэ хүний талаар ярилцаж, тохирлоо.
МАН-ын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж, Засгийн газрын гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох асуудлыг УИХ-д өргөн барихаар болов. Харин АН-ын Гүйцэтгэх зөвлөл УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг “Давхар дээл”-тэй болгохоор санал нэгджээ. Эдийн засаг хүндэрсэн, валютын ханш өссөн, төгрөгийн сулрал үүссэн гээд Засгийн газрыг муутгах шалтгаан олон бий. МАН-ын бүлгийн зүгээс эл шүүмжлэлийг удаа дараа тавьж, хариуцлагагүй ажиллаж байгаа сайд, албан тушаалтнууддаа хариуцлага тооцох 10 хоногийн хугацаа Ерөнхий сайд Н.Алтанхуягт өгөөд байсан нь дуусгавар болжээ. Нэгэнт Ерөнхий сайд Н.Алтанхуяг сайд нартаа хариуцлага тооцох талаар ямар нэгэн хариулт өгөөгүй тул МАН-ынхан өөрсдөө хөдөлж, Н.Батбаяр сайдаар “туг тахих”-аар хөдөлж эхэллээ. Өөрөөр хэлбэл, өчигдөр ээлжит бусаар хуралдсан МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох асуудлыг өнөөдөр УИХ-д өргөн барихаар болжээ. Эдийн засгийн хөгжлийн яам бондын мөнгөөр хангалттай “тоглосон” гэж МАН-ын бүлэг үзэж байгаа учраас Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг ийн босгож ирж байгаа аж.
Удаан хугацаанд сайдгүй байсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /ҮХААЯ/ сайдтай болох асуудлыг өчигдөр АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, шийдвэрээ гаргав. “УИХ-ын гишүүн, сайдын үүргийг хамтад нь үүрэхгүй” хэмээн “давхар дээл”-ээ тайлсан Х.Баттулга сайдын оронд хэнийг томилох тухай асуудал АН дотор багагүй маргаан дагуулсан. ҮХАА-н дараагийн сайдад өрсөлдөгчид олон байв. Тухайлбал, Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Нийгмийн хамгааллын дэд сайд асан Д.Нямхүү, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр нарын нэр энэ өрсөлдөөнд яригдаж байсан юм. Харин АН-ын Гүйцэтгэх зөвлөл ҮХАА-н сайдаар МоАХ-ны хүнийг томилно гэсэн байр суурь барьж, Ш.Түвдэндорж гишүүнийг дараагийн сайд болох ёстой хүн гэж үзжээ. Одоо Гүйцэтгэх зөвлөл өчигдөр гаргасан энэ шийдвэрээ УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулах учиртай. АН-ын бүлгийн гишүүдийн олонхи шийдвэрийг дэмжвэл УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар асуудлыг хэлэлцүүлэн, Ш.Түвдэндорж гишүүнийг “давхар дээл”-тэй сайд болгох эсэхийг шийдвэрлэх юм. УИХ-ын гишүүнээс гадна Хууль зүйн байнгын хорооны даргын үүрэг гүйцэтгэдэг Ш.Түвдэндорж гишүүн хэрэв сайд болох юм бол байнгын хорооны даргын ажлаа өгөх учиртай.
Хэдийгээр олон нийтийн зүгээс АН-ынхныг салбараа мэддэг, “давхар дээл”-гүй хүнд ҮХАА-н сайдын үүрэг хүлээлгэнэ гэсэн хүлээлттэй байсан ч ийнхүү Ерөнхий сайдын санал болгосноор Ш.Түвдэндоржийг Гүйцэтгэх зөвлөл нь дэмжлээ. Харин одоо АН-ын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар Ш.Түвдэндоржийг томилох уу эсвэл өөр сонголт хийх үү гэдэг асуудлыг шийднэ.
Ийнхүү Засгийн газрын нэг сайдыг огцруулж, нөгөөд нь “давхар дээл”-тэй сайд томилох уу гэдэг асуудал ойрын өдрүүдийн улс төрийн халуун сэдэв байх бололтой.
Ш.ОЧ