Бэлчээрийг малчдад эзэмшүүлж, өвөлжөө, хаваржааг нь өмчлүүлэх асуудал хэдэнтээ сөхөгдөж ирсэн. Малчдын хувьд өвөлжөө, хаваржааны газраа өмчилж авах сонирхолтой ч бэлчээрийг нийтийн эзэмшил хэлбэрээр үнэгүйгээр ашиглах уу, эсвэл тодорхой хэмжээний төлбөр төлөх үү гэдэг асуудал шийдэгдэлгүй өнөөг хүрсэн.
Тэгвэл энэ асуудлыг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо Газрын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд “Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал” сэдвийн дор маргааш 09.00 цагт Төрийн ордны “Б” танхимд хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Үйлдвэр, хөдөө аж ахуй яамны мэргэжилтнүүд болон эрдэмтэн, судлаачид, малчдын төлөөлөл оролцох юм байна. Түүнчлэн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын Багшийн Их сургуулийн доктор, профессор Хайшаан оролцохоор болжээ.
Г.ДАРЬ