УИХ дахь Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах тухай, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулах агуулга бүхий Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийлээ.
УИХ, Засгийн газраас импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих тухай тогтоол, хөтөлбөрүүд батласан байдаг бөгөөд энэ хүрээнд бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэрийн компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэмжилт, тохируулга, угсралтын болон суурилуулах тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх зайлшгүй шаардлагатай байгаа тул хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортлож байгаа тоног төхөөрөмжийн татварыг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулах төсөл боловсруулагдсан аж.
Энэ хууль батлагдсанаар аливаа бүтээн байгуулалт, барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд, хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, техник тоног төхөөрөмжөөс хамаарсан саатал доголдол гарахаас сэргийлэх, мөн бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлын 15.5 хувийг хэмнэх боломжтой гэдгийг ажлын хэсгийн дүгнэлтэндээ дурдсан байна. Өнөөдрийн байнгын хорооны хуралдааны үеэр уг хуулийн зүйл заалтыг хэрхэн томъёолох талаар ярилцсан бөгөөд “хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийг татвараас чөлөөлөх” гэдгийг заавал хөрөнгө оруулалтын гэрээ гэлгүйгээр 500 тэрбумээс төгрөгийн хөрөнгө оруулсан бол бүтээн байгуулалтын ажилд шаардагдах, импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулах гэж өөрчлөх санал дэмжигдсэн юм. Ийнхүү тоо зааж өөрчилж буйг нь гишүүн Р.Амаржаргал эсэргүүцэж буйгаа илэрхийлэн “500 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийсэн гэсэн нь ялгаварлан гадуурхалт болчих юм биш үү” гэсэн байна. Мөн өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр болсон байна.
Б.ЭНХ