Хөрөнгө оруулагчдын итгэл гэрээний насаар хэмжигдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдын итгэл гэрээний насаар хэмжигдэнэ

Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл Оюутолгойн гэрээний насаар хэмжигдэнэ

УИХ-ын нэр бүхий гишүүд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг спикерт өргөн барьсан. Энэ асуудлыг хуулийн дагуу ажлын 14 хоногт багтаан шийдэх учиртай. Гэхдээ Д.Зоригт сайдыг огц­руулах үндэслэл гэгчийн гол агуулгыг  Оюутолгойн гэ­рээтэй холбоотой асуудал эзэлдэг. Уг нь энэ гэрээг  бай­гуулах үндсэн баримт бичиг буюу УИХ-ын 57 дугаар тогтоолыг эрхэм гишүүд хэлэлцэж баталсан. Үүнийгээ “Жигтэйхэн ач холбогдолтой аугаа шийдвэр гаргачихлаа. Хамтарсан Засгийн газрыг чинь ерөөсөө ингэх гэж л бай­гуулсан юм” гэж ярьцгааж байсан. Харин өнөөдөр тэдний зарим нь ямархан тогтоол баталснаа мартсан, эсвэл тоо баримтыг нь хараагүй нүдээ анин баталсан мэтээр асуудалд хандаж буйг бид харж байна.

Хэрэв УИХ-ын гишүүд улс орны ирээдүйтэй холбоотой амин чухал тогтоолыг бат­лахдаа хариуц­лагагүй ханд­сан бол алдаагаа Засгийн газарт тохох гэж байгаа хэрэг. Түүнээс биш Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Бай­галь ор­­чин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарын нүд рүү хэрхэн чичилж, дөнгөж ха­риулаад дуусмагц нь дахин асууж хэл амаа сугалах ша­хаж байсныг  олон нийт мартаагүй нь лавтай.

 Ингээд дэлхийд томоохонд тооцогдох төслийг арайхийн баталсныхаа дараа эргэж бу­цан алмайрч буй эрхмүүдэд зориулан тухайн үед УИХ ямархан тогтоол баталж, түү­ний дагуу гэрээнд хэрхэн заасныг нэхэн сануулъя. Эд­гээр тоо баримтыг Оюу­тол­гой төслийнхнөөс авсан нь мэ­дээж. Гэхдээ тэд олон нийтэд буруу ташаа мэдээ өгөхгүй. Тийм санаа сэдэл, эрх ч байхгүй. Нөгөөтэйгүүр Оюутолгой төс­лийнхөн, хөрөнгө оруу­лагчид Монголын төрд, улстөрчдөд санал бодлоо илэрхийлэх бо­ломж бараг байдаггүй билээ. Тиймээс чухам бодит тоо баримт нь ийм юм шүү гэхээс өөрөөр юу ч хийж, хэлж чадахгүй байгааг бас тунгаана биз ээ.

Тухайлбал, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд “Дэлхийд томоохонд тооцог­дох зэс, алтны хүдрийн биет бөгөөд одоогоор тогтоогдсон нөөцийг үндэслэн 60 гаруй жил ашиглах боломжтой” гэж тооцсон байгаа.

Энд сорчилж ашиглах асуудал огт байхгүй. Үүнийг холбогдох яам, агентлагууд бүрэн хариуцаж, Монголын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэсэн. Харин энэ асуудалд хатуу байр суурин дээрээ тууштай зогсч чадсанд нь олон нийт сэтгэл хангалуун үлдсэн билээ. Мөн  2011 оны эцэс гэхэд “Рио Тинто” болон “Айвенхоу Майнз” компаниуд Оюутолгой төсөлд нийт 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байх ёстой байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах хүртэлх хугацаанд хайгуул, үнэлгээний ажилд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулсан гэсэн тооцоо байдаг.

“Монгол Улсын Засгийн газар төслийн хөрөнгө оруулалтад төсвийн эх үүсвэрээсээ ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулах шаардлагагүй. “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто” компани нь Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс шаардагдах бүхий л санхүүжилтийг хийнэ” хэмээн гэрээнд тусгасныг хөрөнгө оруулагчид бүрэн хэрэгжүүлж байгаа билээ.Тэд хөрөнгөө оруулсан. Харин Монголын тал нэг центийн ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Энд мөнгөөр үнэлэгдэх болон үнэлэгдэшгүй нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалтыг тооцохгүй байгаа.  Дэлхий нийтийн жишгээр давуу эрхийн хувьцаа гаргахад нь хүртэл “Монголын тал 34 биш, долоо орчим хувийг эзэмших нь” хэмээн улстөржүүлж, мэдээлэл багатай иргэдийн тархийг угаах гэж оролдсон. Мэдээж тэдний инээд хүрсэн байх л даа. Гэвч эргэлзээ төрүүлсэн энэ хэллэгийг огт ашиглахаа болихоос өөр яах билээ. Гэхдээ хөрөнгө оруулагчид манай нөхцөл байдлыг ойлгож, ихээхэн хүндэтгэлтэй ханддаг. Асуудлыг тухай бүрт нь ил тодоор олон нийтэд танилцуулж, ойлгомжгүй байдал үүсгэхгүй байхыг хичээж байгаа билээ.

Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн 34 хувийг үнэ төлбөргүй эзэмших бөгөөд энэ хувь хэмжээ ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй. Харин ч Монголын Засгийн газар   өөрийн эзэмш­лийн хувь хэмжээг 50 хувь хүртэл нэмэгдүүлэх сонголт хийх боломжтой. Үүнийг мэдсээр байвч өөр мэдээлэл хийх сонирхолтой хэсэг бүлэг хүмүүсийг эс тооцвол олон нийт хангалттай мэдэх болсон. Дэлхийн хэвлэл мэдээллээр ч энэ гэрээг гайхалтай ашигтай, сайн гэрээ болсныг баталсан мэдээ, мэдээлэл удаа дараа гарч байсан юм. Монгол Улсын Засгийн газрын хувьд “Оюутолгой төслийн үр ашгийн ихэнх хэсгийг татвар хураамж, байгалийн баялаг ашигласны татвар (роялти) болон ногдол ашгийн хэлбэрээр хүртэнэ” хэмээн гэрээнд заасан буй. Өнгөрсөн хугацаанд төлсөн татварыг холбогдох байгууллагын тайлан мэдээнээс чөлөөтэй харж, мэдээлэл авах боломж нь нээлттэй байгаа. Гэвч гэрээг буруутгагчдын зүгээс ийм мэдээлэл судалсан нь үгүй биз ээ. Учир нь энэ талаар дурьдаж байсан удаагүй.

Төслийн үр ашгийг тооцохдоо зөвхөн мөнгөөр үнэлэгдэх хэлбэрийг нь сонирхоод нийгмийн хөгжилд тустай олон талын ач холбогдыг үл тоох нь ичгэвтэр хэрэг. Харамсалтай нь гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд улстөрчдийн үнэлэмж ийм л хэмжээнд байсаар ирсэн. Үүнийг ч олон нийт мэдэрч байгаа. Тэр тусмаа бүтээн байгуулалтын ажил өрнөж буй нутаг орныхон, төслийн үр шимийг хүртэн амьдарч буй иргэдийн хувьд бүр ч илүүтэй мэдэрч, санаа бодлоо олон нийтэд хүргэхсэн гэсэн бодолтой явдаг юм билээ. Оюутолгой  төслийг хэрэгжүүлэх явцад мянга мянган ажлын байр, бизнесийн боломжууд бий болно. Одоогоор 8000 гаруй хүн тэнд ажиллаж байгаагийн тэн хагас нь монголчууд байгаа. Мөн өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан мэргэжлийн сургалт, бий болгосон ажлын байрууд, бизнес эрхлэгчдэд олгосон боломжуудын талаар хангалттай мэдээллийг тухай бүрд нь олон нийтэд өгсөөр байгаа. Гэвч хардах өвчин харалган болгодгийн жишгээр энэ мэдээллийг авах хүсэлгүй хүмүүс энэ талаар огт анхаарч, дуугарч байсангүй. Уурхай ашиглаж эхэлсний дараа, ердөө 2013 он гэхэд л Оюутолгой төслийн арван ажилтны ес нь монгол хүн байхаар гэрээнд заасан билээ. Аль ч талаас нь бодсон хэн ч энэ үр өгөөжийг үгүйсгэж, муу гэрээ байна гэх боломжгүй юм.

Хамгийн гол нь нүүлгээд аваад явах боломжгүй зөвхөн Монголд л үлдэх, ирээдүйн хөгжилд асар том ач холбогдолтой баялаг энд үлдэнэ. Энэ бол уурхайг дагасан дэд бүтэц тэр дундаа зам, эрчим хүч, ус, агаарын шугамууд юм. Өмнийн говийн бүсийн эдийн засгийн хөгжилд чухал түлхэц болох дэлхийн стандартад нийцсэн замын эхлэлийг хэдийнэ тавьсан. Үүнд баярлахгүй монгол хүн, тэр тусмаа нутгийн иргэд яахин байх билээ. Гэвч төслийнхөн хийсэн ажил бүхнээ хөөр баяр болгон ярьж, сурталчлаад байдаггүй. Ямар ч бэрх бохир пиарын үед ажлаа сайн хийж, үүдээ цэлийтэл нээн, ил тод байж ирсэн. Хэдийгээр Оюутолгойн гэрээгээр дэнчин тавьж Монголын улстөрчид өөр хоорондоо тэмцэлдэж буй ч хөрөнгө оруулагчид хэзээ ч байр сууриа илэрхийлэн үүнд оролцож байгаагүй. Тэд гэрээндээ эзэн болсон Засгийн газартай ажил хэрэг ярьсан гэдэгтээ итгэлтэй байдгийнх биз ээ. Нөгөөтэйгүүр улс төрийн янз бүрийн үйл ажиллагаа өрнөж байвч ирээдүйн эдийн засгийнхаа бат сууриар тоглохгүй нь лав хэмээн монголчуудад найддаг нь лавтай.

“Оюутолгой” ХХК-ийн Ерөн­хийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Олон улсын санхүүгийн байгууллагууд, судлаачдын зүгээс Оюутолгойн Хө­рөнгө оруулалтын гэрээнд хий­­сэн дүн шинжилгээнүүд нь уг гэрээнд олон улсын тэргүүн турш­­лагыг шингээсэн болохыг ба­­талж байна. Оюутолгойгоос мон­гол­чуудын хүр­тэх үр өгөөжийг Хө­­рөнгө оруулалтын гэрээгээр батал­гаа­жуулсан бөгөөд нөгөө талаас уг гэрээ нь ойрын олон арван жилүүдэд Монголын эдийн засгийн бат суурь нь Оюутолгой төсөл байна гэдгийг бататгаж байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар дэмжиж буй нь хөрөнгө оруулагчдад итгэл өгч, төслийн шаардлагатай хөрөнгө оруулалтыг тодорхой болгож буй хэрэг юм. Түүнчлэн энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдад “Монгол Улс бизнес эрхлэхэд нээлттэй” гэдэг чухал дохиог өгч байна. Шударгаар хэлэлцэн тохирсон эрх зүйн баримт гэрээгээ сахин мөрдөх нь цаашид хэрэгжих томоохон төслүүдийн сан­хүүжилтийг босгоход, Монгол Ул­сыг хүчирхэг байр суурьтай байхад нь тус дөхөм болно” хэмээн тэмдэглэн хэлсэн байдаг. Үнэхээр ч энэ гэрээний насжилтыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байгаа. Улс төрийн тогтвортой байдал, гэрээг сахин мөрдөх чанар бол хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн том шалгуур үзүүлэлт байдаг. Энэ тал дээр дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид Монголыг сайшааж, сонирхож эхэлсэн.

Гэрээ буцвал хөрөнгө оруу­лагчдын итгэл мөн адил буцах билээ. Харин энэ итгэлийг дахин олж авахад тун амаргүй байх нь мэдээж. Тиймээс өчүүхэн жижиг эрх ашгийн төлөө эдийн засгийн хөгжлийн ирээ­дүйн сууриараа дэнчин тавихгүй биз ээ гэж итгэлээ өгөн сонгосон ард ир­гэд нь төр засгийн зүг маш анхааралтайгаар ширтэж байна.


У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж