&#34Оюутолгой&#34 ажилчдаа цомхотгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

&#34Оюутолгой&#34 ажилчдаа цомхотгож эхэллээ

“Оюутолгой” ХХК өнөөдрөөс/05.28/ туслан гүйцэтгэгч компанийнхаа ажилтнуудыг цомхотгох бодлого барьж эхэлжээ. Тодруулбал, нийт 300 орчим ажилтанг цомхотголд оруулахаар болж, өнөөдрөөс ажлаас нь чөлөөлж байгаа ажээ. Албан бус мэдээллээр нийт ажилтны гурван хувийг цомхотголд оруулах шийдвэрийг 20 хоногийн өмнө компаниудад мэдээлж байжээ.

Энэ талаар Оюутолгой ХХК-ид туслан гүйцэтгэгч нэгэн компанийн ажилтан Д.Баатаржаваас лавлахад “Оюутолгой түүхий эдийн ханш дэлхийн зах зээлд унаж байгаа учраас цомхотгол хийж байгаа гэж бидэнд хэлсэн. Миний хувьд өнөөдөр ажлаа хүлээлгэж өгөөд явах гэж байна. Өнөөдөр 100 ажилтанг, маргааш 100, нөгөөдөр 100 гэх зэргээр ээлж дараагаар ажлаас нь чөлөөлнө гэж сонссон. Ер нь Оюутолгой ажиллахад хүнд болоод ажилтнуудаа цомхотгох шаардлага гарсан гэсэн ч ажилтнуудын хувьд хүнд тусна шүү дээ. Цалингийн зээлтэй хүмүүс гэхэд  ажил, орлогогүй болоход зээлээ яаж төлөх билээ. Тиймээс нөхцөл байдлыг харж байгаад цомхотголд орсон ажилтнуудаараа нийлж УИХ, Засгийн газарт хандах бодолтой байгаа” гэж хэлсэн юм.

Харин “Оюутолгой” ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн ажилтан С.Энхцэцэгээс энэ тухай тодруулахад “Одоогийн эдийн засгийн нөхцөл байдал болоод дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ унаж буй учраас ийм арга хэмжээ авч байгаа. Ер нь эдийн засгийн хүндрэлийн үед уул уурхайн компаниуд хамгийн эмзэг байдаг. Тийм ч учраас бид туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудаас цомхотгол хийж байна. Гэхдээ энэхүү цомхотгол Хөдөлмөрийн хуулийг дагуу явагдана гэдгийг сануулмаар байна. Цомхотголд орсон ажилтнуудад хуулийн дагуу тэтгэмжийг нь тухайн компани нь өгөх ёстой юм.

Мөн “Оюутолгой”-н үндсэн ажилтныг өөр хэлтэс, албанд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор энэ талаарх шийдвэр бүрэн гараагүй байгаа ажээ.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж