Исламын зэвсэгт “Боко Харам” бүлэглэлийн хэт даврагчид Нигерийн дунд сургуулийн 200 гаруй охиныг барьцаалан авч явсан хэрэгтэй холбоотойгоор хөрш Камерун улс хилийн хамгаалалтаа нэмжээ. Камеруны Засгийн газраас Нигери улстай хиллэдэг бүсүүд дэх цэргийнхээ тоог 1000 орчимоор нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үүний зэрэгцээ “Боко Харам” бүлэглэл энэ тавдугаар сарын эхээр Кумеруны хилийн ойролцоох Нигерийн Гамбару тосгонд халдаж, 375 хүний амийг хөнөөсөн хэрэг өдүүлсэн аж. “Боко Харам”-ын хэт даврагчид барьцааны охидыг Нигерийн хөрш Чад, Камерун улс руу боолын наймаачдад 12 ам.доллараар худалдана гэж заналхийлсэн билээ.
Нигерийн охидыг барьцаалж авч явснаас хойш “Боко Харам” бүлэглэлийн халдлага, дайралтын улмаас тус улсад 500 гаруй хүн амь үрэгдээд буй юм. Нигерийн армийн зүгээс барьцааны охидын байршлыг тодруулсан талаар өчигдөр /V.27/ мэдээлсэн билээ. “Боко Харам” барьцааны 50 охиноор Нигерийн шоронд хоригдож буй 100 хэт даврагч хоригдлоор санал тавьсан ч албаныхан зөвшөөрөөгүй юм.
Б.АНХТУЯА