Монголын иргэний агаарын тээвэр/МИАТ/ компанийн одоогийн зарим удирдлагуудыг Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас өнгөрсөн гуравдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн. Тус газрын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга асан С.Билэгсайхан тэргүүтэй удирдлагуудыг БНСУ-ын “Se You” компанийг ерөнхий борлуулагчаар сонгож, хууль бусаар гэрээ байгуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Хэргийн мөрдөн байцаалтын талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. БНСУ-ын компанитай гэрээ байгуулсан эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа” гэлээ.
Энэ хэрэгт хэн хэн шалгуулж байгаа вэ?
Сануулахад, МИАТ компанийн “Se You” компанитай байгуулсан гэрээний талаар С.Билэгсайхан өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд “News агентлаг”-т өгсөн ярилцлагадаа “Анх "Seyou" гэдэг компани манай Сөүлийн төлөөлөгчийн газарт хамтран ажиллах санал өгсөн байдаг. Дараа нь манай яаманд санал хүргүүлж яамнаас манай дэд захирал н.Хүрэлбаатарт цохогдож очсон байгаа юм. Дараа нь манайхаас Санхүү эрхэлсэн орлогч захирал Ц.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байгаа юм. Энэ гэрээний талаар би өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд болсон захирлын зөвлөлийн хуралдааны үеэр анх сонссон. Тэр үед бид "Энэ гэрээг хийснээр нийт зорчигчдын тоо 20 хувиар өсч, компанид арваад тэрбумын ашигтай юм байна. Мөн таван сая ам.долларын депозит орж ирэх юм байна. Энэ гэрээгээ улам сайн судал" гээд л гаргасан асуудал. Ингээд байж байтал битүүний өдөр/хоёрдугаар сарын 30/ Зам тээврийн сайдын зөвлөх н.Бямбацогт ажлын хэсгийн ахлагч Ц.Даваасүрэн бид хоёрыг яаман дээр дуудаж, гэрээний талаар ярилцсан. Үнэндээ хоёрдугаар сард МИАТ ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүйд хүрээд байсан юм. Энэ хямралын үед энэхүү гэрээ нь хямралаас аврах вакцин юм гэж би бодсон. Тэгээд яг гэрээнд гарын үсэг зурах болсон чинь Ц.Даваасүрэн зураагүй, Г.Жаргалсайхан дарга тамгаа өгч явуулсан байсан. Захирал зөвшөөрч тамгаа өгч явуулсан байсан болохоор би энэхүү урьдчилсан гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээний нууц задруулсан гэдаг асуудал байгаа. Би “Seyou” компанид очиж нөхцөл байдлыг харахаар Сөүл яваад ирэх хооронд энэ гэрээ твиттерээр тарсан байсан. Би гэрээний нууц задлаагүй гэдгийг батлах нэг нотолгоо байгаа. Энэ нь биднийг Сөүлд очоод энэ гэрээний хувийг компанийхаа салбараас авч чадаагүй юм. Өөрөөр хэлбэл надад гэрээний хувь байгаагүй гэсэн үг. Тэгээд ч гэрээ цуцлагдсан шүү дээ” хэмээн ярьж байсан билээ.
Д.ЖАРГАЛ