Фото: EPA/HOSSAM FADL/ALMASRY ALYOUM
Египетийн ерөнхийлөгч сонгууль эхлэн даваа, мягмар гаригуудад санал хураалт явагдаж байна. Даваа гаригт ноцтой хэрэг явдал гаралгүйгээр, сонгогчдын оролцоо ердийн төвшинд байлаа гэж Сонгуулийн хороо мэдээлэв.
Сонгуулийн аюулгүй байдлыг 80 мянган цэрэг, 400 мянган цагдаа сахиулж байна. Анх удаагаа цагдаагийн эмэгтэйчүүдийн анги нэгтгэл сонгуулийн хамгаалалтад гарчээ. Нийслэлийн болон улсын онцгой байгууламжуудад тусгай хамгаалалт гаргасан байна. ТРеррор гарахаас сэргийлэхийн тулд машинуудыг санал хураах байрнуудаас 200 метрийн зайд зогсоож байгаа гэнэ. Олон нутгийн Засгийн газрын бус наяад байгууллага ажиглалт хийж байгаа. Европын холбоо 150 ажиглагчаа ирүүлсэн байв.
Саналын хуудсанд хоёр хүний нэр бичигджээ. Тэд нар нь Батлан хамгаалахын сайд асан, армийн төлөөлөгч бөгөөд сонгогдох магадлал нь баталгаатай гэж болох Абдель Фаттах ас-Сиси ба хувьсгалчдын иргэний лагерийн төлөөлөгч гэж өөрийгөө ухуулсан социалист-насерист Хамдин Саббахи.
Лавлах. Египетийн ерөнхийлөгчид нэр дэвшигчид
Абдель Фаттах ас-Сиси ба Хамдин Саббахи.
Фото: EPA/MOHMAD ASAD/KHALED ELFIQI
Египетийн ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын ба цэргийн аж үйлдвэрийн сайд асан, фельдмаршал Ас-Сиси, Абдель Фаттах Саид Хусейн Халиль (Abd Al Fattah Saeed Hussein Khalil Al-Sisi) 1954 оны арваннэгдүгээр сарын 19-нд Каир хотноо төржээ. Египетийн цэргийн академи, Египетийн цэргийн командын штабын коллеж, мөн Их британийн командын штабын коллеж, АНУ-ын Пенсильванийн цэргийн армийн дээд коллежийг дүүргэжээ. Тэрээр 1977 оноос офицер цолтойгоор Египетийн мтот буудлагын цэрэгт алба хааж байлаа. Саудын Арабт Египетийн цэргийн атташе байв. 2008 оноос Цэргийн хойд тойргийн штабын дарга дараа нь цэргийн тагнуулын албаны орлогч дарга байв. 2011 оны хоёрдугаар сараас Зэвсэгт хүчний Дээд зөвлөлийн гишүүн болжээ. 2012 оны наймдугаар сарын 12-нд генерал цолтойгоор Зэвсэгт хүчний Дээд зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний дээд командлагч, Батлан хамгаалах, цэргийн аж үйлдвэрийн сайдаар томилогджээ. 2013 оны зургадугаар сарын сүүлч ба долдугаар сарын эхээр засгаас ерөнхийлөгч Мохаммед Мурсийг зайлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн байв.
Өнгөрсөн оны долдугаар сарын 3-нд ас-Сиси Үндсэн хуулийн ажиллагааг зогсоож, Мурсийг засгаас зайлуулсан тухай телевизээр мэдэгджээ. Тэрээр 2013 оны долдугаар сарын 16-наас 2014 оны гуравдугаар сарын 27 хүртэл ерөнхий сайдын орлогч бөгөөд Батлан хамгаалахын ба цэргийн аж үйлдвэрийн сайдаар ажиллажээ. 2013 оны аравдугаар сараас сонгуульгүйгээр ас-Сисийг ерөнхийлөгчөөр томилуулах кампани явагдан сарын дундуур 4 сая хүний гарын үсэг цуглуулжээ. Энэ оны нэгдүгээр сарын 27-нд түр ерөнхийлөгч Адли Мансурын зарилгаар ас-Сисид Египетийн армийн дээд цол болох фельдмаршал цолыг олгосон байна.
Тэрээр 2014 оны гуравдугаар сарын 26-нд армиас халагдах, албан тушаалуудаас огцрох өрөгдлөө өгчээ. Дараагийн өдөр нь тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсноос дээрх алхамыг хийлээ гэж мэдэгдсэн юм. Ас-Сисийн төлөө 188 мянга 930 баталгаат гарын үсэг өгөгдсөн байна. Тэрээр өөрийн кампанийн бэлгэдлээр таван хошууг сонгож, улс орны тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн хямралаас гаргахаар амлажээ. Олон нийтийн санал асуулгаар египетчүүдийн 75 хувь нь түүний төлөө санал өгнө гэсэн байв.
“Ард түмний урсгал” намын лидер Саббахи, Хамдин (Hamdeen Sabahi). Социалист, сэтгүүлч, яруу найрагч, Гамаль Абдель Насерийн (1954-70 онуудын Египтийн ерөнхийлөгч) үзэл санааг дэмжигч тэрээр 1954 оны долдугаар сарын 5-нд Кафр-эш-Шейх мужийн Нил мөрний цутгалан дээр байдаг Балтим хотод тариачны гэр бүлд төржээ. Айлын 11 хүүхдийн бага нь. Каирын их сургуулийн олон нийтийн холбооны факультетад 1975-77 онуудад суралцсан ч сэтгүүлчийн дипломоо 1985 онд авсан байна. Сурч байхдаа “Оюутнууд” сэтгүүлийг эрхлэн гаргаж, их сургуулийн Насерист клубыг толгойлж байжээ. Тэрээр 1977 онд ерөнхийлөгч Анвар Садатыг шүүмжлээд нэрд гарчээ. 1981 оны эхээс Саббахи сөрөг үйл ажиллагаанд оролцсон гэж шоронд сууж байв. Мөн Мубаракийн засгийн үеэр ч шоронд сууж байлаа. Тэр улс төрийн карьерынхаа хугацаанд 17 удаа баривчлагдаж байжээ. Арабын ардчилсан насерист намд тэрээр 1992-1995 онуудад байгаад дараа нь "Аль-Карама" ("Эрхэм зэрэг") намыг байгуулсан нь зөвхөн 2011 онд бүртгэгдээд, өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Нэгдсэн насерист намд” нэгджээ. 2011 оны хувьсгалд идэвхтэй оролцсон залуучуудын "Кифая" ("Больж үз") хөдөлгөөн ба Өөөрчлөлтийн төлөөх Үндэсний гнэгдэл” хөдөлгөөнийг үүсгэн байгуулжээ. 2012 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн 21,7 хувийн санал аван гуравт орж байлаа. Мохаммед Мурсийн санал болгосон дэд ерөнхийлөгчийн суудлаас тэр татгалсан байв.
2012 оны есдүгээр сараас “Ард түмний урсгал” намын лидер. Мөн тэр жилийнхээ арваннэгдүгээр сараас ерөнхийлөгч Мохаммед Мурси ба “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний эсрэг нэгдсэн Үндэсний авралын фронтын дарга нарын нэг болжээ. Энэ оны хоёрдугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн байна.
Түүний сонгуулийн штаб нь 31 мянга 555 баталгаат гарын үсэг цуглуулжээ. Саббахийн бэлгэдэл нь бүргэд. Сонгуулийн сурталчилгааг авлигатай тэмцэх, нийгмийн шударга ёсонд тулгуурлан хийж байна. 1979 онд Израильтай байгуулсан гэрээний зарим хэсгийг эргэн харна гэж мэдэгдсэн. Оростой нягт хамтрахын төлөө байгаа. Крымын санал асуулгыг тэр дэмжжээ. Олон нийтийн санал асуулга түүнд 15 хувийг дэмжлэгийг өгч буй.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР