Хуучирсан мэдээ: 2014.05.28-нд нийтлэгдсэн

Бие даагчид юм уу, …?

УИХ бүрэн эрхийнхээ хоёр дахь жил рүү орж ирлээ. Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойшхи өнөөдрийг хүртэл хугацаанд хийсэн УИХ-ын ажлыг дүгнэвэл нэг их сайн дүн авахгүй болов уу. Чуулганы хуралдааныг 09.00 цагт зарлах ч цагтаа ирж суудалдаа суух нь хуруу дарам. Ёс юм шиг УИХ-ын даргаар дуудуулж, урилга заллага илгээхээс наахнуур юм болно.

Хуулийн төслүүд ирцгүйгээр хэлэлцэгдэх вий, ард иргэдийн эрх ашгийг хамгаалах, улс орны хөгжлийг урагшлуулах заалтууд дэмжлэг авалгүй уначих вий гэж бодох улстөрч парламентын танхимд аягүй бол арван хуруунд багтахаар суудаг ч байж мэднэ.

Аман дээрээ бол ард түмэндээ жигтэйхэн хайртай, улс орны язгуур эрх ашгийн төлөө нойроо умартан зүтгэж байгаа мэт дүр үзүүлнэ. Харин цаагуураа хувийн эрх ашиг бодож нүүдэл хийнэ. Ийм дүр эсгэгчдийн хамгийн том төлөөлөл нь бие даагчид болж хувираад байна. Уг нь бол тэд парламентдаа бүлэг ч үгүй хэн ч биш нөхдүүд. Тэдний дэргэд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар бол бүлэгтэй бол бүлэгтэй, ард түмэнд таалагдахын тулд нэг их гоё ярьж чадахгүй ч өнөөдөр нь нэг юм яриад маргааш нь өөрөөр ярьж тэнэгтдэггүй л байхгүй юу. Үзэл бодолдоо тууштай зогсдог гэсэн үг.

Гэтэл бие даагчид яаж байна вэ, хамелеон шиг хувирна. Тухайлбал, УИХ-аар “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг хэлэлцэх үеэр “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр сонгогдох нь буруу юм аа” гээд л хөхөө шиг донгодоод байсан. Батлах хугацаа ойртох мөчид “Булган дээлтнүүд сугарч үлдэх гээд байна” гээд нэг их сүржин мэдээлэл хийсэн. Маргааш нь хуулийн төслийг УИХ-аар батлахаар санал хураахад унагах кноп дарж байх жишээтэй. Ингэж л өдөр, өдрөөр зан нь өөрчлөгддөг.

Хамгийн сүүлд тэд Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудал тавьж, том болохоо харуулахыг оролдов. Валютын ханш өссөн учраас төв банкны ерөнхийлөгчид хариуцлага тооцохоос аргагүй гэсэн тайлбар хийж сууна. Муу л бол захын хар овоохой гэгчээр арай жаахан ноолж болмоор нь Н.Золжаргал ерөнхийлөгч харагдсан юм даг уу даа. Төв банкны хувьд валютын ханшийг тогтворжуулах үндсэн үүрэг хүлээдэг ч гэлээ Засгийн газар нь ажлаа хийж хөрөнгө оруулалт татаж, валютын урсгалаа нэмэгдүүлэхгүй байхад төв банкныхан яах юм бэ. Уул уурхайн компаниудыг хөрөнгө оруулаач ээ гээд гадаадад “лекц” унших уу, Уул уурхайн сайдын өмнөөс. Монгол хөрөнгө оруулахад хамгийн таатай орон болсон гээд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын өмнөөс хэлэлцээр хийгээд явах болж байна уу. Үгүй шүү дээ.

Төв банкны хувьд валютын ханшийг буулгахын тулд хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг удаа дараа мэдэгдэж Оюутолгой төслийн хоёрдугаар үе шатыг яаралтай ажилд оруулах талд Засгийн газрыг санаачлагатай ажиллахыг анхааруулсаар ирсэн. Харамсалтай нь, Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхэлж хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрийн ширээний ард хэдэнтээ сууж, эцэстээ Ерөнхий сайд “Рио Тинто”-д хандан захидал бичээд ч амжилт олсонгүй. Хөрөнгө оруулагчид ирэх есдүгээр сараас нааш энэ асуудалд шийдвэр гаргахгүй болохоо өнгөрсөн тавдугаар сард зарлаад гэдийчихлээ.

Харин тэдэнтэй хамгийн их тооцоо бодохыг сануулж, популизм хийсэн нь хэн билээ, бие даагч гишүүд. Нэг их уул уурхайчин нөхдүүд, “Рио Тинто” компанид ажиллаад гадаадынхныг хэрхэн “хулхидаж” ашиг орлогоо нэмэгдүүлдэгийг нь нүдээр үзчихсэн юм шиг зүйл ярьж, тархи угаасан. Чухамдаа бол уул уурхайд ажиллах нь байтугай ажилтай нь танилцаж үзээгүй “товаришууд”. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлдгээр бол “Юу ч үзээгүй нусан буунууд”. Хаа очиж тэдний дэргэд улаан коммунист гэж адлагддаг Ц.Нямдорж хөрөнгө оруулагчгүйгээр Монгол Улс хаашаа ч хөдөлж чадахгүй гэдгийг удаа дараа сануулж ирсэн улстөрч. Энэ тухай тэрээр хамгийн сүүлд “Монгол “Эрдэнэт”-ийн дайтай ганц үйлдвэртэй болох юмсан. Энэ их эсэргүүцэл чинь ард түмэнд тус биш ус болж хөгжлийг хойшоо чангааж байна. Татвараа авч чадвал Оюутолгой компани улсынх байна уу, хувийнх байна уу хэнд хамаатай юм. Ганц соёлтой хөрөнгө оруулалт ороод ирснийг бүтэн зургаан жил нүдлээ. Өдөр, шөнөгүй эсэргүүцдэг, хоол олж иддэг давшилтын бүлэг УИХ-д бий болсон. Та нарын шүлсээр ард түмэн цай сүлж уудаг юм уу, та нарын шүлсээр иргэдийн амьдрал сайжирдаг юм уу” гэж хэлэх билээ. 

Үнэндээ ч Оюутолгой төслийн 2 дахь үе шат зогссоноор Монголд өнөөдөр хэчнээн иргэн ажилгүй болов, хэчнээн туслан гүйцэтгэгч компани хаалгаа барив гэдэг тооцоог гаргавал сонин л дүр зураг буух байх.

Хэдий болтол бие даагч нэрийн дор ашиг хонжоо хайсан тоглолт хийх гэж… Эцсийн дүндээ та бүхнийг сонгосон ард түмэн “Бие даагчид юм уу, “биеэ үнэлэх” гэж УИХ-д орсон улстөрчид үү” гэж халаглах билээ. Эрх баригч хүчин ч гэсэндээ бодлогоо дэмжиж ажилладаггүй бие даагч бүлэгт УИХ-ын Төсвийн байнгын хороог удирдуулаад суух, Ц.Даваасүрэн гишүүнээс дутахгүй тус байнгын хороог удирдах гишүүн олонхийн бүлэгт алга гэж үү… Арай ч дээ.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж