УИХ-ын чуулганы өнөөдрийн тоймыг хүргэж байна.
Чуулганы хуралдаан өндөрлөлөө
19.18 цаг.
УИХ-ын өнөөдрийн хуралдаан Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцсэнээр өндөрлөлөө. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 6 асуудлыг нь хэлэлцсэн байна. Ирцийн хувьд маргаан үүсгэж Ж.Энхбаяр гишүүн карт сугалж, сөрөг хүчний гишүүд нь хурал хаяж гарцгаасан, эргэн орж ирж завсарлага авсан зэрэг үйл явцтайгаар ийнхүү хуралдлаа. Төгсгөлд нь Боловсролын талаарх төрөөс баримтлах бодлогын талаар гишүүд асуултандаа хариулт авсны дараагаар “санал дүгнэлтээ хүнгүй танхимд хэлмээргүй байна” гэсэн гишүүдийн санал гарч, хөтөлбөрийн талаарх дүгнэлт болон хэлэлцэх эсэх тухай санал хураалтыг ирэх пүрэв гаригийн чуулганд шилжүүлсэн байна.
Өнөөдрийн хуралдаанаар НӨАТ төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг 50 сая болгон нэмэгдүүлэх, татвар төлөгчид хоёр хувийн буцаан олголтыг олгох тухай, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортлож байгаа тоног төхөөрөмжийн татварыг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулах тухай, жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах тухай агуулга бүхий хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн бол 2015 оны төсвийн мэдэгдэл, 2016-2017 оны төсөөлөлд МАН-ын бүлэг хоёр өдрийн завсарлага авч, ийн Боловсролын бодлогоо үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж буй юм.
Боловсролын талаарх баримтлах бодлогыг хэлэлцлээ
19.01 цаг.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонхийн дэмжлэгтэйгээр хэлэлцэхээр болж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн байна.
Өмнөх асуудал дээр хурал орхин гарсан МАН-ын гишүүдээс хуралдаанд эргэн сууцгаасан ч ирц мөн л хангалтгүй хэмжээнд буюу есөн гишүүн л байв. Гишүүдээс асуулт, саналууд гарсан бөгөөд гишүүн Ц.Даваасүрэн “Сурах бичиг муу болсон байна. Би хоёр хүүхдийнхээ хичээлийг нь заах гээд ойлгохгүй юм. Дасгал, онол гэж өмнө нь байсан биз дээ. Одоо бол хэтэрхий туйлшраад сайн багшийн сурах бичгээр явна гээд заваан юм хийчихсэн. Их дээд сургуулиудын хувьд тодорхой заалт олж харсангүй” гэж шүүмжилж “Азийн шилдэг сургуульд дөрвийг оруулна гэдэг чинь юун дээр тооцоолсон том зорилт вэ” гэж асуухад Боловсролын сайд Л.Гантөмөр “Бид шилдэг сургуулиудад тавьж буй шалгууруудыг харсан. Төрийн өмчийн сургуулиудын хувьд судалгааны чадавхийг дээшлүүлж, шинжлэх ухаанаас мөнгө олох, гадны шилдэг хөтөлбөрийг сургалтанд нэвтрүүлэх, гаднаас авах оюутны тоог нэмэгдүүлчихвэл шилдэг 100-д багтах боломжтой” хэмээн хариулав.
Гишүүн Ц.Даваасүрэн нэмж асуулт тавьж “Залуу гэр бүлийн хувьд орон нутагт асуудал байна. Жишээ нь зургаан настай хүүхдийг сургахын тулд нэг нь төв дээр хүүхэдтэйгээ хамт байх шаардлага гарч байна. Үүнтэй холбоотойгоор гэр бүлийнхэн хамтдаа байх боломжгүй. Санхүүгийн хувьд ч хүндрэл гарч байна” гэв. Хариуд нь сайд Л.Гантөмөр “Орон нутагт зургаан настай хүүхдийг хүлээн авах дотуур байрны асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа. Ирэх жилийн өдийд тодорхой үр дүн харагдана. Хот хөдөөгийн хүүхдүүд гэдгээрээ нэг хэсэг нь зургаан настайгаас, нөгөө хэсэг нь долоон настайгаасаа сургуульд орно гэж байж болохгүй” гэв.
Дараагаар нь Д.Дэмбэрэл “ЕБС-ийг нэг ээлжтэй болгоно гэж байна. Сурагчдын амралтыг тооцсон уу. Гол нь халаалтын асуудал шүү дээ. Сургуулиудын хувьд халаалтандаа бүх зардлаагаргадаг, гэтэл хүүхэд хөгжүүлэхтэй холбоотой ямар ч зардал алга. Мөн гадаад хэл гэдэгт зөвхөн англи хэлийг сонголтгүйгээр сурахыг хэлээд байна уу. Уран зохиолын хичээлийг хасна гэх яриа юу болсон бэ” хэмээсэн байна.
Сайд Л.Гантөмөр хариуд нь “Сурагчид амарсан эсэхээс үл хамааран байрны халаалтыг хийхгүй бол хөлдчихнө. Англи хэлний сургалтын үндэсний хөтөлбөрийг батална. Англи хэлний багш нарын чадварыг гарцаагүй нэмэгдүүлэх хэрэгтэй. Орос хэлний сургалттай сургуулиуд ч, герман хэлний арав гаруй сургалттай сургууль ч байна. Аль алиныг нь анхаарч байгаа. Хариуцлагатайгаар хэлэхэд уран зохиол, түүхийн хичээл хэзээ ч хасагдахгүй. Энэ бол цуурхал, гүтгэлэг байсан”гэв.
Мөн асуудалтай холбоотойгоор М.Энхболд “Нэг ээлжээр хичээллэх боломж нь юунд байна. Боловсролын хувьд дээд боловсролтон бэлтгэх тоогоо багасгаж, мэргэжилтэй боловсон хүчин бий болгох талын бодлого тусаагүй юм уу”, Л.Гантөмөр “Дэлхийн шилдэг 100-н сургуульд элссэн оюутны зардлыг төрөөс даах бодлогыг бид хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд ганц жилд 100 гаруй оюутан шилдэг сургуулиудад элсэн суралцсан байна. Ё.Отгонбаяр “Бодлого хэрэгжих арга механизм, хугацаа, төсөв хөрөнгөтэй байж хэрэгжинэ. Гэтэл энд аль аль нь алга”, Ө.Энхтүвшин “зургаан настай хүүхдийг сургах шийд бол зөв шийдэл. Гол нь хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаа л шийдэх ёстой” гэж саналаа хэлцгээсэн байна.
“Нэг ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлнэ”
17.27 цаг.
УИХ–ын чуулган өнөөдрийн хэлэлцэх асуудлын зургаадахь нь болох Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
Хөтөлбөрт туссан заалтуудаас онцловол“Монгол хүүхэд бүр сургуульд элсэхээс өмнө сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдсан байна. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль нэг ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлнэ. Монгол Улсын дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэнэ” зэрэг аж.
Уг бодлогын талаар Боловсролын сайд Л.Гантөмөр танилцуулсан бөгөөд боловсролын салбарт урт хугацаанд тогтвортой баримтлах бодлого, стратегийг тодорхойлон, бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай, олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байх, иргэн бүрт боловсролын үйлчилгээг хүргэх, насан туршдаа боловсрол эзэмших орчин, нөхцөл, боломжийг бүрдүүлэх, мэдээллийн технологийг ашиглах, сургалтын нээлттэй эхийг дэмжих, эх хэл, түүх уламжлал, гадаад хэлний сургалтын үндэсний бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг тусгагджээ.
МАН-ын бүлэг завсарлага авлаа
17.07 цаг.
УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх онуудын төсвийн төсөөллийг хэлэлцэж байсан бөгөөд уг асуудлаар МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буй тус бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдэгдлээ. УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2014 оны төсвийн төсөөллийг хуулийн дагуу зургадугаар сарын 1-нээс өмнө батлагдсан байх ёстойг сануулж хоёр хоногийн завсарлага олгов.
Уг асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын бүлгийн гишүүд хуралдаанд хангалтгүй ирцээр оролцож буйг МАН-ын бүлгийн гишүүдээс шүүмжилж, хуралдааныг орхин гараад байсан юм. Үүнээс өмнө төсвийн төсөөллийн талаар гишүүдийн зүгээс инфляци ямар түвшинд байхаар тооцоолсон, засгийн газраас гаргаж буй бондууд хэрхэн нөлөөлөх, халамжинд зарцуулах мөнгө нь өссөн мэт боловч ДНБ-ий 1 хувьд байгаа гэдэг нь хэр оновчтой эсэх зэрэг асуултыг тавьсан юм.
Уг төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээг 2015 онд 10 хувьтай, хэрэглээний үнийн индексийн түвшин 7 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 7,690,9 тэрбум төгрөг, Засгийн газрын өрийн нийт хэмжээ 17,143,8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд байх, нийгмийн халамжинд зарцуулах санхүүжилтийн хэмжээ 272,8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1,1 хувьд байхаар тусгасан юм.
МАН-ын гишүүд хуралдааныг хаяж гарлаа
16.44 цаг.
УИХ-ын чуулганы хуралдааныг МАН-ын бүлгийн зарим гишүүд хаяж гарлаа. Үүний өмнө тус бүлгийг төлөөлөн Ж.Энхбаяр үг хэлсэн бөгөөд “Улс орны ирэх онуудын төсвийн мэдэгдэл төсөөллийг хэлэлцэж байна. Гэтэл эрх баригч намуудаас 4 гишүүн л сууж байна” гээд хуралдааныг орхиж гарсан гишүүдийн картыг сугалж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд Аюулгүй байдлын зөвлөлийн хуралтай тул гишүүн Р.Гончигдорж хуралдаан даргалж буй бөгөөд “хуралдаан өглөөнийхөө ирцээр үргэлжилнэ шүү” гэсэн ч МАН-ын бүлгийн гишүүд хуралдаанд хариуцлагагүй хандаж буй эрх баригч гишүүдтэй “барьцаж буйгаа илэрхийлэн” хуралдааныг орхин гарлаа.
Энэ үйлдлийг нь Ардчилсан намын гишүүн А.Бакей дэмжин “үнэхээр сөрөг хүчний гишүүдийн тавьж буй асуудал зөв шүү дээ. УИХ ийм хариуцлагагүй байж болохгүй. Ирц бүрдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Ядаж л ийм байдлаар хуралдвал хэлэлцэж буй асуудал чинь дэмжигдэлгүй унана шүү дээ” гэсэн байна.
Ирэх оны төсвийн мэдэгдлийг хэлэлцэж эхэллээ
16.14 цаг.
УИХ-ын чуулганаар 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай төслийг хэлэлцэж эхэллээ.
Уг төслөөр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд ямар хэмжээ, түвшинд байх тухай төсөөлөл, тооцооллыг гаргасан аж. Үүнд, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээг 2015 онд 10 хувьтай, хэрэглээний үнийн индексийн түвшин 7 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 7,690,9 тэрбум төгрөг, Засгийн газрын өрийн нийт хэмжээ 17,143,8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд байх, нийгмийн халамжинд зарцуулах санхүүжилтийн хэмжээ 272,8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1,1 хувьд байхаар тусгажээ.
Үдээс хойшхи хуралдаан эхэллээ
15.44 цаг.
УИХ-ын чуулганы хуралдаан 15 цагт зарлагдсан ч ирц бүрдэхгүйн улмаас цаг орчмын дараа эхэллээ.
Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх талаар хуралдсан бөгөөд уг төслийг дэмжих эсэх талаар санал хураалтаар хуралдаан эхэлж буй аж.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гол агуулга нь НӨАТ төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг 50 сая болгон нэмэгдүүлэх, татвар төлөгчид хоёр хувийнбуцаанолголтыг олгох тухай аж. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй хэмээн саналаа өгсөн байна.
Чуулганы хуралдаан өндөрлөлөө
14.00 цаг.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс гурвыг нь хэлэлцэж дууссан бөгөөд сүүлд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх гишүүдийн асуулт, саналыг сонсоод санал хураалт явуулсангүй дуусгав. Учир нь хуралдаанд оролцож буй гишүүдийн ирц санал хураалт явуулахад хангалтгүй хэмжээнд хүрсэн бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд “Үдээс хойшхи хуралдаан санал хураалтаар эхэлнэ” гэдгийг сануулснаар үдээс өмнөх чуулган өндөрлөсөн юм.
Ийнхүү үдээс өмнөх чуулганаар жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах тухай, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортлож байгаа тоног төхөөрөмжийн татварыг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулах тухай төслүүдэд чуулганаар хэлэлцэх “виз” олгосон бөгөөд эдийн засаг, татварын тухай яриа ихтэй хуралдаан болж өнгөрлөө.
НӨАТ-ын босгыг нэмж өндөсгөе гэв
13.50 цаг.
Чуулганы хуралдаанаар НӨАТ төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг инфляци, эдийн засгийн өсөлттэй уялдуулан 50 сая болгон өөрчлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудлыг электрон хэлбэрээр гүйцэтгэх зэрэг агуулга бүхий НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн талаарх гишүүдийн ойлголт өөр өөр байсан тул УИХ-ын дарга З.Энхболд тайлбарлаж өглөө. Тэрээр “Энэ хуульд чинь ойлгомжгүй зүйл алга байна шүү дээ. Чи нэг газраас 100 төгрөгөөр бензин авлаа гэж бодьё. Тэрийг чинь зарсан газар өнөөдөр бензин худалдаагүй гэж хэлээд татвараас зугтаад байна. Харин чи одоо картаар бензинээ авна. Тэгээд чи татварт зориулсан арван төгрөгнийхөө хоёр төгрөгийг нь буцаагаад авна. Үлдсэн найман төгрөгийг нь төр авна. Энэ тохиолдолд бензин зарсан газар татвараас зугтаж чадахгүй” гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг 50 сая төгрөг болгосныг “чамлах” гишүүд гарцгаасан бөгөөд Д.Лүндээжанцан “НӨАТ-ын хуулийг түргэн түүхий батлаад өг гэж байгаа нь тун буруу. 50 саяын босго гэдэг чинь мөнгөний ханш уначихсан энэ үед 10 саяаас нэг их ялгаа байхгүй. Ядаж 75 сая гэж яагаад болохгүй гэж. Бодит дэмжлэг үзүүлье л гэж байгаа юм бол 150-200 саяын хооронд НӨАТ-ын босгыг тогтооё” гэх саналтайгаа хэлэв. Мөн Эрдэнэбаатар гишүүн “нэгэнт хуулийн хүрээнд хамаарах аж ахуй нэгжүүдийн татварын хэмжээ төсөвт нөлөөлөх нь 4,7 хувьд л байгаа юм чинь босгоо олигтойхон шиг өндөрсгөе” гэх саналаа хэллээ.
НӨАТ-ын хуулийг шинэчлэнэ
12.45 цаг.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны гурав дахь асуудал болох Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг эхэллээ.
Хууль санаачлагчдын үзэж буйгаад уг төсөл батлагдснаар одоо үйлчилж байгаа татварын хувь хэмжээ, шатлалд өөрчлөлт орохгүй бөгөөд татвар төлөгчдөд нэмэлт, татварын дарамт үүсэхгүй бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагчаар бүртгэгдэх борлуулалтын орлогын хэмжээг 50 сая болгон нэмэгдүүлснээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон аж ахуйн нэгжийн хувьд бизнесийн таатай орчин бий болно гэж буй аж.
Монгол Улсад 2007 онд хэрэгжүүлсэн татварын 1 дэх шатны шинэчлэлийн хүрээнд дөрвөн “10”-ын зарчмыг нэвтрүүлсэн нь тухайн үеийн нөхцөл, шаардлагыг харгалзсан, эдийн засгийн огцом өсөлтийг дэмжсэн, цагаа олсон оновчтой шийдэл байсан ч эдийн засгийн харилцаа өөрчлөгдөхийн хирээр татварын хууль тогтоомжийн зарим зүйл, заалт шинээр гарч ирж буй нөхцөл, шаардлага, харилцааг зохицуулахад учир дутагдалтай болж ойлголтын зөрүү үүсч, уялдаа холбоогүй болох, улмаар татвар төлөгч, татварын албаны хооронд маргаан гарах асуудал ихсэх хандлагатай байгаа гэнэ.
Мөн 1990 оноос хойш батлагдсан татварын хууль болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг судлан үзэхэд татварын төрлийн хувьд давхардсан тоогоор нийт 101 төрлийн хууль батлагдснаас 46 төрлийн хууль нь хүчингүй буюу үйлчлэл нь дуусгавар болж, 55 төрлийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Татварын хуульд нийтдээ 232 удаа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 668 төрлийн нэмэлт, өөрчлөлт оруулсаны 53 хувь нь улсын тэмдэгтийн хурамаажийн хувь хэмжээг өөрчилсөн өөрчлөлт, 22 хувь нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой өөрчлөлт эзэлж байгаа нь татварын тэгш, шударга, тогтвортой байх зарчмыг үндсэнд нь алдагдуулсан гэж үзэж болохоор дүр зураг гарч байгаа аж.
Иймд хоёр дахь шатны татварын шинэчлэл хийх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр татварын энгийн ойлгомжтой байх зарчмын хүрээнд нэр томъёоны хувьд хоёрдмол агуулга бүхий зарим нэр томъёо, тухайлбал, бараа, ажил, үйлчилгээ зэргийг нэг мөр оновчтой тодорхойлох, албан татвар төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг инфляци, эдийн засгийн өсөлттэй уялдуулан өөрчлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудлыг электрон хэлбэрээр гүйцэтгэх үндэслэл, зохицуулалт, хариуцлагатай холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэхээр тусгасан гэнэ.
Хөрөнгө оруулалтын гэрээтэй ААН-ыг дэмжинэ
12.07 цаг. Чуулганы хуралдаанаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортлож байгаа тоног төхөөрөмжийн татварыг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
УИХ, Засгийн газраас импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих тухай тогтоол, хөтөлбөрүүд батласан байдаг бөгөөд энэ хүрээнд бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэрийн компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэмжилт, тохируулга, угсралтын болон суурилуулах тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх зайлшгүй шаардлагатай байгаа тул хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортлож байгаа тоног төхөөрөмжийн татварыг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулах төсөл боловсруулагдсан аж.
Энэ хууль батлагдсанаар аливаа бүтээн байгуулалт, барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд, хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, техник тоног төхөөрөмжөөс хамаарсан саатал доголдол гарахаас сэргийлэх, мөн бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлын 15.5 хувийг хэмнэх боломжтой гэдгийг ажлын хэсгийн дүгнэлтэндээ дурдсан байна.
Гишүүдээс уг хуулийг дэмжиж буйгаа илэрхийлэн саналаа илэрхийлж, сонирхсон асуултандаа хариулт авч байна.
Татвараас чөлөөлөлтийн хуулийг дэмжлээ
11.38 цаг.
Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэгийг чөлөөлөх тухай буюу Засгийн газрын тавдугаар сарын 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах тухай төслийгУИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн 80 хувийн саналаар УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдлээ.
Өмнө нь ийм агуулга бүхий хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд өнгөрөгч оны төгсгөлд хуулийн хугацаа нь дууссан юм. Татварын хөнгөлөлтийн хуулийн хүрээнд аж ахуй нэгжүүд 2013 оны 23 тэрбум төгрөгийн чөлөөлөлтийг эдлэсэн бөгөөд энэ оны хувьд хууль нь жилийн хагасаас батлагдах гэж буй тул 13 тэрбумийн чөлөөлөлтийг 2014 онд эдлэхээр төсөөлөл буй аж.
Хөнгөлөлт чөлөөлөлтэй холбоотойгоор гишүүдийн асуулт хариултын үеэр “Энэ хуулийн хүрээ нь зөвхөн үйлдвэрлэгчид хамаарахаар байна. Гэтэл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй жижиг дунд бизнесийнхэнд ч гэсэн тоног төхөөрөмж оруулж ирэх шаардлага амьдрал дээр өргөнөөр гардаг шүү дээ”, “хуулийг ашиглаж хавтгайрсан сэлбэг оруулж ирэх боломжийг өгчих юм биш үү” “зарим том аж ахуй нэгжүүд хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахын тулд охин компани байгуулдаг шүү” гэх зэрэг асуулт саналууд гарсан бөгөөд “240 хөнгөлөлт чөлөөлөлтийн 17 нь жижиг дунд үйлдвэрлэлийн чөлөөлөлт гэж байна. Гэхдээ ийм чөлөөлөлт байдгийг жижиг дунд үйлдвэрлэлийнхэн мэддэггүй шүү дээ” “Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл аваад нэг суманд гурав дөрвөн ижилхэн эсгийний үйлдвэр байгуулаад дампуурч байна. Гэтэл энэ бүгдийн татвараас чөлөөлөх нь ямар хэрэгтэй юм” гэх зэрэг шүүмж өрнөсөн юм.
ЖДҮ-ийн сэлбэгийг татвараас чөлөөлнө гэв
11.00 цаг.
Чуулганы хуралдаанаар Засгийн газрын тавдугаар сарын 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах тухай төслийг хэлэлцэж байна.
Өмнө нь 47 хуулиар 241 удаагийн хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж байж. Улсын хэмжээнд нийт ажиллаж буй аж ахуй нэгжүүдийн 93 хувь нь 30 хүртэлх хүнтэй жижиг дунд бизнесийнхэн. Үүний 20 орчим хувь нь өнгөрсөн хугацаанд тоног төхөөрөмжөө шинэчлэсэн. Өнгөрөгч онуудад жилдээ ЖДҮ-ийн сангаар 4000-5000 ажлын байр шинээр бий болох боломжтой болсон зэрэг шууд бус үр дүн ч гарсан аж.
Импортын татвараас сэлбэг чөлөөлөх тухай уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Зоригт “Манай улсын ажил эрхлэгчдийн дийлэнх хувь нь жижиг дунд бизнес эрхлэгчид байдаг. Энэ хуулийн төслийн агуулга нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд чухал дэмжлэг болно гэж бодож байна. ЖДҮ-лэлийн сэлбэгийг татвараас чөлөөлөх боломж нь юу байдаг юм бэ. Орж ирүүлэх хэдэн мянган төрлийн сэлбэг хэрэглэлийг яаж жижиг дундынх мөн бишийг ялгах юм бэ. Үүнийг ашиглаж хавтгайрсан сэлбэг оруулж ирэх боломжийг өгчих юм биш үү” гэж асуусан бөгөөд ажлын хэсгийнхнээс “Засгийн газраас гаргасан код, ангилалын дагуу чөлөөлөлт явагддаг. Ангилалд нь хамаарах сэлбэг нь чөлөөлөгдөж, үгүй бол татвараа төлнө. Ямар нэг асуудал байхгүй” гэх хариуг авсан байна.
Дараагаар нь О.Баасанхүү гишүүн саналаа хэлж “Ойрхон татвараас чөлөөлөх асуудал орж ирэх юм. Ер нь шууд жижиг дундчуудыг томортол нь татвараас чөлөөлчихөж болдоггүй юм уу. Хэчнээн хувийн татварыг жижиг дундууд төлж байна” гэсэн бөгөөд Сангийн сайд Ч.Улаанаас “ААН-ын 90 орчим хувь нь жижиг дунд бизнесийнхэн. Төлж буй татварын хувьд төсвийн 10 орчим хувийг бүрдүүлж байна. Бүр мөсөн чөлөөлнө гэдгийг дэмжихгүй. Татварын бааз суурь өргөн байх нь эдийн засгийн чадавхитай байхын үндэс нь. Мөн татварын болон санхүүгийн дэмжлэгийг жижиг дунд бизнесийнхэнд өгч байгаа” гэв.
Мөн гишүүн Б.Бат-Эрдэнэ “Сангийн сайдаас асуухад аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд маш их дарамт байна. Шилээ дарсан шалгалттай. Тухайн хяналт шалгалтын байгууллагууд нь торгуулиараа урамшуулал авдаг” талаар шүүмжилж хөнгөлөлт чөлөөлөлтөөс өөр бодлого хэрэгжүүлж болдоггүй юм уу гэж асуулаа.
Сангийн сайдын хэлснээр “уг нь хөнгөлөлт чөлөөлөлтөөс татгалзах гэсэн бодлогыг баримталж байсан ч эдийн засгийн хувьд тааламжгүй тал руугаа хэлбийлээ. Уг нь яамны хувьд жижиг дунд бизнесийнхний төлсөн татварын 90 хувийг нь дараа жилд нь буцаан олгодог больё гэх бодлогоор хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогоо солино гэж байсан юм. Гэвч эдийн засгийг эрчимжүүлэх бодлогын хүрээнд нэн тэргүүнд ийнхүү хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй” гэнэ.
Мөн хуралдааны үеэр гишүүн Ц.Даваасүрэн нараас “татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг ашиглан хуулийн зөрчил үүсгэж, татвараас зугтаж бултах боломжийг өөр аж ахуй нэгжүүдэд ч давхар олгоод байгаа талаар гааль дээгүүр явж үзэхэд харагдаж байсан” тухай, ажлын хэсгээс “зарим том аж ахуй нэгжүүд хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахын тулд охин компани байгуулдаг” тухай мэдээлэл солилцсон байна.
Чуулганы хуралдаан эхэллээ
10.44 цаг.
Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт хэлэлцэж амжаагүй өндөрлөсөн чуулганы хэлэлцэх асуудлыг өнөөдөр нэгдсэн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон билээ. Ийнхүү мягмар гаригт зарлагдсан хуралдаан 43гишүүн ирснээс ирц бүрдэн эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд өргөн баригдсан хэд хэдэн асуудал болон хуулийн шинэчлэлийн хүрээнд боловсруулсан Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг онцлох төслүүдийг хэлэлцэх юм.
Хуралдааны эхэнд МАН-ын бүлгийн гишүүн М.Энхболд “Өрийн удирдлагын хуулийн төслийг хэлэлцэх шаардлага байна уу” гэх саналтайгаа дуулгасан бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд “Хуулийн төслийн шатанд агуулга нь бусад хуультайгаа зөрчилдөж болно. Гол нь батлагдан гарах хууль л зөрчилгүй байх ёстой. Иймд хэлэлцэх эсэхийг нь шийдэхэд асуудал байхгүй” гэлээ. Ингээд гишүүд өнөөдөр хэлэлцэх есөн асуудлаа батлацгаасан байна.
Б.ЭНХ