Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Монголын эдийн засгийн форумаас зохион байгуулж буй Монголын эдийн засгийн форум бизнесийн дээд хэмжээний уулзалт ирэх сарын 19-21-ний өдрүүдэд нийслэлд болно. Энэхүү форумаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Энэ талаар Монголын эдийн засгийн форумын захирал Б.Лакшмигаас тодрууллаа.
-Монголын эдийн засгийн форум бизнесийн дээд хэмжээний уулзалт буюу хөрөнгө оруулагчдыг татах уулзалтын талаар товч танилцуулаач?
-Форумаар хөрөнгө оруулагчдыг татах, бизнес эрхлэгчид төслөө танилцуулах зэрэг олон талын боломжийг олгосон уулзалт болно. Форумыг мах, сүү, ноос, ноолуурын холбоод зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа. Форумын хүрээнд бүтээн байгуулалттай танилцах аяныг зохион байгуулж байгаа юм байна. Тодруулбал, “Оюутолгой” ХХК, “МАК” ХХК, “Говь” ХХК, “АПУ” ХХК, “Хаан хүнс” ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээн байгуулалттай хөрөнгө оруулагчдыг танилцуулахаар төлөвлөсөн.
-Монголын компаниуд төслөө танилцуулна гэлээ. Энэ төслүүдэд ямар нэг шалгуур байгаа юу?
-Маш олон төсөл байгаа л даа. Тиймээс бид мэргэжлийн холбоодтой хамтраад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай хамтраад төслүүдээ шалгаруулаад явна.
-Уулзалтад хэдэн орны төлөөлөгч, хөрөнгө оруулагчид орно гэсэн тооцоо байгаа юу?
-Одоогоор уулзалтад Турк, Иордан, Итали, Герман, Энэтхэг, Голланд, Испани зэрэг улс оролцохоо мэдэгдсэн. Бид гадаадад суугаа 24 Элчин сайдын яамдад албан тоот, зөвлөгөө мэдээлэл хүргүүлээд явж байна вэ.
-Ирэх зургадугаар сард болох уулзалтын үр дүн хөрөнгө оруулагчид наашлах боломж байгаа юу. Ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-Зөвхөн уул уурхай биш бусад салбарын мэдээллийг хөрөнгө оруулагчид авах ёстой. Тодорхой хэмжээгээр хэрэгжих боломжтой төслүүд нь хэрэгжээд явах боломжтой гэж харж байна. Бид зогсонги байдалд орсон, шинээр боловсруулсан төслүүдийг танилцуулж, анхны хөрөнгө оруулагчидтайгаа гэрээ хэлэлцээр хийгээд явах боломжтой гэж харж байна.
-Ирэх сард болох форумаас гадна эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Бизнесийн дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын компанийн бичсэн, төлөвлөж байгаа төслүүдийн танилцуулах юм. Зах зээлийн хэрэгцээнд байгаа бүх төслүүдийг танилцуулахаар бэлтгэж байна. Монгол Улс уул уурхай тулгуур салбар ч гэсэн бусад салбар нь өрсөлдөх чадвараа алдаж байгаа. Тиймээс бусад салбарынхаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, таатай орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэдэг үүднээс Монголын эдийн засгийн форум бизнесийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
-Уул уурхайгаас гадна ямар салбаруудаа эхний ээлжинд дэмжих вэ. Тухайлбал?
-Мах, сүү гэх мэт олон төсөл бий. Тухайлбал, мах гэхэд фермерийн аж ахуйг хөгжүүлэх зэрэг хувийн хэвшлийн төслүүдийн танилцуулга явна. Махаа боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүд байгаа учраас тэрийг нь түлхүү дэмжээд өгөх нь зүйтэй болов уу гэж харж байна.
-Өнгөрсөн намар батлагдсан Хөрөнгө оруулалтын хууль гадны болоод дотоодын хөрөнгө оруулагчдыг “даллах” хууль болсон гэж байсан. Гэвч одоо байгаа нөхцөл байдлаа харахад хөрөнгө оруулагчид ажиглалтын байдалтай байгаад байх шиг?
-Бодлогын түвшинд хийгдэж байгаа хууль батлагдсан ч шууд хэрэгжээд, богино хугацаанд үр дүнгээ өгөх боломжгүй. Урт хугацааг харах ёстой. Үүнээс гадна өмнөх жил гаруй хугацаанд хөрөнгө оруулалтын орчин таагүй байсан учраас хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалтай болсон байгаа. Тиймээс хуульд өөрчлөлт оруулах тодорхой журам гаргах зэрэг ажлууд хийх шаардлагатай.
-Хөрөнгө оруулалтын хууль хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх хууль болж чадсан уу?
-Хөрөнгө оруулалтын хуулийг гадны хөрөнгө оруулагчидтай ярилцаад, харж байхад таатай гэж хэлэх боломжгүй. Жишээлбэл, Нэг компани 100 мянган ам. долларын хөрөнгө оруулах боломжтой байсан бол таван хүн нийлээд нэг компани байгуулаад хөрөнгө оруулая гэхээр тус бүр 100 мянган ам.долларын хөрөнгө оруулах заалттай байх жишээтэй. Энэ нь Монгол хөрөнгө оруулагч хамтарсан тохиолдолд хүндрэлтэй байх гэх мэтийн асуудал бий. Тиймээс зарим нэг заалтад өөрчлөлт оруулах, журмаар зохицуулах шаардлага бий гэж харж байна.
-Цаашид хөрөнгө оруулалтын орчин хэзээ сайжрах боломжтой вэ. Үүнд хэр хугацаа шаардагдах вэ?
-Монгол Улсад хийгдэж байсан хөрөнгө оруулалтууд уул уурхайн салбарт байсан. Уул уурхай дээрээ төвлөрсөн байсан учраас дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унахад уул уурхайн орчинд нөлөөлсөн. Тэгэхээр ирэх сард болох форумд тодорхой хэмжээний бусад салбартаа хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах, араас нь мэдээллээр хангаж, уялдаа холбоотой ажиллахыг л зорьж байна.
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн 14 хоног өнгөрчихлөө. Зөвлөлөөс гарах зөвлөмжүүд хэзээ Засгийн газарт хүргэх вэ. Энэ нь нийгэмд хүлээлт үүсгээд байна л даа?
-Бид Засгийн газар, Ерөнхий садын түвшинд тодорхой хийж байгаа ажлуудын талаар танилцуулга хийж байгаа. Хэрэгжүүлэх боломжтой зүйлээ хийгээд явах байх. 14 хоног өнгөрсөн ч гэсэн хэрэгжих ажлуудаа эхнээс нь судлаад явж байна. Засгийн газрын хийгдэж байгаа ажлууд дээр нэмээд зөвлөөд явахаар ажил юу байна гэдгийг харж байна. Эхний ээлжинд ул суурьтай судалгаа, зөвлөмж гаргаж сул тал, хүндрэлүүдийг тооцож, алсын хараатай хийх нь чухал гэж харж байна.
Ш.ОЧ