ТОСК-ынхон Банкны холбоонд хандана гэв

Хуучирсан мэдээ: 2014.05.26-нд нийтлэгдсэн

ТОСК-ынхон Банкны холбоонд хандана гэв

Долоо хоног бүрийн даваа гаригт зарладаг Бүтээн байгуулалтын цаг уулзалтад өнөөдөр Төрийн орон сууцны корпорацийнхан оролцож, “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” хорооллын талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газраас гаргасан журмын хүрээнд “Буянт-Ухаа-1” хороололд захиалга өгсөн иргэдийн дунд азтан шалгаруулахад нийт 1764 айлын орон сууцнаас 1500 гаруйд нь азтан шалгарсан байна. Үлдэж буй 224 орон сууцны тухайд азтан шалгараагүй. Энэ нь залуу гэр бүлд олгохоор төлөвлөсөн орон сууцнуудад захиалга ирээгүйтэй холбоотой аж. Харин  224 орон сууц нь бүгд нэг өрөө байр юм байна. Тиймээс өнөөдөр шавыг нь тавьсан “Буянт-Ухаа-2” хорооллыг хоёроос гурван өрөөтэй байхаар зураг төсөл гарсан гэж тус корпорацийнхан хэллээ.

Харин азтанаар шалгарч орон сууцанд орох боломжтой болсон ахмад настан, төрийн албан хаагч нар арилжааны банкинд хандаж жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах болоход шалгуурыг нь хангахгүй байгаа тухай асуудал ихээр хөндөгдөх болсон. Эл асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж буй талаар лавлахад ТОСК-ийн дэд захирал Д.Оюунжаргал “Үүнийг шийдвэрлэхийн төлөө байгаа. Маргааш бид Банкны холбооныхонтой уулзахаар төлөвлөөд байна. Энэ үеэр асуудлыг тавина. Ер нь бол арилжааны банкууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад ахмад настнуудад зээл олгочиход нэг их гажих зүйл байхгүй” гэсэн хариулт өгсөн юм.

Онцлоход, “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллыг 2015 оны аравдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй юм байна. Нийт 2000 гаруй айлын орон сууц барьж дээрх хугацаанд хүлээлгэж өгөхөөр Бүтээн байгуулалт корпорацийнхан тендэрт шалгарсан юм байна. Харин тус байрны үнэ 1м2 нь өнөөдрийнх шиг 1.280 сая төгрөг байж чадах эсэхийг одоогоор хэлэх боломжгүй байгааг албаны хүн хэллээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж