Орос эрч хүчээ авч байна. Кремль дорно зүгт Азийн гүн рүү тэмүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь олон улсын анхаарлыг эрхгүй татаж эхэллээ. Тэр дундаа Хятад Орос хэмээх аварга гүрнүүд олон талт харилцаагаа эрс идэвхжүүлнэ гэж мэдэгдсэн нь Украины асуудлаар АНУ болон Европын холбооны улсууд тэргүүтэй барууны ертөнцөд хүндхэн цохилт өгөхөөр үйл явдал болов. 1990-ээд оноос хойш дэлхий ертөнц нэг туйлт бодлоготой байж барууны хэт нөлөөлөлд байсаар ирсэн. Аажим аажмаар гүрний нөлөөллөө тэлсээр ирсэн боловч Украинд явуулж байгаа өнөөгийн бодлого шиг хэзээ ч цочмог хүчтэй санаачлага гаргаж байсангүй. Гүрж дэх өөрсдийнх нь тодорхойлсноор илбэн тохинуулах мөргөлдөөнөөс хойш шүү дээ. Одоо тэд эргэлт буцалтгүйгээр эргэж ирэхийг хүсчээ. Путин Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуд “Украины жинхэнэ Ерөнхийлөгч Орост байгаа” гэж улайм цайм мэдэгдлээ. Ийнхүү эзэнт гүрэн Путиний хаанчлалын дор эргэн нэгдлээ. Зүүн Европыг элбэгхэн дөнгөчих газрын тос, байгалийн хийн асар их нөөц, нийлүүлэх сүлжээ тэдэнд бий. Оросгүйгээр тэд яаж ч чадахгүй. Авахаа болиод өөр арга хэмжээ авсан ч Орос гуйхгүй.
Дорно дахин тэдэнд нээлттэй. Ялангуяа Хятад. Шанхайн уулзалтаар хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, стратегийн түншлэлд хүргэхээр зорьж буйгаа зарласан. ОХУ-ын “ГАЗПРОМ” нэгдэл, БНХАУ-ын үндэсний нефть, хийн “CNPC” корпораци байгалийн хий нийлүүлэх гэрээг Шанхайд баталж, 30 жилийн хүчинтэй гэрээний нийт үнийн дүн нь 400 тэрбум ам.доллароор хэмжигдлээ. ОХУ мянган шоо метр хийг Европт 365 ам.доллароор зардаг бол Хятадад 350 ам.доллароор нийлүүлэхээр тогтож, гэрээний урьдчилгаа болгож 25 тэрбум ам.доллар авахаар тохиролцлоо. Дэд бүтцийн асуудлыг 2016 онд Амур мөрөн дээгүүр тавих төмөр зам бүхий гүүрэн байгууламжаар шийднэ.
Барууныхан Оросын чадавхийг буруу үнэлж байжээ. ЗХУ задарснаас хойшхи богинохон хугацаанд дэлхийн геополитикийг тэр чигээр нь өөрчилж чадах хэмжээнд хүрч хүчирхэгжихийг тааварласангүй. Одоо тэд хүссэнээ тулгаж чадна. Хүчирхэг АНУ юу ч биш. Хятад гэж найз байхад сөргөөд л зогсчихно. Дээрээс нь оросууд өмнөд Америкийн орнууд хүсвэл Арабын ертөнцтэй ч түншилж чадна. Оросууд хаана олон байна тэнд өөрийн улсаа байгуулж болох улмаар ОХУ-тай нэгдчих боломжтой гэдгийг Крымийн үйл явдал харууллаа. Жишиг тун эвгүй тогтлоо. Олон улсын тоглоомд шинэ үзэгдэл биш ч гэлээ Оросууд чадаж байна. Тэд ямар Шинжаан Уйгар биш. Хятад нуга дараад л орхино. Оросыг зогсоох хүч АНУ тэргүүтэй барууны ертөнцөд үнэндээ алга. Хүчний туйл аажмаар тэдний зүг эргэж байгааг Путин чадамгүй ашиглаж байгаа юм. Цаашид ч шинэ шинэ тоглолт бүс нутгийн хэмжээнд биш дэлхийн хавтгай дээр өрнөх болно. Хуурай газрын тавны нэгийг эзлэн оршдог энэ улсад олон улсын ямар ч хориг үйлчлэхгүй. Хойд Солонгосчууд шиг үе үе цоролзоод ард түмнээ үгүйрүүлэх чадавхитай улс биш. Тэд бол их гүрэн. Өнөөхөндөө Хятадын эдийн засгийн өсөлт, чадавхийг гүйцэхгүй байгаа ч тэр том савыг ашиглаад юугаа ч яаж ч шингээж ашиг олж чадна.
Ашигт малтмалын асар их нөөцтэй гэж сайрхах дуртай Монголчууд энэ том тоглолтоос юу хожих вэ. Ямартай ч Ерөнхийлөгч их гүрний удирдагчтай уулзлаа. Аль алинд тал алдахгүй боломжийн яриа өрнүүлэв. Аятайхан ч хариултууд сонслоо. Төмөр зам Амур мөрөн дээгүүр шууд тавигдаж маниасаа алсуур даялсан ч хоёр дахь боломж нь Монголын нутаг дээгүүр тавигдаж болох санаагаа хуваалцлаа. Монголоор дамжуулан хийн хоолойгоо тавья гэсэн асуултад бүрхэг гэлээ ч нааштай хариу сонссон. Бид ОХУ, БНХАУ-ын ирээдүйн хамгийн том байж болох худалдааны коридорт ул суурьтай хандаж ашиг унагачих тооцоог цаг алдалгүй хиймээр байгаа юм. ОХУ-аас БНХАУ руу хийж буй нүүрс нийлүүлэлт эрс нэмэгдэж, дэд бүтэц муутайгаас тээврийн зардалдаа ноолуулчихдаг өртөг өндөртэй нүүрсний хэмжээ хумигдвал эдийн засаг дахь дарамт улам л нэмэгдэнэ. 150 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж цээжээ дэлддэг хөг өнгөрнө. Нөгөөтэйгүүр оросууд нүүрсээ нийлүүлэхийн тулд манайд тийм ч тааламжтай орчныг үүсгэхгүй. Цохилтоос бултах гарцаа сайн тооцож урагш тавигдах төмөр замынхаа ажлыг түргэвчилмээр байгаа юм. Аз болоход муугаасаа сайн үр дагавар нь олон байх юм шиг. Хоёр гүрний хооронд урсч байгаа хөрөнгийн урсгалаас өчүүхнийг ч гэсэн өөрийн нутаг дэвсгэр дээгүүрээ дамжуулчихбал унах унац нь маньдаа л том олз болно. Энэ мэтээр санаж сэхээрэх зүйл бидэнд их байна шүү.
Гол нь дотооддоо эвтэй байхсан. Боломж үргэлж олдоод байдаггүй гэдэгсэн дээ.
Н.Бадамжав
Эх сурвалж: www.shuud.mn