Могой жилийн тэргүүн дэвжээ тодруулах нутгаа дуурсгана барилдааны сумын цолтны шигшээ барилдаан тавдугаар сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд боллоо.
Хэсэг хэсгээс гарсан шилдэг 6 багийн залуус шимтэйхэн барилдаан үзүүлэв.
Энэ өдөр Булганы Эрдэнэбилэгийн Энх-Амгалангийн бусгаа, Сүхбатын Оргилбаатарын давуулж гуядах, Гүнсэнноровын Батмөнхийн хөмрөх, Баярхүүгийн Улаалзганы хөмрөх мэхүүд аргагүй ялгарч байв. Мөн Завханы Даниа Бат-Эрдэнийн Энх-Амгаланг шахаж татсан, Ховдын Баянмөнх Завханы Чимэдванданг хөмөрсөн, Таван ханы Улаалзгана Увсын Баярцогтыг өмссөн, Увсын Хүрэлсүх Завханы Чимэдванданг давуулж хавирсан барилдаанууд үзэхэд урамтай, ярихад үнэнтэй байлаа.
Энэ өдөр Булганы Энх-Амгалан, Ганбаатар, Түмэндэмбэрэл, Сумьяабат нар, Сэлэнгийн Оргилбаатар, Баясгалан нар, Увсын Хүрэлсүх, Говь-Алтайн Даваажаргал нарын барилдаан аргагүй ялгарч байлаа. Харин Завханы шилдгүүдийн барилдаан төдий л гарсангүй.
Ийнхүү багийн гишүүн тус бүр 16 барилдаан хийж хувийн дүнгээр Булган аймгийн Могод сумын харьяат, Монгол улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбатын төрсөн дүү, сумын заан Энх-Амгалан тэргүүлсэн бол багийн дүнгээр мөн Булган аймгийн Энх-Амгалан, Ганбаатар, Түмэндэмбэрэл, Сумьяабат, Батдорж, Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй баг жигд барилдаан үзүүлж жилийн тэргүүн дэвжээ боллоо.
Чимэдвандан, Батхүрэл, Бат-Эрдэнэ, Хайдавдорж, Улсболд, Доёддорж нарын шилдгүүдийг багтаасан Завхан дэвжээний залуус дэд байрт шалгарсан бол Бүрнээгийн Баянмөнхийн манлайлсан Ховдын залуус гуравт шалгарлаа. Улаалзгана, Ширчинхүү манлайтай Таванханы залуус дөрвөөр орсон бол тавдугаарт Говь-Алтайнхан орлоо. Навааны Хүрэлсүх хэмээх эрэмгий залуугаар ахлуулсан Увс нуурын хүчтэнүүд зургаадугаарт шалгарлаа.
Нутаг нутгийнхаа залгамж болсон залуусын барилдаан үнэхээр үзүүштэй сайхан боллоо. Энд барилдсан залуусаас ирээдүйн улс аймгийн цолтнууд төрөх нь дамжиггүй юм.
Т.ТҮМЭНДЭМБЭРЭЛ (МУИС)