“iPad”- ыг олон улсад худалдаалахыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

“iPad”- ыг олон улсад худалдаалахыг хойшлууллаа

“Apple” компани “iPad” бүтээгдэхүүнээ олон улсын зах зээл дээр гаргах хугацааг нэг сараар хойшлуулж байгаагаа зарлалаа. Ингэснээр тус бүтээгдэхүүний урьдчилсан захиалгыг тавдугаар сарын 10-наас авч эхлэх ба дараа нь тавдугаар сарын сүүлээр худалдаанд гаргах юм байна. Ингэж хойшлуулах болсныгоо тус компани “АНУ-д тус бүтээгдэхүүний эрэлт төсөөлж байснаас илүү” байгаатай холбоотой гэж тайлбарласан байна. “iPad”-ыг АНУ-д худалдаанд гаргахад эхний өдрөө гурван зуун мянган хувь зарагдсан юм. Эхний долоо хоногт 500 мянган хувь зарагдсан гэж “Apple” мэдээлж байгаа. “Эрэлт бидний тооцоолж байснаас илүү байгаа тул бидний ойрын хэдэнд долоо хоногийн нийлүүлэлтэнд нөлөөлж байна” гэж хэлсэн. “iPad”-ын үнэ АНУ-ын дэлгүүрүүдэд 499 ам.доллараас эхэлж байгаа. Тус бүтээгдэхүүн нь wi-fi дэмжих хэдий ч 3G-ээр сүлжээнд холбогдохгүй.

“iPad” шинэ ангиллын бүтээгдэхүүн учраас түүний борлуулалт ямар байхыг таамаглахад хэцүү байсан нь ойлгомжтой. АНУ-ын “iPad” хэрэглэгчид тус төхөөрөмжний интернетэд холбогдох сүлжээнд хүндрэл үүсч байгаа талаар олон гомдол ирүүлсэн. Үүнийг хэрхэн засах талаар “Apple” зөвлөгөө өгсөн ч хүмүүс интернэтэд холбогдоход хүндрэл үүсч байгаа тухай мэдээлэл зогсохгүй байгаа. “iPad”-ын борлуулалтаас үзвэл хэрэглэгчид гар хүрч удирддаг дэлгэцтэй төхөөрөмжийг сонирхож байгаа нь харагдаж байна. Хэрвээ “iPad” энэ хэрэгцээг  богино хугацаанд хангахгүй бол өөр компаниуд энэ зах зээлийн төлөө өрсөлдөх нь дамжиггүй.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж