Ч.Хашчулуун: Өрийн удирдлагын хууль “ус, агаар&#34 мэт хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2014.05.26-нд нийтлэгдсэн

Ч.Хашчулуун: Өрийн удирдлагын хууль “ус, агаар&#34 мэт хэрэгтэй

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуунтай Өрийн удирдлагын хуулийн төслийн талаар ярилцлаа.

 

-Өрийн удирдлагын хуулийн төслийг Сангийн яамнаас УИХ-д өргөн бариад байна. Энэ хуулийг батлах зайлшгүй шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Өрийн удирдлагын хуулийг ярихад хоёр асуудлыг салгаж авч үзэх ёстой гэж бодож байна. Өрийн удирдлага хэрэгтэй юу гэсэн том асуудал бий. Хоёрдугаарт энэ асуудлын хүрээнд юм уу тусад нь өрийн хязгаарыг нэмэх үү, үгүй юу гэдэг асуудал байгаа. Өнөөдрийг хүртэл манайд улсын өрийг тусгайлан зохицуулсан нэгдмэл зүйл байгаагүй. Ганцхан төсвийн тогтвортой байдлын хуулийн хүрээнд л 40 хувийн хязгаар  тогтоосон байсан юм. Гэхдээ энэ хязгаарлалтад орохгүй байгаа зүйлүүд бий. Жишээ нь төрийн өмчит үйлдвэрүүд их алдагдалтай байдаг. Алдагдалтай ажилласаар байгаад их хэмжээний өрөнд орвол яах вэ гэдэг асуудал хариултгүй хэвээр байна. Орон нутаг бонд гаргана гэж ярьж байгаа. Орон нутгийн бондыг эцэст нь хэн хариуцах вэ гэдэг асуудал бий. Төсвийн тогтвортой байдлын хуулинд өрийг 40 хувиас дээш байлгаж болохгүй гэсэн  заалт туссан ч төсөвт ордоггүй задгай зүйлүүд байна. Нуугдмал зардлууд байдаг гэсэн үг. Тухайлбал төр хувийн түншлэл байна. Засгийн газрын бондоос мөнгө гаргаж буй үед алдагдал үүсвэл улсын өр болж хувирна.Уг нь бид улс орны хөгжлийг нэг жилээр биш дунд хугацаанд гэхэд 4-10 жил, урт хугацаанд гэвэл арваас дээш жилгэж цогцоор нь авч үзэх ёстой. Ганц Засгийн газрын хэмжээнд их хэмжээний өр үүсгэж дараа дараагийн жилүүдэд улсад дарамт учруулмааргүй байгаа юм. Нэгэнт үүссэн өрийн хувьд нарийн чанд хяналт шалгалт хэрэгтэй. Өмнө нь улстөрчид төсвөөр их тоглож, үр ашиггүй  зардаг байсан. Харин одоо  төсвөө тоохоо больж, төсвөөс гадуурх мөнгөөр тоглох боломж нь нээгдээд байна. Монголын хувьд төсвийн орлого багатай улс учраас гаднаас тодорхой хэмжээний мөнгө босгох шаардлага гарна. Гэхдээ хэмжээ, хязгаар, хяналт зохицуулалттай байх ёстой. Ийм учраас өрийн удирдлагын хууль батлах зайлшгүй шаардлага байгаа юм.Өрийн хязгаарыг  40-70 хувь болгох нь зөв үү гэсэн асуудал бий. Миний хувьд одоохондоо 40 хувиар нь үлдээх нь зөв болов уу.

-Гэхдээ хөгжлийн том төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага байгаа энэ үед их мөнгө хэрэг болж таарна. Өрийн хязгаар дээр энэ асуудлыг бодолцох учиртай байх?

-Хөгжлийн бодлогын дагуу бүх зүйл өрнөдөг бол асуудал биш л дээ.Монголд өнөөдрийг хүртэл хөгжлийн бодлогыг хуулиар хүлээн зөвшөөрөөгүй . Хэдийгээр хөгжил ярьдаг ч хөгжлийн бодлого ийм байдаг гэдгийг хуулиар тогтоогоогүй гэсэн үг. Ийм үед гаднаас авсан зээл улс орны хөгжилд зарцуулагдаж байгаа эсэх нь маргааны сэдэв болж байна л даа. Иймээс хөгжлийн  бодлого, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бодлогыг   хуулиар тогтоох ёстой. Хөгжлийн бодлогын хүрээнд тооцоо судалгаа гаргаж, ирэх жилүүдэд ийм хэмжээний мөнгө зээлэх шаардлагатай гэсэн яг таг тоо гарсан тохиолдолд гаднаас авах мөнгөний босгыг  өөрчилж болно. Эргэн төлөгдөх баталгаа, үр ашгийн тооцоо байхгүй үед зээл авч зарцуулаад байвал  санхүүгийн байдал хүндрэх эрсдэлтэй. Өрийн удирдлагын хууль тогтолцооны хувьд их чухал. Өрийн удирдлагын хуультай зэрэгцүүлж зээлээр авсан мөнгийг юунд зарцуулах вэ гэсэн асуултад хариу өгөхөөр хуулийн төслийг хэлэлцэх шаардлага бий.Тодруулж хэлбэл  Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг давхар хэлэлцэх учиртай. Энэ хоёр хууль бол нэг тэрэгний хоёр дугуй. Хоёр дугуйтай байж л урагшилна шүү дээ. Албан ёсны хөгжлийн бодлоготой болчихвол өрийн удирдлагын хуульд өрийн хувь хэмжээг нэмэх талаар зохицуулалт хийхэд болохгүй юмгүй.

-Өмнө нь манай улс буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авдаг байсан бол одоо арилжааны зээл авдаг болсон. Ирээдүйд арилжааны чигийн зээл нэлээд өсч таарна. Энэ хуулийн төслийг боловсруулах болсон бас нэг том шалтгаан нь энэ байх?

-Санал нэг байна. Манай улсын хувьд олон улсын санхүүгийн байгууллагаас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах боломж нь багасч байгаа. Арилжааны зээл авах шаардлага гараад ирчихсэн л дээ.  Цаашдаа арилжааны зээл нэмэгдэх нь ч тодорхой. Өрийн удирдлагын хуулийн хүрээнд үүнийг зохицуулах тогтолцоог зайлшгүй үүсгэх ёстой. Тийм учраас цаг үеэ олсон хуулийн төсөл гэж харж байна.

-Сангийн яамнаас өргөн барьсан төсөлд яг юунд зарах нь тодорхой  болсон үед гаднаас зээл авна гэсэн агуулгатай заалт анхаарал татаж байсан. Гэтэл өнөөдөр юунд зарахаа мэдэхгүй зээл авчихаад хүү төлөөд сууж байгаа?

-Энэ заалт өндөр ач холбогдолтой гэдэгтэй санал нэг байна. Зөв хандлага. Гэхдээ энэ асуудлыг тусдаа хуулиар бүр нарийн зохицуулах шаардлага бий. Тэр хууль нь саяын ярьсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль.

-Хөгжлийн бодлогын хувьд Үндэсний хөгжлийн цогц бодлого гэж байгаа шүү дээ. Дунд хугацааны бодлогын баримт бичиг ч бий?

-Үндэсний хөгжлийн цогц бодлого Засгийн мөрийн хөтөлбөрт ороогүй. Хүлээн зөвшөөрөөгүй юм шиг байдал үүсчихээд байна л даа. Тийм учраас л хуульчлах ёстой гээд байгаа юм. Дунд, урт хугацаанд яг үүнийг хэрэгжүүлнэ гээд хуульчихвал асуудал байхгүй. Өнөөдөр гэхэд л зайлшгүй хэрэгжүүлэх учиртай зургаа, долоон төсөл байна. Таван толгойн төмөр зам болон цахилгаан станц, тавдугаар цахилгаан станц, нүүрс боловсруулах, зэс хайлах үйлдвэрүүдийн төсөл эхний ээлжинд хэрэгжүүлэх шаардлагатай төслийн жагсаалтад орсон байгаа. Ийм том төслүүдээ хугацаа алдалгүй хэрэгжүүлж чадвал эдийн засаг өснө. Хэрэгжүүлэхгүй бол эдийн засаг өсөх бололцоо байхгүй.

-Өрийн удирдлагын хуулийн төсөлд энэ заалтыг нэмчихвэл зүгээр гэсэн санаа оноо танд байна уу?

-Энэ хуулийн төсөлд хувийн хэвшлийнхэний  хийж болох юмыг улсын өрөөр хийж болохгүй гэсэн заалтыг нэмж тусгамаар санагдаж байна. Хувийн хэвшлийн чадах юмыг төр оролцож хийхээр их хэмжээний алдагдал, өр авлага, авлига үүсдэг эрсдэл бий. Нэг жишээ нь Таван толгой байна.

-Өрийн удирдлагын хууль манайх шиг улс орнуудын хувьд яагаад амин чухал хэрэгцээтэй гэж та бодож байна вэ? Тодорхой жишээ хэлээч?

-Гаднаас зээл авч, хөгжил рүү чиглэсэн том төслүүд хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Монголын хувьд гаднаас санхүүжилт амжилттай босгож чадсан улс. Үүгээрээ Төв Азийн  зарим орнуудаас давуу талтай байгаа. Манай улсын хувьдулс төрийн манлайлал нь их хүчтэй. Тэгсэн хэрнээ төрийн тогтолцоо, бодлого нь маш сул. Шалтгаан нь хөгжлийн бодлого байхгүйтэй л холбоотой. Өрийн удирдлагын хууль манайх шиг засаглал сул, дөрвөн жилийн дараа засаглал нь солигдохоор шинэ юмыг хайгаад эхэлдэг ийм улсад ус, агаар шиг хэрэгтэй. Өмнө нь гаргасан бодлогыг шинэ засаг гарч ирээд хүлээн зөвшөөрдөггүй ийм үед хамаагүй өр тавьж дэмий зүйлд зарахгүй байхыг сэрэмжлэх зорилготой хууль гэж харж байна. Монголыг машинтай зүйрлэвэл хурдтай давхиж чадаж байгаа. Гэхдээ зарим үед тормослох, маневрлах шаардлага гарах нь тодорхой.  Ийм нөхцөлийг бий болгох  зүйл нь Өрийн удирдлагын хууль.

-Энэ хууль хэрэгжсэнээр бидэнд ямар давуу талууд үүсэх вэ?

-Нэг айл байшин барьж байна гэж бодъё. Энэ жил төчнөөн төгрөг заръя, ирэх жил үлдсэн мөнгийг нь зээлье, ингэвэл байшингаа ачаалалгүй барих юм байна  гэсэн тооцоо гаргаж таарна. Тэгэхгүйгээр орлогоосоо хэтэрсэн зээл авбал дампуурна. Улс орон ч ялгаагүй. Том төслүүд хэрэгжүүлэхдээ дааж чадахаар өр тавих ёстой. Төсвөөс яг ямар төслийг санхүүжүүлэх заагийг ч тодорхой болгох учиртай. Энэ хууль батлагдвал ийм нөхцөл бүрдэнэ. Ингэснээр маш том давуу тал үүснэ гэж бодож байна. Улс төрийн намууд хөгжлийн бодлогын залгамжаа л сайн барих учиртай. Энэ том  төсөл дараагийн Засгийн газрын үед ч хэрэгжих ёстой гэсэн тохироог хийх шаардлага бий. Нэг том төсөл гэхэд л бэлдэх хугацаа нь дөрөв, таван жил, барих хугацаа нь мөн ийм хугацаанд үргэлжилдэг. Тэгэхээр засаг солигдох бүрд өмнөхөө үгүйсгээд байвал хэзээ ч хөгжихгүй. Ийм  нөхцөлийг үүсгэх чухал хэсэг бол Өрийн удирдлагын болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль юм.

Өрийн удирдлагын хуулийн төслөөс өрийг хөгжлийн бодлоготой уялдуулна гэсэн хэсэг толгой дохимоор заалт. Зарим эрх баригчдын хувьд ийм хязгаарлалтууд  толгой дохимоор зүйл  биш байхыг үгүйсгэхгүй. Хөгжлийн бодлого  ч ялгаагүй, тодорхой хязгаар үүсгэдэг. Ямар ч тохиолдолд хязгааруудыг зөв тавихаас аргагүй л дээ. Тэгж байж хөгжил урагшилна. Төсвийн тогтвортой байдлын хууль их сайн болсон. 2012 онд батлагдсан Төсвийн тухай хууль ч дажгүй. Одоо дутуу хоёрхон хэсэг үлдсэн. Нэг нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, нөгөө нь Өрийн удирдлагын хууль. Энэ хоёр хуулийг баталвал  2016 онд байгуулагдах Засгийн газарт ажиллах таатай нөхцөл үүснэ. Өрийг хамгийн хэрэгтэй зүйлд зарцуулах ёстой гэдгийг цогцоор нь зохицуулсан хуулиуд батлагдчихна гэсэн үг.

Ц.БИЛИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж