Зөвлөлт холбоот улс задарснаас хойш улс орныг нь тахал шиг нөмөрсөн хээл хахууль, авлигажсан төр, төрийн эрхэнд гарсан ураг саднуудаас залхсан Украины иргэд Евромайденд жагсч, ерөнхийлөгч Виктор Януковичийг зайлуулсан билээ. Харин ням /V.25/ гаригт болсон Украины ерөнхийлөгчийн сонгуулийн дүн амь нас, амьдралаараа дэнчин тавьж, хувьсгал хийсэн тэдгээр хүмүүсийн зүтгэл дэмий хоосон зүйл байсан уу, үгүй юу гэдгийг харуулна.
Укрианд өчигдөр /V.25/ болсон ерөнхийлөгчийн сонгуульд Пётр Порошенко ялалт байгуулах төлөвтэй байгааг “ВВС” агентлаг мэдээллээ. Украины ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүнг хараахан мэдээлээгүй байгаа ч нэр дэвшигч Пётр Порошенко 56 орчим хувийн саналаар ялалт байгуулна гэж ажиглагчид дүгнэж байна. Харин түүний гол өрсөлдөгч, экс Ерөнхий сайд Юлия Тимошенко урьдчилсан дүнгээр ердөө 12.9 хувийн санал аваад байгаа аж. Үлдсэн гурван нэр дэвшигчийн хувьд 9-өөс бага хувийн санал авсан дүнтэй байна. Сонгуульд ялалт байгуулах нь тодорхой болсон Пётр Порошенкогийн зүгээс дэмжигчдэдээ хандан “Украины улс төрийн хямрал, тулааныг зогсоож, энх тайвныг эргүүлэн авчирна. ОХУ Крымыг булааж авсныг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлжээ. Түүнчлэн тэрээр сонгуулийн нэгдсэн дүн гарч, албан ёсоор ялалт байгуулсныхаа дараа хамгийн түрүүнд Оросыг дэмжигч салан тусгаарлагчдад эзлэгдсэн Украины зүүн хэсгийн Донецк мужаас ажлаа эхлүүлнэ гэж мэдэгджээ. Пётр Порошенко Украины тогтвортой байдлыг хангах үүднээс ОХУ-тай аюулгүй байдлыг хамгаалах шинэ гэрээ, хэлцэл байгуулах хүсэлтэй байгаа аж.
Украины Ерөнхийлөгчийн сонгуульд энэ удаа 23 нэр дэвшигч өрсөлдсөн байгаа. Тэдгээр нэр дэвшигчдээс Украины ерөнхийлөгчөөр сонгогдох хамгийн өндөр рейтингтэй хүн нь “Шоколадны ван” хэмээх хочтой Пётр Порошенко гэж нилээд эртнээс яригдаж байсан юм. Өөрийн хүч, хөдөлмөрөөр босгосон 1.6 тэрбум ам.долларын хөрөнгөөр Украины “Форбес” сэтгүүлийн чансаанд долдугаарт бичигдсэн Пётр Порошенког Украины тусгаар улс болсон 22 жилийн эмх замбараагүй нийгмийн бүтээгдэхүүн гэвэл илүү дөхнө. 2014 оны тавдугаар сарын эхээр Киевийн социологийн олон улсын институтээс явуулсан санал асуулгаар украинчуудийн дийлэнх нь түүний төлөө санал өгөхөөр байгаа бөгөөд Пётр Порошенко өрсөлдөгч нараасаа хамгийн олон буюу 34 хувийн санал авч байсан юм.
Анхны сая рубль
Пётр Порошенко хуучин ЗХУ эдийн засгаа либералчилж эхэлсэн 1989 онд Киевийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ. Зөвлөлтийн үйлдвэрүүдэд гадаадын түншүүдтэй гэрээ хэлцэл байгуулахад зуучилж, зөвлөн, гэрээний 0,5-1,5 хувийг хүртдэг байсан Пётр Порошенко 1989 онд шалгалтаа өгснийхөө дараахан л “Волга” машин худалдан авч, бизнест эргэлт буцалтгүй оржээ. 1991 онд тэрээр хар чинжүүний бизнес эрхэлж, нэг сая ам.долларын ашиг олсон гэдэг. Тэр үед Зөвлөлтийн чихрийн үйлдвэрүүдэд какаоны үр нийлүүлж, хоол амтлагчны бизнес ч хийж явсан түүх бий.
“Шоколадны ван”
Пётр Порошенко 1993 онд Их сургууль, армийн нөхөдтэйгээ нийлэн чихрийн дампуурсан үйлдвэрийг авч, нэгтгэн “Укрпроминьвест” нэртэй компани байгуулж, таван орны 10-аад үйлдвэрт хувь эзэмшсэн вант улсыг байгуулжээ. Тэдгээрээс хамгийн алдартай нь Украины шоколадны томоохон үйлдвэр “Рошен” юм. Дэлхийд 18-рт бичигддэг “Рошен” группийн худалдааны цэвэр ашиг өнгөрсөн онд 1.276 тэрбум ам.долларт хүрсэн байдаг. Шоколадны үйлдвэрлэлд гаргасан амжилт нь түүнд “Шоколадны ван” хэмээх хочийг авчирсан юм. 2013 онд ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас “Рошен” группийн бүтээгдэхүүнийг хүнсний аюулгүй байдлын шаардлага хангахгүй гэдэг шалтгаанаар тус улсад худалдаалахыг хориглож байжээ. 2014 оны гуравдугаар сард мөн тус групптэй холбоотой асуудал дахин үүсч, Москва хотын шүүхээс ОХУ дахь “Рошен” группийн 28 тэрбум ам.долларын хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргасан боловч дөрөвдүгээр сараас үйл ажиллагааг нь сэргээсэн юм.
Одгүй улс төрч
“Шоколадны ван” улс төрд орохоор нэлээн эртнээс хөөцөлдөж эхэлсэн ч түүнийг аз ивээгээгүй юм. Пётр Порошенко 1998 онд 34 настайдаа Винницка мужаас бие дааж нэр дэвшин, парламентад сонгогдож, ерөнхийлөгч Леонид Кучматай ойр Социал демократуудын намд нэгджээ. Гэвч 2000 онд Пётр Порошенко Социал Демократуудаас салж, Эв санааны нэгдэл нэртэй бие даасан фракц байгуулсан байдаг. 2001 оноос Пётр Порошенко Виктор Юшенкотой найзууд болж, сонгуулийн штабыг нь толгойлсон бөгөөд 2002 онд Виктор Юшенкогийн нам парламентад 70 суудал авахад “Шоколадны ван” энэ амжилтын “шагнал” болгож, парламентын төсвийн хорооны дарга болж байжээ. 2004 онд “Шоколадны ван” Виктор Юшенкогийн сонгуулийн штабын нөлөө бүхий хоёр дахь этгээд болсон байсан бөгөөд Ерөнхий сайдын суудлыг горилж байсан ч Юлия Тимошенкод ялагдаж, Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын нарийн бичгийн даргаар сонгогдсон юм.
2005 онд төрийн өмчит компаниудтай холбоотой хээл хахуулийн хэрэгт Юлия Тимошенко, Пётр Порошенко нарын нэр холбогдож, дуулиан дэгдэх үед ерөнхийлөгч Виктор Юшенко Засгийн газраа тэр чигт нь огцруулсан билээ. Хувийн бизнесээ хөгжүүлэхийн тулд татвараас зайлсхийх нь Украины дийлэнх бизнесменүүд ялангуяа олигархиудын хамгийн дуртай “спорт” боловч Пётр Порошенкогийн хэрэгт улс төрийн нөлөө орсон гэж үздэг.
42009 онд Порошенко Украины Гадаад хэргийн сайдаар томилогдлоо. 2012 онд Пётр Порошенко Эдийн засгийн сайдаар сонгогдох үед Виктор Юшенкогийн эдийн засгийн буруу бодлого, улстөрийн тэмцлийн үеийн засаг мартагдсан байв. Виктор Янукович түүнийг Украиныг өрийн хямралаас гаргах өрсөлдөх чадвар бүхий менежер гэж засагт урьсан аж. Тэр үед Пётр Порошенко "Хэрэв Украиныг Европын холбоонд нэгтгэх ажлыг түргэтгэхэд эрсдэл үүрэх шаардлагатай бол би түүнийг үүрэхэд бэлэн” гэж мэдэгдэж байжээ. Пётр Порошенко 2012 оны Украины парламентын сонгуульд ялсны дараа Эдийн засгийн хөгжлийн сайдын суудлаа орхисон. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард Украины авилгажсан ерөнхийлөгч Виктор Януковичийг зугатсаны дараа Пётр Порошенко түр засгийн газарт ороогүй бөгөөд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бүх хүчээ дайчилжээ. Пётр Порошенкогийн төвийг сахисан, хэт даврагчидтай холбоо сүлбээгүй, авлигачдаас хол байсан зэрэг нь Украинчуудын дунд түүний рейтингийг өсгөсөн гэж үздэг. Украины алдарт боксчин, улстөрч Виталий Кличко ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн ч Пётр Порошенког дэмжихээ илэрхийлж, нэрээ татаж авсан нь учиртай. Майданы эсэргүүцлийн үеэр Пётр Порошенко, Виталий Кличко нар жагсагчидтай уулзан, хүчирхийллийг эсэргүүцэж байсан нь олны дэмжлэг авахад ихээхэн нөлөөлсөн гэгддэг. Пётр Порошенкогийн хүчтэй өрсөлдөгч байж мэдэх Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенко Киевийн социологийн олон улсын институтээс явуулсан санал асуулгын дүнгээр ердөө 9.6 хувийн санал авсан бол Украины банкны магнат Сергей Тигипко 6.7 хувийн санал цуглуулсан байгаа. Тимошенкогийн бусдыг татах чанар, улстөрийн хоригдол байсан түүхийг эс тооцвол “Шоколадны ван” Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг ардаа орхих боломжтой хэмээн ажиглагчид үзэж байгаа билээ.
Пётр Порошенко өөрийгөө либерал үнэт зүйлсийн төлөө үнэнч явж ирсэн ахицтай, амжилттай хүн гэдэг. Гэвч түүнийг Украины тусгаар улс болсноос хойш богинохон хугацаанд энэ улс орны хамгийн уучилшгүй гай тарьсан улстөрчтэй хамтран ажиллаж, түүний удирдлага дор өөрийн бизнесийг өргөжүүлж байсан гэх шүүмжлэгчид ч олон бий. Хэрэв Пётр Порошенкогийн улс төрийн мөрөөдөл биелж, ерөнхийлөгч боллоо гэж бодоход өмнөх удирдагч, олигархиудынхаа замаар орвол Украины хувьсгал, олон хүний амь нас, хүсэл зориг талаар болох билээ.
ТООН ХЭЛЭЭР
- 1989 онд Киевийн Улсын Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэв.
- 1991 онд анхны бизнесээсээ нэг сая ам.долларын ашиг олжээ.
- 1993 онд “Укрпроминвест” компаниа байгуулав.
- 1998 онд Винницка мужаас бие даан нэр дэвшиж, улс төрд хөл тавилаа.
- 2000 онд Социал демократ намд “Эв санааны нэгдэл” бие даасан фракц байгуулав.
- 2002 онд парламентын төсвийн байнгын хорооны дарга боллоо.
- 2005 онд Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн даргаар сонгогдов.
- 2007-2012 онд Украины төв банкны удирдах зөвлөлийн тэргүүнээр ажиллав.
- 2009 онд Украины Гадаад хэргийн сайдаар сонгогдов.
- 2012 онд Украины Эдийн засгийн хөгжлийн сайдаар сонгогдов.
- 2013 онд “Форбес” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад Украиндаа долдугаарт бичигдэв.
НЭМЭЛТ: 17:30 цаг
Украины ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөж, санал тоолох ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар саналын хуудсын 60.15 хувийг тоолж дууссан байгаа бөгөөд сонгогчдын 53.72 хувийн саналаар Тусгаар тогтнолын намаас нэр дэвшигч Пётр Порошенко тэргүүлж байна. Харин “Батькивщина” (Эх орон) намын тэргүүн Юлия Тимошенко 13.09 хувийн санал авчээ. Харин бусад 19 нэр дэвшигчдийн хувьд есөөс бага хувийн санал авсан дүнтэй байна. Украиндсонгуулийн насны 35.5 сая иргэн бүртгэлтэй байгаа ч ОХУ-д нэгдсэн Крымын 1.8 сая, салан тусгаарлагчдад эзлэгдсэн Донецкийн 3.3 сая, Луханскийн 1.8 сая сонгогч нийт 20 орчим хувь нь ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй гэдгийг сонгуулийн хорооноос мэдээлжээ. ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Украины ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүндэтгэн үзэхээ мэдэгдсэн байна. Өөр нэг шинэ мэдээлэл дуулгахад, Оросыг дэмжигч салан тусгаарлагчид өнөөдөр /V.26/ Донецк хотын нисэх буудлыг бүсэлснээс онгоцны бүх нислэг цуцлагдсан байна.
Орчуулсан Н.ЭНХ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №063