Засгийн газрын 11-11 төвд өнөөдрийн байдлаар 10 гаруй гомдол, санал ирээд байна. Иргэдийн зүгээс бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар гомдолтой буйгаа дуулгаж “үнэ тэнгэрт хадлаа. Иддэг гурил будаагаа авч чадахгүй юу идэхээ ч мэдэхээ болиод байна. Үнийн өсөлтөнд төрөөс хяналт тавина уу” хэмээн хүссэн байна.
Мөн иргэдээс лавлах үйлчилгээний талаар гомдол ирсэн нь “16-16 гэх мэт төлбөртэй лавлахууд мэдээллээ шинэчлэхгүй, хуучин буюу ашиглагдахгүй байгаа дугаар өгч иргэдийг хохироож байна. Хяналт тавьж өгнө үү” гэх шүүмжлэл байв.
Сүүлийн өдрүүдийн хувьд амьдрах орчин тойрон, зам засварын талаарх гомдол түгээмэл байгаа ч мөн “Барилгын сомасволууд хотын гудмаар явж, тавьсан замыг юу ч үгүй болгож байна. Хятад том машинууд зам их эвддэг. 22-ын товчоо, Баянзүрхийн товчооноос дотогш нэвтрүүлэхийг хориглох хэрэгтэй байна” “СБД 1-р хороо, Хуучнаар "Болор" нүдний эмнэлэгийн газар дээр шинээр баригдаж байгаа барилгын компани нь барилгынхаа хашааг дур мэдэн тэлж оршин суугчдын машины зогсоол, байр луугаа орж гарах гарцыг багасгаж хүндрэл учруулж байна. Энэ асуудлыг шалгаж, шийдвэрлэнэ үү” зэрэг гомдлуудаас харагдаж байв.
Түүнчлэн асуудал жолооч, такситай холбоотой хоёр ч санал ирсний эхнийх нь таксины төлбөрийн талаар, нөгөө нь оройн цагаар согтуу жолооч ихээр явж буй тухай байлаа. Иргэн гомдолдоо “Өчигдөр Ийгли тв-ийн нэвтрүүлгээр Нийслэлийн Замын Цагдаагийн газрын мэргэжилтэн ахлах дэслэгч Энхболд ярихдаа 5 сарын 21-22 шилжих шөнө 74 согтуу жолооч баригдсан. Үүний 10 гаруй жолооч нь эрхээ хасуулан согтуу тээврийн хэрэгсэл жолоодож байсан гэж байна. Согтуу тээврийн хэрэгсэл барьсан баригдаагүй олон мянган хүн байгаа. Согтуу жолоочийн асуудлаар торгуулийн шинэчилсэн журам баталж байгаа нь торгуулийн хэмжээг ихэсгэнэ гэж байгаа боловч энэ үйлчлэхгүй. Иймээс согтуу тээврийн хэрэгсэл жолоодож байгаа иргэний жолоодох эрхийг 5-10 жил болгож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй хатуу журмыг гаргах хэрэгтэй” хэмээсэн байв.
Б.ЭНХ