Дугуйн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 1-ний хооронд Казахстаны Астана хотод болох юм. Уг тэмцээнд оролцох баг тамирчдыг өнөөдөр УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Ж.Батзандан болон ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нар Чингисийн талбайд гаргаж өглөө. Энэ үеэр дараах хүмүүсээс сэтгэгдлийг нь сонслоо.
Дугуйн холбооны ерөнхийлөгч Ж.Батзандан:
-Манай баг хоёр эмэгтэй, 11 эрэгтэй, нийт 13 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр ААШТ-д оролцоно. Дугуйн спорт маань сүүлийн жилүүдэд бодитой хөгжил рүү явж байгаа, ялангуяа нийт хүүхэд, залуучууд маань энэ спортоор сонирхлын дагуу хичээллэж, өргөн хүрээтэй хөгжүүлж байна. Дугуйн холбоо болон Засгийн газраас цаашид гадны томоохон тэмцээнд оролцох тамирчдадаа тодорхой дэмжлэг үзүүлэхээр ярилцаж байгаа. Мөн дугуй, хэрэгсэл, материалын хувьд ч анхаарал хандуулж байна. Энэ жил дугуйдчын хувьд дотоодын 15 тэмцээн байгаа. Эдгээр тэмцээний дөрвийг нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр, бусад тэмцээнийг Монголын дугуйн холбоо, иргэдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулна.
ССАЖЯ-ын сайд Ц.Оюунгэрэл:
-ССАЖЯ байгуулагдсанаасаа хойш спортын бүх төрлөө дэмжиж ажиллахыг чухалчилж байгаа. Дугуйн спортынхондоо хандаж хэлэхэд, удахгүй бид дугуйн спортыг үндэсний шигшээ багт албан ёсоор оруулахаар төлөвлөөд байгаа. Гэхдээ энэ жилдээ орон тооны бус шигшээ гэдгээр явна. Энэ нь дотооддоо бэлтгэл сургуулилт хийхэд нь хоёр удаа дэмжих, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, витаминжүүлэлтэд хамруулах, эрдэм шинжилгээний судалгаа явуулах зэрэгт дэмжлэг үзүүлнэ гэсэн үг юм. Манай дугуйчид өвлийн улиралд бэлтгэл хийх нөхцөл бололцоо муутай байдаг. Энэ байдлыг бид өөрчлөхөд тусална. Гадаа бэлтгэл хийгээд, дотор ороод дулаацаж болохуйц зам талбай орчноор хангах тал дээр ССАЖЯ-аас анхаарал хандуулж байгаа. Монголын дугуйн холбооноос боловсруулсан төсөл, газрын шийдвэр дээр яам хамтарч ажиллан, хөрөнгө оруулалтыг нь бүрдүүлэх зорилготой байгаа. Нэг харамсалтай зүйл болсон нь, энэ оны спортын тоног төхөөрөмжийн зардлыг тэр чигт нь хассан. Тийм учраас энэ жил тамирчдааа дугуйгаар хангаж чадахгүйд хүрсэн байгаа. Уг асуудлыг дахин ярилцаж, спортын тоног төхөөрөмжийн хөрөнгийг хасах юм бол маш хүнд үр дагавартай болж байна шүү гэдгийг УИХ-д уламжилж, 2015 онд спортын тоног төхөөрөмжийн хөрөнгийг хасуулахгүй гэсэн байр суурь баримталж ажиллана.
Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран:
-Энэ жил манай холбоо Азийн аварга шалгаруулах тэмцээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох гэж абйна. Бүрэн бүрэлдэхүүнээрээ гэдэг нь 17, 18 насны залуучууд, 23 хүртлэх насны залуучууд болон 23-аас дээших насны залуучууд буюу насанд хүрэгчид гэсэн ангилалд бүрэн бүрэлдэхүүнээрээ өрсөлдөж байна гэсэн үг. Онцлоход, Азийн аварга Т.Энхжаргалаас гадна дахин нэг эмэгтэй энэ тэмцээнд оролцоно. Дасгалжуулагчаар Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших, дасгалжуулагч Ч.Болдбаатар, Ж.Даваатогтох нар ажиллана. Энэ тэмцээнд бид Т.Энхжаргалын Азийн аварга цолыг батлах зорилго тавьж байна. Ер нь насанд хүрэгчдийн ангилалдаа бид өндөр найдлага тавьж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт манай дугуйн спортын Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тус тэмцээнд өсвөр үеийн 100 гаруй тамирчид оролцсон нь анх удаа ийм олон хүн оролцсон тохиолдол болсон юм. Энэ тоог харахад л манай дугуйн спортыг ямар олон хүүхэд залуучууд сонирхож, тэр хэрээр хөгжиж байгаа нь тодорхой харагдсан гэхэд болно. Залуучуудыгаа дугуйн спортоор хичээллэхийг энэ дашрамд уриалж байна.
Э.ТЭКҮ