Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх нь зөрчигдөж байгаа талаар Хараагүйчүүдийн холбооны төвийн дарга Ч.Дэлгэрмаа, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны дарга н.Чулуундолгор, Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гишүүн Н.Баяраа нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол Улсад 120 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэ байдаг аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2-д заасны дагуу таксинаас бусад тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих ёстой байдаг ч энэ хуулийг дагаж мөрдөхгүй байх явдал сүүлийн үед даамжирсан гэдгийг мэдээлэл хийгчид онцлов. Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа хараагүй хүнд буудлыг нь зарлах, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулж урсдаг зар байрлуулах гээд хуулиар тусгасан заалтууд бүгд хэрэгждэггүйг тэд мөн шүүмжилж байлаа.
Засгийн газар 2011 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүн тээвэрлэхэд зориулж нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 41 аж ахуйн нэгжид 13.2 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон байдаг аж. Гэтэл ихэнх автобусны үйлчилгээ эрхлэгчид болон кондукторууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх дургүй, үнэмлэхийг нь үл ойшоодог, хэлгүй, дүлий хүмүүсийг цохиж, чимхэх зэргээр зүй зохисгүй харьцаж байгаа тухай гомдол ирсээр байгаа тул Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс нийслэлийн удирдлагуудад шаардах хуудас хүргүүлж байгаа талаараа дээрх байгууллагууд мэдэгдлээ. Тэд шаардах хуудсаар дамжуулан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийг хууль сахиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зөв боловсон, хүндэтгэлтэй хандахыг уриалжээ.
Э.ДАРХИЖАВ