Н.Батцэрэг: Эх хэлний манаачтай болно

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг: Эх хэлний манаачтай болно

УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол хэлний тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байгаа. Уг хуулийн төслийн талаар санаачлагч гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй ярилцлаа.

-Даяаршлын нөлөө хүчтэй явж буй үед эх хэлээ хамгаалах хуулийн төслийг УИХ-ын  гишүүд санаачилсан нь хэл шинжлэлийн ухааны эрдэмтэн судлаачдын хувьд “Цаг үеэ олсон чухал ажил боллоо” гэж үнэлж байна. Гэхдээ монгол хэлийг тойрсон асуудал асар их байна, тэр бүгдийг энэ хуулиар бүрэн зохицуулж чадах уу. Ер нь монгол хэлэнд харь үг хүчтэй нөлөөлж байгаа нь манайд хууль байхгүйтэй холбоотой юу. Эсвэл хууль үйлчилдэг ч цаг үеийн шаардлагыг хангахгүй байна уу?  

-Дэлхий дээр даяаршлын үйл явц өргөн цар хүрээтэй явагдах боллоо. Мэдээллийн технологи хил хязгааргүй хөгжиж, харилцан соёлын нэвчилт бий болгосноор үр нөлөөнд нь үндэсний хэл соёл, уламжлал уусах, бүдэгрэх, доройтоход заналхийлдэг болж байна. Улс үндэстнүүд тэрхүү сөрөг үр дагавраас хэл соёл, өв уламжлалаа хамгаалахад маш их ач холбогдол өгч анхаарч байна. Монгол Улсын хувьд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол хэл, монгол бичгийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлого зохицуулалт алдагдсан байна. Тухайлбал, эх хэлний мэдлэгийн төвшин доройтсон, монгол хэлний зөв бичгийн дүрэм, толь бичгийн нэгдмэл байдал алдагдсан, бүх шатны боловсролын байгууллага дахь эх хэлний сургалтын чанар муудсан, гадаад нэр томъёог монголчлох, үгийн санд шинээр бүртгэх ажил зогсонги байдалд орсон. Гудамж талбай, зам, албан байгууллагын нэр хаягийг гадаад хэлээр бичдэг болсон, зарим дунд сургууль сурагчиддаа монгол хэлний хичээлийг заадаггүй зэрэг эх хэлний маань хэрэглээ, хөгжил, хамгаалалттай холбоотой олон сөрөг асуудал хуримтлагдсан байгаа. Монголд өнөөдөр Төрийн албан ёсны хэлний тухай хууль үйлчилж байгаа ч нийгмийн харилцааны үндсэн хэрэглүүр болох талаасаа зохицуулалт муутай, байхгүй ч гэж хэлж болохуйц байна. Үүнээс гадна  Төрийн хэлний зөвлөл гээд бүтэц байдаг ч, чиг үүрэгт нь зөвхөн нэр томъёотой холбоотой асуудлыг эрхлэхээр заасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд монгол хэлийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, хэм хэмжэээг тогтоох түүнийг батламжилж мөрдүүлэх зэрэг төрийн чиг үүрэг, хууль хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудын үүрэг оролцоо ямар байхыг дээрх хуулиар хууль эрх зүйн хүрээнд зохицуулаагүй гэсэн үг. Тийм учраас энэ бүх асуудлыг шинээр зохицуулах шаардлага гарсан учраас Монгол хэлний тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан.

-Зарим дунд сургууль сурагчиддаа монгол хэлний хичээлийг заадаггүй нь сөрөг үр дагавар дагуулж байна гэж та хэллээ. Уг хууль батлагдсан нөхцөлд өмчийн хэлбэрээс үл хамаарч бүх сургуульд монгол хэлний хичээл орох шаардлага тавигдах нь гэж ойлгож болох уу?

-Болно. Өмчийн хэлбэрээс үл харгалзаад бүх шатны боловсролын байгууллагад монгол хэлний хичээл заавал ордог сургалтын хөтөлбөртэй болно. Ийм зохицуулалт хийж өгөхгүй бол зарим хувийн сургууль сурагчдаа дунд ангид ортол нь монгол хэл заадаггүй юм байна. Энэ нь хүүхэд, залуу үеийнхний монгол хэлний чадвар доройтоход нөлөөлж байна гэж эрдэмтэн, судлаачид багш нар хэлж байна. Тухайлбал, хот суурин газрын хүүхэд, залуус уламжлалт монгол ахуйгаа мэддэггүй, монгол ахуйг дүрсэлсэн зохиол бүтээл, үг хэллэгийг ойлгодоггүй болсон байна. Хотжилт маш хүчтэй явагдаж байгаа нь амьдралын хэв маягт нь өөрчлөлт оруулж… Тэр дундаа монгол хэлийг заах, гадаад хэлний боловсрол олгох асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулж өгөөгүйгээс хүүхдэд хэтэрхий багаас нь гадаад хэл заадаг, тодруулж хэлбэл, цэцэрлэгийн ахлах ангиас эхлээд бага ангийнханд гадаад хэл заах нэг төрлийн моод хүчтэй явах болж…. Мөн залуу үеийн сэтгэлгээ нь монгол хэл, монгол сэтгэлгээ энэ болгоноос хөндийрүүлж байна. Байдал энэ хэвээр үргэлжилбэл монгол хэл сэтгэлгээ устах бодит аюул үүсэх учраас монгол хэлний хичээлийг бүх сургуулийн сурагчид заавал үздэг хичээл болгож хуулиар баталгаажуулж өгөх юм. Үүнээс гадна хэлний зөв бичихийн дүрэм дээр маш том зохицуулалт хэрэгтэй байгаа.

-Тухайлбал, хэлний зөв бичихийн дүрмийг яаж зохицуулна гэж… Магистр цолтой багш бүхэн хэлний зөв бичихийн дүрэм санаачилж, олон нийт аль дүрмийг мөрдөх вэ гэдгийг мэдэхгүй болж будилж байна?

-Хэлний эрдэмтдийн зохиосон өөр, өөр дүрмүүд 20 иод төрлийн толь бичиг, тайлбар, ном ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуульд зэрэгцээд хэрэглэгдэж байгаа. Энэ нь монгол хэл оршин тогтноход сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа. Ийм учраас дээрх дүрмийг бүгдийг журамлана. Үүнийг Хэлний бодлогын үндэсний зөвлөл бүрэн хариуцаж, нэг мөр зохицуулалттай болгох асуудлыг хийнэ. Миний бодлоор Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг Монгол хэлний манаач гэж хэлмээр байгаа юм.

-Одоо үйлчилж байгаа хуулиар Төрийн хэлний зөвлөл гээд нэг бүтэц бий. Түүний оронд Монгол хэлний үндэсний зөвлөл байгуулагдана гэсэн үг үү?

-Тийм,  Төрийн хэлний зөвлөлийн чиг үүрэгт өөрчлөлт орж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Монгол хэлний үндэсний зөвлөл байгуулагдана. Тус зөвлөл монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх асуудлыг бүхэлд нь хариуцаж ажиллахаар хуулийн төсөлд тодорхой тусгасан.

-Монгол хэлний бодлогын үндэсний зөвлөл хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй байх вэ, байнгын ажиллагаатай байх уу?

-Монгол хэлний бодлогын үндэсний зөвлөл есөн гишүүнтэй байна. Монгол хэл, утга зохиолын эрдэмтэд, хэвлэл мэдээллийнхэн, боловсрол, шинжлэх ухааны төлөөллөөс бүрдэнэ. Байнгын ажиллагаатай байхаар төсөлд тусгасан. Зөвлөлийн гишүүдийг зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно. Ерөнхийлөгчийн дэргэд байх юм. Даргыг нь гишүүдийн дотроос сонгож, гурван жилийн хугацаатай томилно. Зөвлөлийн даргыг хоёроос дээшгүй удаа улираан томилж болно. Зөвлөлийн дарга нь зөвлөлийн хуралдаанаа зарлан хуралдуулдаг байна. Ажлын алба нь өдөр тутмын ажлаа удирдан явуулна гэх мэтчлэн зүйлүүдийг хуулийн хүрээнд оруулж өгсөн.

-Хөгжлийг дагаад гадаад хэл маш хүчтэй орж байгаа ч түүнийг эх хэлэндээ буулгаж чадахгүйгээс “Монголчлох” маягаар гадаад үгийг хэрэглэх болсон. Үүнийг Монгол хэлний бодлогын үндэсний зөвлөл хариуцаад явах уу?

-Эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан дүрэм, толь бичиг, нэр томъёоны орчуулгыг тус зөвлөл батламжилна. Зөвхөн тус газраас баталсан толь албан ёсны хэрэглээнд хэрэглэгдэнэ, тус зөвлөлөөр баталсан дүрмийг нийтээрээ дагаж мөрдөж байх эрхийг Монгол хэлний бодлогын үндэсний зөвлөлд өгөх юм. Хуучин хуульд байгаагүй, хэлний бодлого, шат шатны байгууллагын эрх үүргийг зааж өгсөн.

-Гудамжны самбаруудад харь хэлний үгийг өргөн хэрэглэх болсон. Энэ бүхэн бас цэгцлэгдэх үү?

-Хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт Монгол хэлийг хэрэглэх тухай тусгайлан зааж өгсөн.  Албан ажил хөтөлж явуулах, реклам зар сурталчилгаа, гудамжны самбар гэх мэт хэл хэрэглэхтэй холбоотой нийтлэг зохицуулалтыг тусгаж өгсөн.

-Техник, технологийн хөгжлийг дагаад твиттер, фейсбүүк гэх шинэ “ертөнц” бий болсноор монгол хэл, гадаад хэл хольж хэрэглэх, ярианы хэл гэхэд хэцүү үгнүүд их хэрэглэх болсон. Энэ асуудал ямар байдлаар зохицуулагдах вэ?

-Монгол хэлний хэрэглээний хүрээ ямар байх юм, зөв бичих дүрэм ямар байх юм бэ гэдгийг нэгбүрчлэн суулгаж өгсөн. Дээр нь энэ бүхэнд хяналт тавих Монгол хэлний үндэсний бодлогын зөвлөл ажиллаад эхлэхээр энэ бүхнийг цэгцэлж болно гэж үзэж байгаа.

-Ер нь бусад орнууд эх хэлээ гадаад хэлээс хамгаалах бодлогыг ямар байдлаар хэрэгжүүлсэн ирсэн байдаг вэ?

-Бусад орны туршлагыг судлахаар бүгд Хэлний үндэсний зөвлөлтэй байгаа. Зарим орнуудад зөвлөл нь 200-300 жил болж байна. Мөн Франц улс 1700-гаад оны дундуур батлагдсан хуулиа  сайжруулсаар одоог хүртэл мөрдөж байна. Том колончилогч гүрэн байсан учраас англи хэлний түрэлтээс франц хэлийг авч үлдэхийн тулд анх хуулиа баталсан байдаг юм билээ. Улмаар франц хэлийг хөгжүүлэх, франц соёлыг дэлгэрүүлэх чиглэл рүү түлхүү явсан.Одоо франц улс том нөлөөтэй, соёл нь өргөн тархсан байгаа. Хуулийн үйлчлэл нь их олон жил явчихсан, Хэлний үндэсний зөвлөл нь өргөн эрхтэй. Хэлний толь бичиг, хэлний өдөр тутмын хэрэглээн дээр мониторинг хийлгэх, судалгааны байгууллага ажиллуулах, хяналтын тогтолцоотой мөн торгуулийн хүчтэй санкцтай байгаа.

Монгол Улсын хувьд өөрөө их агуу үндэстэн. Дэлхий дээр олон үндэстэн байдаг ч зарим улсууд өөрийн бие даасан үндэстэн төрөө байгуулаагүй, бусад үндэстнүүдтэй нийлж байгаад холбооны төр байгуулсан байдаг. Харин Монгол үндэстэн төр улсаа байгуулчихсан, эх хэл, соёлоо хэдэн мянган жилээр энэ цаг үед аваад ирсэн агуу түүхтэй. Тийм учраас энэ цаг үеийн хамгийн том үүрэг хариуцлага нь дараа үедээ эх орон газар нутаг байгаль дэлхий, эх хэл соёлоо бүрэн бүтнээр өвлүүлж үлдээх явдал. Тур тусмаа үндэстэн өнө мөнхөд оршин тогтноё гэх юм бол эх хэл, соёлоо авч үлдэж байж оршин тогтноно. Эх хэл, соёл, эх орон газар шороо, ард түмэн энэ гурав салгаж болшгүй зүйл. Тулгын гурван чулуу шиг, нэг нь нөгөөгүйгээр байж болохгүй зүйл. Үндэстэн оршин тогтнохын үндэс нь энэхүү салгаж болшгүй гурван зүйл юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж