Эдийн засгийн хүндрэлийн шалтгаан нь төрийн шийдвэр, үйл ажиллагааны буруу зохион байгуулалт гэж үзсэн УИХ-ын бие даагч гишүүд парламентын харьяаны байгууллагаас эхлэн хариуцлага тооцох төсөл өргөн барьсан. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.
-Бие даагч гишүүд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд хариуцлага тооцохыг хүссэн. Ямар үндэслэл дэвшүүлсэн юм бэ?
-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал маш хүнд байна. Энэ нь гадаад нөхцөл байдал гэхээсээ илүү Засгийн газрын, манай улстөрчдийн бодлогын алдаа. Тодруулбал, Засгийн газар эдийн засгийн чухал шийдвэрийг маш буруу, алдаатай гаргаснаас болсон. Монголбанк ч үүнд хамаарна.
Зүв зүгээр байхад алдаатай бодлогын шийдвэр гарч, валютын ханш яаж өөрчлөгдөв. Өнөөдөр бид мөнгөний бодлогоо алдчихлаа. Золиосонд нь маш олон үндэсний бизнес эрхлэгч, цалингаараа амьдардаг олон, олон хүний худалдан авах чадвар унасан. Иргэдийн амьдралд яаж нөлөөлж буй нь шууд мэдэгдэж байна шүү дээ. Тэгэхээр Монголбанкны ерөнхийлөгч, сайд, дарга гэдэг мяндагтнуудад үүрэг байна уу гэж асууя. Яагаад үүргээ биелүүлж чадсангүй учраас хариуцлага тооцох уу гэж асуусан хүнийг буруутгаж, доромжилдог юм.
Хариуцлага гэх зүйлийг хэзээ ч ярихгүй байна. Тиймээс ядаж УИХ нь өөрийнхөө бүтцийн байгууллагадаа, Монгол банкинд хариуцлага тооцъё гэсэн. Тооцоо судалгаатай бүх үндэслэлээ дөрвөн хуудас материалаар холбогдох газарт нь өгсөн.
-Тэд Засгийн газартай дэндүү ойр ажиллаж, хөтөлбөр хэрэгжүүлсэн нь алдаа болж харагдсан гэх юм. Хараат бус байдлаа алдчихсан гэж үзсэн хэрэг үү?
-Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх нэрээр зах зээлд гурван их наяд төгрөг оруулсан. Ямар ч эдийн засгийн мэдлэггүй хүмүүс ингэж байхад, Монголбанк хяналт тавьж, зогсоох байсан юм. Тэр их мөнгөө хэдэн компанид, ямар шалгуураар өгсөн бэ. Зорьсон үнэ нь үнэхээр тогтворжсон юм уу. Яагаад зах дээр барааны үнэ өсөөд байна вэ. Энэ бүх асуултад хариу өгөх ёстой. Бас Монголбанкны бодлогын зөвлөл ажлаа хийж чадаж байна уу, зөвлөлийн дүгнэлт хааччихав аа. Хяналтын зөвлөл нь ч ялгаагүй байна.
-Албан тушаалтан огцорлоо гээд асуудал шийдэгдэх болов уу?
-Тэгвэл ерөөсөө хэнд ч хариуцлага тооцохгүй яваад байвал бүх юм сайхан болох уу. Хүн болгоны толгойг илээд л яваад байя гэж асууя.
-Огцруулахаас өөрөөр шийдэх боломж байхгүй гэж үү?
-Огцруулах асуудлыг хэлэлцье гэсэн юм. Энэ асуудлыг сөхөж, хөндөж ярих ёстой. Миний томилсон, парламентын томилсон хүн ажлаа хийж чадахгүй байхад нь хариуцлага тооцох ёстой биз дээ. Намайг сонгосон хүмүүс үүнийг хүлээж байна шүү дээ.
Ү.Одбаяр
Эх сурвалж: Ардчилал