&#34Энагурэ&#34, &#34Хасу Мегастарс&#34 багууд аваргаар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

&#34Энагурэ&#34, &#34Хасу Мегастарс&#34 багууд аваргаар шалгарлаа

Волейболын "Хаврын нээлттэй тэмцээн"-ий аваргаар эрэгтэйчүүдээс "Хасу Мегастарс", эмэгтэйчүүдээс "Энагурэ" багууд тус тус шалгарлаа.

Монголын волейболын холбоо, "Витафит" групп хамтран зохион байгуулж буй клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21-нд эхэлсэн "Хаврын нээлттэй тэмцээн"-нд эрэгтэй зургаа, эмэгтэй таван баг өрсөлдсөнөөс дөрвөн баг цааш өрсөлдөх эрхийг авсан. Өчигдөр тэмцээний алтан медалийн эзэд тодорсон бол өнөөдөр хүрэл медалийн шийдвэрлэх гурав дахь цуврал тоглолт болж, тэмцээн өндөрлөнө.

Эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтод "Хасу Мегастарс" "Эрчим"-ийг 2:0-ийн харьцаагаар хожсоноор хаврын тэмцээний аваргаар шалгарлаа. Энэ жил Чехийн хоёр легонер тоглогчийг эгнээндээ багтаасан "Хасу Мегастарс" баг хагас шигшээд өнгөрсөн жилийн хаврын тэмцээний аварга "Алтайн барс" багийг хожсоноор шигшээд шалгарсан. Улмаар тэд алтан медалийн төлөөх хоёр цуврал тоглолтод өнгөрсөн жилийн намрын тэмцээний аварга "Эрчим" багийг хожиж, нээлттэй тэмцээний анхны медиалиа, тэр дундаа аваргын алтан медаль хүртээд байна. "Хасу Мегастарс" баг өнгөрсөн жилийн намрын тэмцээнд IV байрт шалгарч байжээ. Тус багийн дасгалжуулагчаар ОУХМ н.Солонгоо ажиллаж байна.

Эмэгтэйчүүдийн аваргын төлөө шалгараад байсан "Энагурэ", "Эрчим" багуудын цуврал хоёр тоглолтод "Энагурэ" хожсоноор ээлжит түрүүгээ авлаа. "Энагурэ" баг хаврын тэмцээнд хэсгийн болон шигшээд тоглолтуудад хожигдолгүй 100 хувийн амжилттай тэмцээнийг өндөрлүүллээ. Өнгөрсөн жилийн хавар, намрын аварга "Энагурэ" багийн хувьд 2013 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон.

Өнөөдөр хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх хоёр тоглолт Спортын төв ордонд 12.00, 14.00 цагуудаас тус тус болно. Эмэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн намрын тэмцээний мөнгөн медальт "Сүхбаатар Цайрт Минерал" болон энэ жилээс шинээр лигийн тоглолтод оролцож байгаа "Энагурэ В" буюу "Монти" багууд шалгарсан. Багуудын хожлын харьцаа 1:1 болж, өнөөдөр шийдвэрлэх гурав дахь тоглолтоо хийх юм.

Эрэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн намрын тэмцээний аварга "Алтайн Барс" болон ОБЕГ-ын "Аврагч" багууд шалгарсан. Хоёр багийн тоглолтын хожлын харьцаа 1:1 болоод байна. Өнөөдөр болох шийдвэрлэх гурав дахь тоглолтод хожсон баг хаврын тэмцээний хүрэл медалийн эзэн болох юм. Тэмцээний дараа "Хаврын нээлттэй тэмцээн"-ий хаалтын ажиллагаа болно. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж