Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол дахь Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ой 2014 онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан Швейцарийн хөгжлийн агентлагаас санаачлан Монголын урлагийн зөвлөлтэй хамтран “Агула” хөгжмийн хөтөлбөрийн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус хөтөлбөрийн зорилго нь Швейцарь Монголын эдийн засаг, соёл урлаг, хүмүүнлэг болон хөгжлийн хамтын ажиллагааг хоёр улсын уран бүтээлчдийн шинэ хөгжмийн төслөөр дамжуулан тэмдэглэхэд чиглэгддэг юм.
Швейцарь, Монголын мөнх цаст уулсыг билэгдэн уйгаржин Монгол бичгээр “Агула” (Уул) нэрээр овоглосон хөтөлбөрийн хүрээнд Швейцарийн “Хенрих Кайзег” болон Монголын “Арга билэг” жазз хамтлаг хамтран арван шинэ хөгжмийн бүтээлийг анх удаа хамтран бүтээх аж. Эдгээр бүтээлийг тавдугаар сарын 29, 30 нд 19.00 цагаас Дуур, бүжгийн эрдмийн театрт зохион байгуулагдах “Агула” хөгжмийн тоглолтын үеэр олон нийтийн хүртээл болгох юм.
Хөтөлбөрийн хүрээнд хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан цомог гарах бөгөөд тус цомгийн бичлэгийг “White Arch” бичлэгийн студид хийж, цомгийн хэвлэлтийг Швейцарийн “Musique Suisses” дуу бичлэгийн студид бүтээжээ. “Агула” цомог нь хөгжмийн зохиолч Хенрих Кайзег болон Монголын залуу авьяаслаг хөгжмийн зохиолч Т. Пүрэвсүх нарын зохиосон шинэ зургаан хөгжмийн бүтээл орохоос гадна тус хоёр хамтлагийн шилдэг дөрвөн хөгжмийн бүтээлийн шинэ найруулга багтах ажээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд “Musique Suisses” дуу бичлэгийн студийн продюсер Клаудио Данусер хүрэлцэн ирж, Швейцарийн хөгжмийн түүх, өнөөгийн байдлын тухай лекц ярилцлага, Швейцарийн дуурийн урлагийн цоморлиг тоглолтыг тус тус олон нийтэд хүргэх юм.
Э.ТЭМЛҮҮН