Дуурийн теарт сакура цэцэглэнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

Дуурийн теарт сакура цэцэглэнэ

Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч  Пинкертон, Япон бүсгүй  Чио Чио Сантай  гэрэлснийхээ дараа сууж амьдрахаар  хөлслөн авах байшингаа үзэх гэж иржээ. Зууч Горо байшингаа өндөрт  хөөргөн магтаж далимд нь дэслэгчид , Чио Чио Саны зарц  бүсгүй  Сузукийг танилцуулна. Энэ хотод суугаа Америкийн консул Шарплесыг ирэхэд Пинкертон байраа үзүүлэх ялдамд япон бүсгүйтэй гэрлэх болсон тухайгаа хэлнэ.

Хашир  Шарплес нөхрийгөө хэтэрхий  хөнгөдөж, өөрийнхөө толгойд гай хураах юм биш биз гэж сануулахад Пинкертон, Япон  бүсгүйн хашийн царай, эрвээхэй  хоёр нүдэнд  сэтгэл алдан хөтлөгдөж, эхнэрээ болгохоор эргэлтгүй шийдсэнээ ярина.

 Энэ үед Чио Чио Сан найз хүүхнүүдээрээ хүрээлүүлэн гарч ирэв. Консул бүсгүйг хүндэтгэн яриа өдөхөд Чио Чио Сан өөрийнхөө гунигт бага  насны тухай  сэтгэлээ нээн ярьж , бас Пинкертонтой гэр  бүл болсноо баяр хөөр  болгон өгүүлж байтал бүсгүйн хамаатан  болох лам Бонза ирнэ. Өвөг дээдсийн шашин шүтлэгийг үхтэл  баримтлагч Бонза, Чио Чио Саныг шашин бурхнаас  урван тэрсэлсэн, шившигт эм хэмээн хараан загнаж баярт уригдаж ирсэн олныг хөөн тараав. Балмагдсан  бүсгүй уйлан хайлж, Пинкертон аргадан тайвшруулна. Тиймээ бүгд хаяад явсан ч зүрхний  хайртай амраг  нь хажууд  нь байхаас илүү жаргал хаа  байх билээ.

Дулаан орны  одот тэнгэр дээр мэлтийж, дурлалт бүсгүйн шивнэх дуу  дэслэгчийн  сэтгэлийг  хөдөлгөн, үүрдийн  ханиа гэж дуудан үнэнч байхаа андгайлан бүсгүйг дагуулан байшиндаа  орно…

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тун удахгүй “Сакурагийн цэцэрлэг” дэлгэрэх нь. Италийн алдарт хөгжмийн зохиолч, сонгодог хөгжмийн суут хүн Жакомо Пуччинийн “Эрвээхэй хатан” (Чио Чио Сан) дуурийг Монгол, Солонгос уран бүтээлчид хамтранДуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд толилуулахаар болжээ. Дорнын үзэсгэлэнт бүсгүй, түүний хашийн тунгалаг царай эрвээхэй хоёр нүдэнд сэтгэл алдан хөтлөгдсөн Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч хоёрын хайр дурлалын гунигт түүхийг өгүүлдэг энэхүү дуурь нь 1904 оны 2 сарын 17-нд анх удаа Миланы театрт тоглогдож байжээ.

ГОЛ ДҮРҮҮДЭД:

Чио-Чио-Сан /эрвээхэй хатагтай/  (сопрано) – Б.Эрдэнэтуяа СТА

Сузуки /зарц эмэгтэй/ (меццо-сопрано) – Р.Доржхорлоо СТА

Пинкертон /Америкийн цэргийн дэслэгч/ (тенор) – Г.Шижирболд

Кет /Пинкертоны эхнэр/ (сопрано) -Д.Туяа СТА

Шарплес /Нагасакид суудаг АНУ-ын элчин/ (баритон) – М.Болд МУГЖ

Горо  /зууч/ (тенор) – М.Даваадорж

Бонза /Чио-Чио-Саны ах лам/  (бас) – Э.Бумхүү СТА

Ямадори тайж   (тенор, баритон) – А.Сайнбаяр СТА

Комиссар (баритон) – Б.Алтанхуяг СТА

Чио Чио Саны эх  – С.Оюунцэцэг СТА

Зарц, дамнуурчин – Б.Өлзийбаяр, Намнанбаатар

 

Э.ТЭМЛҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж