“Суманд дэд бүтэц татахад хүнд”

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

“Суманд дэд бүтэц татахад хүнд”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ УИХ-ын Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж буй юм.

Нийт 60 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгах ёстойгоос одоогоор 30 орчимд нь санал хураалгаад байна. Тухайлбал, Завхан аймгийн Баянхайрхан суманд баригдаж буй Соёлын төвийн барилгад зориулж 376 сая төгрөг нэмж төсөвт суулгахыг гишүүдийн 60 гаруй хувийн саналаар, Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 50 орчим орон сууцны дээврийг засварлахад зориулж 1.3 тэрбум төгрөг суулгахыг 70.4 хувийн саналаар тус бүр дэмжин баталлаа.

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 960 суудалтай сургуулийн барилга барихыг гишүүдийн 63.5 хувийн саналаар, тус суманд мөн 150 ортой хүүхдийн цэцэрлэг барихыг гишүүдийн 67.3 хувийн саналаар тус бүр дэмжив.

Харин 16 аймгийн 16 суманд “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэх хүрээнд дэд бүтцийн шугам тавихаар болж, 2014 оны төсвийн хуулийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баталж байхдаа шийдвэрлэсэн атлаа одоо өөрчилж, өөр сумыг сонгосон нь орон нутгийн иргэдийн хувьд хүлээлт үүсгээд зогсохгүй  УИХ-ын гишүүдийн хувьд худал ярьсан хэрэг болж хувирах гээд байна гэж гишүүд шүүмжлэлтэй хандлаа.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Монголын сумын амьдралыг Я.Санжмятав мэтийн аймгийн Засаг дарга хийж үзсэн, цөөхөн сайд л мэднэ. Үнэндээ сумын төвд дэд бүтэц тавьж, айлуудыг инженерийн шугамд холбоно гэдэг маш хүнд. Социализмын үед наадахыг чинь хийх гэж үзсэн юм. Сумын төв гэхээр таван байгууллага л бий, сургууль, эмнэлэг, цэцэрлэг, Тамгын газар, холбоо, Соёлын төв гээд. Тэндээс гарсан бохирыг цэвэрлэх байгууламж руугаа юугаар хүргэх юм. Машинаар муу ус зөөх юм уу гээд асуудал үүсдэг. Сумын айлуудаа бас инженерийн шугамд холболоо гэхэд ийм л асуудал үүснэ. Бүгдийг инженерийн шугамд холбож чадвал сайн байна. Гэхдээ энэ чинь маш хүнд, янз бүрийн хүндрэл гардаг. Нэг суманд дэд бүтэц тавихад хэчнээн хэмжээний зардал гарах вэ. Хэр урт настай эд вэ. Баянхонгор аймгийн зарим сумд гоё болсон тухай яриад байгаа. Хуучин барилгаа яах вэ гэж Д.Ганбат гишүүнээс асуусан “Зарна байх” гэсэн. Зарагддаггүй байхгүй юу. Манай сум шинэ эмнэлэгтэй болж хуучин эмнэлгийн барилгаа зарах гээд одоо хэр нь чадаагүй. Сумын амьдралыг та нар ер нь мэдэж байна уу” гэв.

Үүнд Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Ц.Баярсайхан “Инженерийн шугам сүлжээг суманд хийхэд үнэхээр төвөгтэй байгаа. Айл бүрт холбохоор яривал бүр төвөгтэй. Зарим сум хэрэглээний усаа зөөврийн усаар хангадаг байгаа. Сумын төвөөсөө 20-30 км зайнаас татдаг. Энэ тохиолдолд 6-7 сумыг нүүлгэхээс аргагүй. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд энэ асуудал үүсч байгаа. Хамаг зардал нь цэвэр усаа татахад явна. Тийм болохоор болж өгвөл цэвэр усны эх үүсвэрээс нь усан сан байгуулж, дунд нь усыг хүргэх арга хэмжэ авах. Хашаа байшинг нь зохион байгуулалтад оруулж гол шугам татаж өгнө. Тэндээсээ айлууд өөрсдийн хөрөнгөөр татавж авах. Ийм байдлаар хийхээс аргагүй байгаа” гэлээ.

Харин зардлын тухайд 2014 оны төсвийн хуулийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Б.Болор “16 суманд 80 тэрбум төгрөг суулгасан” гэсэн хариулт өгсөн юм.

Эцэст санал дэмжигдэж, 16 аймгийн 16 сумыг дэд бүтцийн шугам татах асуудал төсөвт суулаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж