Дэлхийн аваргын цагийг өөрчлөхгүй

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргын цагийг өөрчлөхгүй

Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ ирэх зургаагаас долдугаар сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтын цагийг өөрчлөхгүй гэдгийг албан ёсоор мэдээллээ. Бразиль улс зургаагаас долдугаар сард хэт халуун, чийглэг уур амьсгалтай байдаг гэнэ. Халуун, чийглэг уур амьсгал нь тамирчдын бие, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж Бразилийн хөлбөмбөгчдийн үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэж, тоглолтуудын цагийг хойшлуулж, өөрчлөхийг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос шаардаад байсан юм. 2014 оны ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтууд Бразиль улсын 13:00, 15:00, 17:00 цагуудаас болох юм. Эдгээр цагуудад хамгийн их халуун, чийглэг бүгчим агаартай байдаг аж.

Үүний хариуд өчигдөр Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Зепп Блаттер хэвлэлийн хурал зарлан, албаны ёсны хариулт өглөө. Хэвлэлийн хурлын үеэр Зепп Блаттер ДАШТ-ий тоглолтыг цагийг өөрчлөх боломжгүй, төлөвлөсөн хугацаандаа явах болно гэдгийг онцлон мэдэгдсэн байна. Мөн хэвлэлийн хурлын үеэрЗепп Блаттер:

-Олон улсын хөлбөмбөгийн холбооны эрүүл мэндийн алба томоохон тэмцээн уралдааны үеэр тамирчдын эрүүл мэнд, амь насыг хариуцан ажилладаг. Хэт халуун, чийглэг уур амьсгал тамирчдын бие организм, эрүүл мэндэд аюултай эсэхийг тус Эрүүл мэндийн алба судалсан. Тамирчдын эрүүл мэндэд нөлөөлж болохуйц өндөр агаарын даралттай хотуудад өдрийн цагаар тоглолт хийхгүй байхаар зохицуулсан байгаа гэжээ.

Харин Бразилийн хөлбөмбөгчдийн үйлдвэрчний эвлэлийн эмч Турибио Лейте “ДАШТ-ий тоглолтуудыг орон нутгийн хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу явуулах ёстой. ДАШТ-ий тоглолт хүний эрүүл мэндэд хоргүй гэсэн бүрэн судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх ёстой” гэдгийг “Ассошейтэд Пресс” агентлагийн сурвалжлагчид хэлсэн байна. 

Б.БИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж