Төсөв нэмсэн шалтгааныг тайлбарлуулахаар болов

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

Төсөв нэмсэн шалтгааныг тайлбарлуулахаар болов

Чуулганы хуралдаанаар төсвийн тодотголын асуудлыг хэлэлцлээ. УИХ-д орж ирсэн төсвийн тодотголын төсөл дээр Төсвийн байнгын хорооноос дэмжсэн 43, дэмжээгүй 13 санал орж ирснийг нэг бүрчлэн чуулганаар хэлэлцэхээр болсон байна. 

Төсөвт өртөг нэмэгдсэн нь сөрөг хүчний гишүүдийн зүгээс шүүмжлэл дагуулсан бөгөөд Ц.Нямдорж “Хөвсгөлийн Ц.Даваасүрэнгийн хүсээд буй хоёр обьект дээр миллиард төгрөг тавьчихаж. Өмнө нь соёлын төвийг чинь 600 саяд багтаадаг байсныг 1 тэрбум 500 саяд барьдаг больчихож. Өртөг нь нэмэгдсэн асуудал дээр дахин Байнгын хороо ярилцах хэрэгтэй гэсэн горимын санал гаргаж байна. Төсөвт өртөг нь нэмэгдэхээр байвал Засгийн газартаа буцаа. Ер нь энэ Засгийн газар сонин юм хийж байна. Засгийн газрын оруулж ирсэн төсөв дээр УИХ нь дахиад яагаад мөнгө нэмээд байдаг юм бэ. Замаас нь мөнгийг нь авах гээд байгаа юм уу. Улсын төсвийн мөнгөөр сонгуулийн зардлаа гаргуулдгаа больцгоо. Нэг бүрчлэн тооцоог нь хий. Тэгж яривал энэ мэт асуудлыг АТГ шилжүүлсэн ч яадаг юм” гэв.

Төсөвт өртөг нэмэгдсэн талаар Ц.Даваасүрэн “2014 оны санхүүжилтийн дүнг тавихдаа төсөвт өртгийг нь тавилгүй техникийн алдаа л гарсан юм билээ. Үүнээс өөр ямар нэг зүйл байхгүй шүү дээ” гэв. Үүнийг нь ажлын хэсгийнхэн нэмж тайлбарлаж “Байнгын хорооны ажлын хэсэг санаагаараа төсөв нэмсэн зүйл байхгүй. Бүгд аудитын дүгнэлттэй обьект. Урьд нь зураг төсөвгүй байхад хийсэн төсөвт өртгөөрөө орж ирсэн. Үүнийг нь сүүлд зургын дагуу нэмсэн. Шалгуулмаар байвал шалгуулахад бэлэн байна” гэв. 

Ц.Нямдорж төсөв нэмэгдсэн талаар үргэлжлүүлэн шүүмжилж “Суманд 20 ортой эмнэлэг барихад яахаараа 2 тэрбум шахуу хүрдэг юм. Би наадахыг чинь 260 саяд л хийнэ” гэсэн юм. Уг жишээний хувьд эмнэлгийг барихад анх 850 саяар орж ирсэн төсвийг нь Эрүүл мэндийн яамны саналаар 1 тэрбум 600 сая болгож өөрчилсөн аж. 

Ийн шүүмжлэл дагуулсан төсвийн тодотголын талаар С.Бямбацогт “Бид ер нь Засгийн газрын хүссэн төсөл бүрийг нь баталж өгөөд л гаргаж байгаа. УИХ-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй нь. Өөрсдөө хууль зөрчөөд, сүүлдээ УИХ-аар хууль зөрчүүлэх нь. Засгийг газрыг толгой дээрээ гаргаад суулгачихаж” хэмээсэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хариуг нь барьж “Өнгөрсөн дөрвөн жилд би яг ийм зүйл ярьдаг байсан. Үүнийгээ ойлгож байгаа бол сайн байна. Хууль зөрчсөн зүйл байгаа бол зогсооно. Би хууль зөрчсөн үйлдэл нэгийг ч хийхгүй. Чингис Самурай бондын мөнгийг төсвийн гадуур урсгахыг та нар өөрсдөө л хийсэн шүү дээ. Нэг бол Хөгжлийн банкны хуулиа өөрчлөөч. Хөгжлийн банкаар хөрөнгө оруулалтаа шийдвэрлэнэ гэдэг зүйлээ өөрөө бий болгочихоод ийм зүйл битгий ярь” хэмээсэн байна.

Эцэст нь УИХ-ын дарга З.Энхболд “эдгээр барилгуудын төсөвт өртөг нь яг ямар шалтгаанаар нэмэгдсэнийг тухай бүрт нь нарийвчлан тайлбарлуулах шаардлагатай, үүнд хариуцсан албан тушаалтан, яамдын удирдлагуудаас тодруулга авах шаардлагатай” гэж үзэж байгаагаа дуулгаад үдээс хойшхи чуулганаар холбогдох хүмүүсийг нь байлцуулан байж тайлбар авах нь зүйтэй хэмээж УИХ-ын үдээс өмнөх чуулганыг өндөрлүүлсэн байна.

Б.ЭНХ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж