УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын талаар М.Энхболд “Валютын ханшнаас бол эдийн засаг унаад зогсохгүй сүйрэлд хүргэх хэмжээнд аваачих вий. Засгийн газар өөртөө ямар ч муу зүйл наахгүй, УИХ-ын шийдвэрийг л хэрэгжүүлсэн гэж байна. Засгийн газрын оруулж ирсэн болгоныг баталсны гай нь энэ. УИХ чинь сүүлд ард түмний өмнө хариуцлагаа хүлээнэ шүү дээ. Энэ удаагийн төсвийн тодотголоо үндсэн төсвийн тодотголтой нь хамтад нь хэлэлцэе Төсөв чинь тасалдчихаад байгаа нь бодит нөхцөл шүү дээ. Жинхэнэ төсвийн тодотголтойгоо оруулж ирээд л хэдэн барилгын асуудлаа шийдчихье л дээ” гэх санал гаргасан бөгөөд үүнд Эдийн засгийн байнгын хорооны Ц.Даваасүрэн “Төсвийн тодотгол хийх нөхцөл шаардлага нь ДНБ-ий таван хувиас дээш болсон нөхцөлд гэж хуульд заасан байгаа. Бидний хувьд бусад орлого зарлага тэнцлийн хувьд өөрчлөлт хийхгүйгээр 140 тэрбумыг 160 обьектэд хувиарлах өөрчлөлтийг хийж байгаа юм. Ийнхүү өөрчлөлт хийхгүй бол улирлын чанартай бүтээн байгуулалтын ажлын явцад нөлөөлөх гээд байгаа юм. Улирлын шинж чанартай байдлыг харгалзан хөрөнгө оруулалтын жагсаалтанд зохицуулалт хийх байдлаар авч үзсэн” хэмээн тайлбарлав.
Дараагаар нь гишүүн Ж.Батсуурь “Валютын хатуу бодлого баримтлахгүй бол доллараар тоглуулаад л дуусч байна. Хэдэн нөхөд ашиг олох гэж валютаар тоглож, зохион байгуулалттай хомсдол үүсгэж байна. Хагас бүтэн сайнд л өсчихдөг. Уг нь хатуу тогтоогоод шийдчихвэл яасан юм бэ. Засгийн газар яг юу хийгээд байгаа юм бэ. Жил гаруй ажлын хэсэг байгуулаад л, надад ч хамаагүй гэсэн сайдууд. Гурван зуун ортой төрөх эмнэлэгээс эхлээд суманд буй жижигхэн байрыг хүртэл шийдэж чадахгүй гацаанд орчихлоо. Шийдээд шийдээд л явчихья”, Б.Бат-Эрдэнэ “Эдийн засаг нь шалан дээр, авч байгаа зээлийнх нь хэмжээ тэнгэрт байна. Зээл авахгүй бол энэ улс чинь хөдлөж чадахаа больчихсон улс уу. Өрийн асуудал хүнд байдалд хүргэнэ гэдгийг мэдээд байдаг. Гэхдээ дэмжих ёстой өр тавих ёстой гээд байдаг нь ямар учиртай вэ” гэх зэргээр шүүмжлэл хэлж валютын ханшийн асуудлыг шийдэхгүйгээр царцаасан барилгуудын хөрөнгийн асуудлыг шийдээд үр дүнд хүрэхгүй гэв.
Өрийн асуудал дээр байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийлж “Би зээл авахыг үгүйсгэхгүй байгаа. ДНБ-тэй харьцах өрийн харьцаа бол зээл авахгүй бай гэсэн үг биш. Сэрэмжлүүлж буй л явдал. Эдийн засгийн хөгжлийн яам бол бодлого төлөвлөлтөө л хийх ёстой. Үүнийг нь хэрхэн хийх нь Сангийн сайдын хийх асуудал. Одоо ЭЗХЯ зээл бонд хайж явдгаа болих хэрэгтэй. Үүнийг чинь Сангийн яам хийх ёстой ” гэсэн байна.
Мөн О.Баасанхүү дээрх шүүмжлэлүүдийг дэмжиж “Хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шалтгаан байгаа гэж үзэж буй бол ард түмний ядуурлыг хэрхэн засах вэ гэдгийг л шийдэх ёстой. Гэтэл төсвийн тодотгол гэж ороод ирсэн зүйл нь зөвхөн байшин барих тухай л юм байна. Ядуурал дээд цэгтээ хүрээд байхад нэн тэргүүнд зарцуулах хөрөнгө оруулалт нь хэдэн барилгыг л гүйцээн барих нь хэр оновчтой вэ” хэмээсэн бөгөөд “Амжиргаатай холбож төсвийн тодотгол яриагүй. Барилгын ажлын улиралтай холбоотой төсвийн тодотгол юм. Таван сар, зургаан сар гээд хойшловол барилгын асуудал, цаашлаад эмнэлэг, сургуулийн асуудал хүндрэнэ шүү дээ” гэх хариултыг авсан байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Б.МАНДАХ