Үндэсний бүтээгдэхүүнийхээ өртгийг буулгая

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

Үндэсний бүтээгдэхүүнийхээ өртгийг буулгая

-Худалдагч, наймаачдын хувьд мөнгөө түгжихгүйн тулд хурдан зарагдах, хямд үнэтэй, чанартай барааг л авчирч тавина. Тэдний авчирч, лангуундаа тавьсныг нь л бид авч таарна-

Үндэсний үйлдвэрлэгчдийн, жижиг дунд бизнес эрхлэгчдийн, хувийн хэвшлийнхний гэх тодотголтой үзэсгэлэнд юу юу байдгийг сана даа. Монгол дээл, ноос ноолууран цамц, оймс, савхин бээлий, мөн арьсан цүнх. Ерөнхийдөө бол ингэсгээд л гүйцээ. Ерөнхийд нь хэлсэн гэдгийг онцоллоо шүү. Одоо тэгвэл гудамжаар өнгөрч буй эсвэл, хажууд чинь сууж байгаа хүмүүсийн юу эдэлж хэрэглэж буйг нэг анзаараач. Сая дурдсан үндэсний бүтээгдэхүүнүүдээс авч хэрэглэсэн хүн байна уу. Харамсалтай нь миний эргэн тойронд л лав алга. Тэгэхээр үндэсний гэх тодотголтой цөөн хэдэн  үйлдвэрлэгчдийн маань хийсэн зүйлс хэрэглээнд, зах зээлийн өдөр тутмын хэрэгцээнд биш өөрсдийнхөө сонирхол, эсвэл түүхий эдийн олдцод түшиглэсэн, хийж болох боломжийнхоо хүрээнд л эргэлдэж байгаа болж таарах нь. Жижиг дунд үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхний хувьд гадаадын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, франчайзинг зэргийг хийх боломж нь алга. Байгаа боломж нь гэвэл үндэсний үйлдвэрлэл л байна. Гэхдээ ихэнх жижиг дундчуудын хувьд үндэсний үйлдвэрлэл гэдгийг зүгээр л үндэстний үйлдвэрлэл гэж ойлгогдмоор, эмээл хазаар, дээл хантааз, хөөрөг даалиндаа хэт баригдаад байх шиг.

Эдийн засгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхнээс жижиг дундчуудыг ийнхүү онцлоод буйн учир нь жижиг дунд бизнесийнхэн л хөгжиж байж том бизнес болох учраас тэр. Үнэндээ өнгөрсөгн он жилүүдэд улсад төлсөн  татварын хэмжээгээр нь харвал хувийн хэвшлийнхэн дотроо хэдэн том компаниуд нь л хамаг ачааны хүндийг үүрч явсныг харж болно. Тодруулбал татварын орлогын бүртгэлээс харахад эдийн засгийн 70 хувийн ачааг үүрч яваа гэх хувийн хэвшлийнхэн дотор жижиг дундчуудын эзлэх хувь тун бага байна.

Жижиг дундчуудын хувьд өөрсдийгөө, мөн түрээслүүлэгч гэх хүмүүсийн амьдралыг л авч явна. Уг нь жижиг дундчуудад зориулсан бодлого, тэдний бизнесийг “том” болох боломжид анхаарвал болчихмоор. Өдөр тутмын худалдан авалтад жижиг дундчуудын бүтээгдэхүүнийг бий болговол, лангуунууд тэдний орон зай болчихвол л болох тэр. Тэгвэл хүмүүсийн өдөр тутамдаа эдэлж хэрэглэж, идэж ууж байгаа импортын бүтээгдэхүүнийг яаж Монголчуудын бүтээгдэхүүнээр солих вэ. Яагаад хүмүүс үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байна вэ.

Хариулт нь, эх оронч үзэлгүй, хээнцэрлэж гангалах дуртайдаа тэр үү. Гэвч үгүй. Үнэндээ бидний өдөр тутамдаа эдэлж хэрэглэхээр авч буй барааны сонголтод монголчуудын бүтээл хараахан орж ирээгүй байна. Бидний бараагаа авдаг лангуу, павильон, худалдааны төвүүдийн лангуунууд  импортын бараа дүүрч, үндэсний үйлдвэрлэгчдэд зай үлдээсэнгүй. Мэдээж худалдагч, наймаачдын хувьд мөнгөө түгжихгүйн тулд хурдан зарагдах, хямд үнэтэй, чанартай барааг л авчирч тавина. Тэдний авчирч, лангуундаа тавьсныг бид худалдан авч таарна. “Байгалийн хууль хаана ч адилхан үйлчилдэг” гэдэг шиг зах зээл ч хуулийнхаа дагуу л явна. Худалдагчдын оронд өөрсдийгөө тавиад бодоод орхиё. Хямд, чанартай, хурдан зарагддагийг нь авчирч санал болгохгүй бол яаж орлогогүй суух вэ, түрээсээ хэрхэн төлөх билээ.

Тэгвэл худалдаачдад түрээсийн нэмэр хандив өгч байж, үйлдвэрлэсэн цөөн хэдэн бүтээгдэхүүнээ заруулдаг биш, худалдаачид булаацалдаад авдаг, хямд чанартай бүтээгдэхүүн хийх зам үндэсний үйлдвэрүүдэд үлдэж байна биш үү. Өөрөөр хэлбэл нэгж бүтээгдэхүүний өртгийг л бууруулна гэсэн үг. Энэ олон жижиг цехүүд дор бүрнээ хэдэн өмд оёх вэ. Тэр нь ямар зардалтай гарах вэ. Түүнийг нь хэн авах билээ. Тэгвэл үүний оронд нэг хэсэг нь зөвхөн цахилгааныг нь оёж, нөгөө хэсэг нь зөвхөн эсгүүрийг нь гаргаж, өөр нэг дизайнерын товчоо нь размер бүрээр загвар эскизийг нь гаргаж өгвөл өнөө нэгжийн өртөг чинь буураад, бүтээмж ч өсөөд ирнэ. Нэг үйлдвэр зөвхөн нэг хэсгийг нь хийж байж жинхэнэ утгаараа мэргэшинэ. Үүнийг мэргэжлийн хэлээр кластерийн систем гэдэг аж. Хэдийгээр эдийн засгийн нарийн онол мэдэхгүй ч тус тусдаа ажиллаж өөрсдийгөө л болгоод ашиг гарахгүй гэдпгийг оёдлын салбарынхан мэдрээд эхэлжээ. Тэд  хоршиж ажиллаж байж хямд бүтээгдэхүүн гаргана гэдгээ ч дамжуулж байна. Өрсөлдөх чадварыг ингэж л бий болгоно, нэгж бүтээгдэхүүний үнийг ингэж л буулгана. Тэр цагт лангуунууд үндэсний үйлдвэрлэгчдийн, хувийн хэвшлийнхэний бүтээгдэхүүнээр дүүрч эхэлнэ.

Хувийн хэвшлийнхнийг дэмжих төрийн бодлого гарахыг хүлээж, ямар нэг зээл тусламж горьдож, бизнес инкубатор, бирж зэрэгт найдаж байхын оронд хоршиж ажиллах цаг иржээ. Худалдаачдыг булаацалдаад бөөндөөд авах хэмжээнд хүртэл нь хямд чанартай бүтээгдэхүүн  гаргацгаадаг больё. Жижиг дунд бизнесүүдийг томруулъя. Үйлдвэрлэгчдэд нэгж бүтээгдэхүүний өртгөө бууруулах холбоос, системийг нь хийж өгье.

Б.ЭНХМАНДАХ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №062

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж