УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас хоёр хуулийн төслийг буцааж татаж буйг мэдэгдсэн байна. Үүнд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус татан авч буй аж. Өнөөдөр болон маргаашийн чуулганаар нийт 15 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эхэнд “Арбитрын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай” маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн Цэцийн 2014 оны дөрөвдүгээр дүгнэлт, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Б.ЭНХ