Аялал жуулчлалын идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хамтран Гандангийн тохижилт, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Уг ажлын эхлэл болгон өчигдөр нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Их сургуультай хамтран хийдийн дотор бүх нийтийн цэвэрлэгээ хийж, мод тарилаа. Уг цэвэрлэгээнд тус сургуулийн аялал жуулчлалын ангийн 250 гаруй оюутан оролцжээ. Цаашид стандартын шаардлага хангасан тохилог бие засах газар ажиллуулах, хашаан дотор будаа зардаг, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлдэг иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, гол үзмэрүүдийг тайлбаржуулах, халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийхээр төлөвлөснөө нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Оюунзул ярилаа. Дашрамд дурдахад нийслэл хотын захиргаа, Эдийн засгийн хөгжлийн яам хамтран Гандангийн дэнжийг соёлын аялал жуулчлалын дүүрэг болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаа байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.