Арван жил дуншиж Монголыг орхисон гэрээ

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

Арван жил дуншиж Монголыг орхисон гэрээ

 

Шанхайд Владимир Путиныг айлчлах үеэр Хятадад хий нийлүүлэх 30 жилийн гэрээнд гарын үсэг зурна гэж Орос амлаж байсан нь талаар боллоо гэсэн яриа Путины айлчлалын эхний өдрийн маргаашнаас дуулдах болов.  Путин, Си Жиньпин хоёрын  хэлэлцээрийн дараа энэ гэрээний  тухай мэдээлэл  байгаагүй нь “Газ пром”-ийн хувьцааны үнийг  Москвагийн хөрөнгийн бирж дээр хоёр хувиар унагасан юм.  Хятад цаг өнгөрөөн хийн үнийг буулгахаар Орост шахалт үзүүлж байна хэмээн Оросын шинжээчид дүгнэж байсан бол Хятадын шинжээчид үнэ чухал биш гэжээ.

Мягмар гаригт Кремлийн хэвлэлийн албанаас Путины айлчлалын үеэр БНХАУ-тай хийн нийлүүлэлтийн гэрээнд гарын үсэг зурахгүй байж магадгүй гэсэн таамгийг хэвлэлийнхэн гаргажээ. Харин шалтгааныг нь хэлсэнгүй.

"Газпром»-ийн төлөөлөгч Сергей Куприянов ч тайлбар өгсөнгүй. Үүний өмнө Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэхдээ, хоёр улс хийн үнийн асуудлаар мэдэгдэхүйц дэвшил гаргасан. Гэхдээ “гүйцээн дахиад асуудал бий” гэв. Харин ерөнхий сайд Дмитрий Медведев  хийн үнийн талаар ярих нь эрт ч түүнд гарын үсэг зурах магадлал өндөр байгааг хэлжээ.

“Шинэ зах зээлийг татах, нөгөө талаасаа хамтын ажиллагааны бүхий л хүрээнд  тохиролцохын тулд олон янзын арга хэрэглэддэг. Урьдчилсан төлбөртэй нийлүүлэлтийг дэмжихийн тулд шагналын янз бүрийн хэлбэрийг ашиглана. Тэр нь цаашлаад үнийг тогтоож өгнө. Эцсийн дүнд Европын үнэтэй ойролцоо шударга үнэ тогтоно гэдэгт би найдаж байгаа” (өнөөдөр Оросын мянган шоо метр хийг Европт  $365 доллараар зардаг.) гэж Медведев Bloomberg TV сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн байлаа.

“Газпром” тэргүүн Алексей Миллер мягмар гаригийн орой “Газпром” болон Хятадын CNPC компаниуд хэлэлцээрийг үргэлжлүүлж байгаа гэжээ. "Хэлэлцээр тасралтгүй болж талууд харилцан ашигтай тохиролцоог хайж байна" гэж Миллер хэлсэн юм.

Орос нь 2004 оноос хойш Хятадад хий нийлүүлэх гэрээг байгуулахаар чармайж ирсэн юм. Хятадад ч Оросын хий ихээхэн ач тустай. Дэлхийн шинжээчдийн  дүгнэлтээр,  2020 он гэхэд Хятадад байгалийн хийн эрэлт жилдээ 300–350 тэрбум шоо метр болох юм. Хятад өөрөө 115 тэрбум шоо метр хий олборлож байгаа. Мөн худалдан авсан шахмал хийгээр 80 тэрбум орчим шоо метрийн хэрэглээг хангана. Ази, Номхон далайн бүсийн орнуудаас Хятадад нийлүүлж байгаа  хийн хэмжээ нь 40 тэрбум шоо метрээс хэтрэхгүй. Хятадын хийн хэрэглээ нь 2030 онд өнөөгийн Европын хэрэглээний 600 тэрбум шоо метрийн хэмжээнээс даван гарах ажээ.

 

Орос нь баруун болон зүүн маршрутаар жилдээ 68 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөсөн байгаа юм. Гэрээ хэлэлцээр сунжирсниий гол шалтгаан нь хийн үнийн асуудал болжээ. “Газпром” эхнээсээ Европын үнийг хятадуудад санал болгосныг тэд хүлээн авалгүй мянган шоо метр хийг 250 доллараар авах хүсэлтэй байсан юм. “Газпром Европт  мянган шоо метр хийг ойролцоогоор 450 доллараар зарж байна. Хожим гарч байсан мэдээгээр хятадууд мянган шоо метрийг 350 доллараар авахаар зөвшөөрсөн гэдэг. “Газпром”-ын санал болгосон үнэ Хятадад огт тохирохгүй бөгөөд учир нь Хятад хийн үнийн улсын зохицуулалттай. Тэгэхлээр Хятадын компаниуд  хийг өндөр үнээр аваад бага үнээр дотоодын зах зээлийг хангана гэсэн үг юм.

 

Хятад 2013 онд  Оросын хийн нийлүүлэлтийн үнийг Henry Hub-тай уялдуулах санал тавьсан. Тэрхүү хаб нь Америкийн найман том хийн хоолойн Луизианад нийлдэг хувиарлалтын цэг бөгөөд  Henry Hub –ийн үнэ нь АНУ-ын бөөний худалдааны хийн гэрээний үнийг тогтоох баримжаа болдог юм. Гэтэл занарын хийн хувьсгалыг АНУ-д хийж,  хийн үнэ буурч байна.  Тухайлбал, Хятад санал дэвшүүлэх үеэр үнэ нь 140-150 доллар байлаа. Оросууд мэдээж энэ саналаас татгалзсан юм.

 

Энэ жилийн эхээр “Газпром” уг гэрээг хоёрдугаар сард байгуулна гэсэн нь бүтээгүй бөгөөд Путин тавдугаар сард БНХАУ-д айлчлах үеэр гарын үсэг зурна гэсэн юм.

 

Хятадын санхүүгийн Wall Street China порталын  мэдээгээр,  одоо Хятадад хий нийлүүлэхээр түншүүд олон байгаа гэнэ. Тухайлбал, өнөөдрийн Хятадын хийн импортын  тал хувьтай тэнцэх 20 тэрбум шоо метр хийг Туркменистанаас авахаар Хятад тохиролцсон байна. Мөн өнгөрсөн оны сүүлчээр Мьяньмагаас хийн хоолойг татаж дууссан байв.  Шахмал хий авах урт хугацааны гэрээг Хятад Катар ба Австралитай байгуулжээ.

 

Эцсийн дүнд, Оростой байгуулах гэрээг  АНУ Азид эргэн ирж байгааг харуулсан Обамагийн Азийн түншүүдэд хийсэн айлчлал, энэ хаврын  Украины хямралтай холбогдуулан барууны Орост  тавьсан хориг  хурдасгаж өгсөн нь лавтай.  Обамагийн айлчилсан Азийн дөрвөн орон нь Хятадтай газар нутгийн маргаантай бөгөөд хэрэв энэ бүсэд байдал хурцатвал, Хятадад  нефть, хийн найдвартай нийлүүлэгч хэрэгтэй байх юм.  Оросын хувьд бол урт хугацааны гэрээ нь зөвхөн Европт хандсан хийн бүтцийг задлан дорно руу чиглүүлэхээс гадна барууны хориг арга хэмжээг ихээхэн сулруулж өглөө.

 

Путины айлчлалын төгсгөлд нь Орос, Хятадын гэрээ бүтэлгүйтлээ гэж байсанд том цохилт болсон Хятадад урт хугацаагаар байгалийн хийг зүүн маршрутаар  нийлүүлэх гэрээнд Газпромын болон Хятадын China Natural Gas and Petroleum Corporation (CNPC) корпорацийн төлөөлөгчид гарын үсгээ зурлаа.

 

Газпромын захиргааны тэргүүн  Алексей Миллер арилжааны нууц гээд Хятадад хэдээр хий нийлүүлэхээр болсоныг хэлсэнгүй. Гэхдээ гэрээний нийт үнэ нь 400 тэрбум ам.доллар гэснийг Оросын РИА "Новости» агентлаг дамжуулав.

 

Зүүн маршрутаар хий нийлүүлэх салбарын улс хоорондын дурсамжийн тунхагт талууд  гарын үсгээ зурлаа. Баримтуудад Оросын Эрчим хүчний сайд Александр Новак ба Хятадын эрчим хүчний улсын газрын дарга У Синьсюн нар гарын үсэг зуржээ. 

 

Дашрамд сануулахад, Оросын ерөнхийлөгч Владимир Путин ирээдүйн гэрээний дагуу Хятадад хий нийлүүлэх хийн орд газруудыг татвараас чөлөөлөхөөр мэдэгдэж,  Хятад хариуд нь Оросоос нийлүүлэх хийн импортын гаалийн татварыг тэглэнэ гэжээ.

 

Урт хугацаанд дуншиж байж төрсөн 30 жилийн гэрээний яриа хэлэлцээр арван жилийн өмнө эхэлж, зургаан жил зарцуулж байж Хятадад жил бүр 38–60 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх дэд гэрээг 2009 онд байгуулжээ. Эцэст нь өнгөрсөн оны гуравдугаар сард санамж бичигт нь гарын үсгээ зурцгаасан. Одоо ингээд төгсгөлийн гэрээний ээлж ирлээ.

 

Якут-Хабаровск-Владивосток гэсэн 61 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай “Сибирийн хүч” дамжуулах хоолойноос Хятадад гаргах салааг байгуулан Оросын байгалийн хийг нийлүүлэх ажээ. Гэрэг хэрэгжүүлэхийн тулд  Ковыктины ба Чаяндины хийн ордуудыг ашиглах болно.

 

Энэ гэрээ нь “Нөхөрсөг, сайн хөршийн, түншийн харилцааг  хөгжүүлэх нь Орос, Хятад хоёрын сонирхолд бүрэн нийцэж байна. Бидний хооронд бүх талын хамтын ажиллагааг эхүүлэхэд  сөрөг нөлөө үзүүлэх улс төрийн ямар нэгэн асуудал үлдээгүй” гэж Путин өгүүлж байсны том баталгаа боллоо.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж