Гадаадын хөрөнгө оруулалт саарсан, экспорт өсөхгүй байгаа зэрэг шалтгаан нь валютын ханшийг савлуулж, эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулахад бэрхшээл үүсгэж буй. Гарах гарцыг Засгийн газар улсын өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувьтай тэнцүүлж, зээл авах эрхээ нэмэгдүүлж, эдийн засагт дутагдаж байгаа их мөнгийг оруулж ирэн хувийн хэвшлээ дэмжсэнээр хүндрэлийг даван туулна хэмээн үзэх болсон. Энэ ч үүднээс Засгийн газар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснийг өчигдрөөс Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж эхлээд байна.
Сангийн сайдын тайлбарласнаар Монгол Улсын хувьд олон улсын түвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль, эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж иржээ. Энэ нь өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах шаардлагатай болсныг харуулсан учраас Засгийн газрын өр нь ирээдүйд татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх, төсөвт нэмэлт ачаалал үүсгэх эх үүсвэр тул улс орны эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ өрийн зохимжит түвшинг тогтоох, өрийн дарамт болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулалгүйгээр хэрэгцээтэй санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг байх шаардлагын үүднээс эл хуулийн төслийг боловсруулсан тухай онцоллоо. Мөн хуулийн төсөлд өрийн удирдлагын бодлого, зохицуулалтын хүрээнд өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрын зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад чиглэжээ. Тодруулж хэлбэл, Өрийн удирдлагын тухай хуулиар зөвхөн Засгийн газарт хамаарах өр зохицуулагдах бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын нийт өрийг хамааруулахаар авч үзсэн байна. Хэлэлцүүлгийн шатанд эл асуудалтай холбоотойгоор ширүүхэн мэтгэлцээн өрнөсөн юм. Иймд бид Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбатаар, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нар ямар байр суурь барьсныг энэ удаад онцоллоо.
Ч.Хүрэлбаатар: Цоорхойгүй хууль батлах ёстой
Өртэй холбоотой зохицуулалт хийсэн хууль бол Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, мөн өнөөдөр хэлэлцэж байгаа Өрийн удирдлагын тухай хууль юм. Дээрх хоёр хууль хоорондоо яв цав нийцэж байх ёстой. Тэгэхгүй бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын өр гэж том зүйл яриад, Өрийн удирдлагын тухай хуулиар Засгийн газрын өр гээд улсын өрөөсөө хоёр зүйлийг салгаад үлдсэнийг нь бүгдийг хууль эрх зүйн зохицуулалтгүй хаячихаж байгаа. Улсын санхүү эдийн засаг гэдэг маш сайн чанга зохион байгуулалттай байх ёстой. Бид маш сайн сахилга батттай, цоорхойгүй хууль баталж гаргах ёстой. Харамсалтай нь, бидний одоо хэлэлцээд сууж байгаа Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл нь шүүрэн шанага шиг хууль. Улсын өрийг зохицуулах байтал багахан хэсгийг нь салгаж аваад оруулж ирж байгаа. Төслийг татаж авсан нь дээр.
Хоёрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар энэ онд улсын өр ДНБ-ний 40 хувиас хэтрэх ёсгүй. Гэтэл Өрийн удирдлагын тухай хуулиар зөвхөн Засгийн газрын өр ДНБ-ний 90 хувь байхаар оруулж ирж байна. Цаасанд буулгаснаараа 70 хувь, баталгаагаараа 20 хувь. Нийлээд Өрийн удирдлагын тухай хуулиараа ДНБ-ний 90 хувь болж орж ирж байна. Энэ нь нэг хүнд ногдох өр 7 сая руу явна, зөвхөн Засгийн газрын өр нь. Бусад өрийг зохицуулалтгүй орхиж байгаа. Нэг удаа арьсаа аваад гарах оролдлого нь Монголын цаашдын хөгжилд асар их хохирол учруулна. Тийм учраас буцаагаад Засгийн газар улсын өрийг бүгдийг хамруулаад оруулаад ирэх нь зөв.
Д.Эрдэнэбат: Эрсдлийг зохицуулах талаас хуулийг дэмжих ёстой
Өрийн удирдлагын тухай хуулийн мөн чанар нь зээлийн эрсдлийг зохицуулахад оршино. Өмнөх Засгийн газрын үед санаачилж чадаагүй хуулийг энэ Засгийн газар оруулж ирсэн нь хамгийн давуу тал. Дутагдалтай юм нь энэ хуулийн хүрээнд Засгийн газрын өрийн хэмжээг оруулаад ирсэн нь буруу тийшээ явуулчихлаа.
Тэр тусмаа ДНБ-ний 70 хувийн өрийг шийдүүлэх хууль гэдэг буруу мессеж өгч, Ч.Хүрэлбаатар гишүүн “Шүүрэн шанага шиг хууль” болсон гээд шүүмжлээд байна. Гэхдээ бид Өрийн удирдлагын тухай хуулийг зээлийн эрсдлийг зохицуулах талаас нь дэмжих хэрэгтэй. Ойлголцох нэг юм нь, зээлийн хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа зохицуулах тал руу явуулах.
Сангийн сайдаас хүсэхэд, Тогтвортой байдлын тухай хууль, түүнтэй холбоотой хуулийн төслүүдийг Засгийн газар нэн яаралтайгаар оруулаад ирж болдоггүй юм уу. Ингэхгүй бол одоо 70 хувь гэдгээр ацаглаад хамгийн хэрэгтэй зээлийн эрсдлийг зохицуулах тухай хуулиа хойш нь татаж мэдэх нь. Дахиад цаг хугацаа алдана, 70 хувь дээр дахиад хөгийн улстөр явна. Энэ бол бидний хүсэх зүйл биш. Төсөв хөрөнгө оруулалт, зээл зэргээ ялгаж харахгүй бол болохгүй.
Шуудхан хэлэхэд Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт ирээд гадны мөнгө байршиж байгаа нь сайн боловч “Үндэсний үйлдвэрээ дэмжье” гэчихээд үндэсний үйлдвэрээ дэмжих санхүүгийн эх үүсвэрээ болъё гэдэг нь буруу яриа болчихоод байгаа. Саяхан цементийн үйлдвэр ашиглалтад орлоо, түүнийг гадаадын хөрөнгө оруулалтаар биш зээлээр хэрэгжүүлсэн. Зээлийн баталгаа гаргахад нь Засгийн газар оролцсон. Энэ хэлбэр лүү явах нь хамгийн эрүүл үзэгдэл.
Сая Ч.Хүрэлбаатар гишүүн хэллээ, “Зээл, баталгаа хоёр өөр” гэж…. Болж өгвөл Засгийн газар баталгаа гаргаж өгөөд хувийн хэвшлээ дэмжээд, хувийн хэвшил нь үндэснийхээ үйлдвэрийг зээлээр баривал Монголын өмч, Монголын үйлдвэрлэл болж хувирна. Тийм учраас бид зээлээс айх хэрэггүй. Харин зээлийн зарцуулалтад хяналт тавьдаг энэ шинэ хуулиа бид хамгийн түрүүнд батлах нь зөв. Үнэхээр энэ зээлийн эрсдлийг хамгаалахын тулд бид хяналт тавих ёстой, бүртгэлжүүлэх ёстой, мэдээллийн сантай байх ёстой, удирдлагын зохицуулалтыг зөв хийх ёстой гээд энэ бүх зүйлийг баталж гаргаж өгөхгүй бол зөвхөн 70 хувийн хууль байгаа юм шиг ойлголтыг нийгэмд эхнээс нь төрүүлж болохгүй.
Г.ДАРЬ