УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Уг хуулийн төслийг УИХ-аас баталсан нөхцөлд жижиг, дунд үйлдвэрлэл байгуулах, мөн уг үйлдвэрээ өргөтгөх чиглэлээр оруулж ирж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2016 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх боломж бүрдэх юм байна.
УИХ-аас өмнө нь энэ төрлийн хуулийг баталж байсан ч хэрэгжих хугацаа нь дууссан аж. Тиймээс Засгийн газар дахин хуулийг төслийг санаачлан хугацааг уртасгахаар оруулж ирсэн нь энэ юм байна.
Холбогдох албаны хүмүүсийн мэдээллээр 2013 онд 23 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлжээ.
Г.ДАРЬ