Төрийн ордны Иргэний танхимд Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн байгууллага, судлаачдын хамтаар Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлийг өнөөдөр хэлэлцлээ. Уг илтгэлийг УИХ-д өргөн бариад буй бөгөөд удахгүй Хууль зүйн байнгын хороо, чуулганаар хэлэлцэж тогтоол гаргах аж.
Хүний эрхийн илтгэлийг жил бүр гаргаж, УИХ-д хүргүүлэхийн ач холбогдол нь нийгэмд тулгамдаж буй асуудлыг эрх баригчдад хүргэх, үүнд нь УИХ хэрхэн хандаж буйгаар нь нь хүний эрхийн чиглэлд ухралт, эсвэл урагш алхахыг нь харж болдгоороо чухал аж.
Хүний эрхийн байгууллагуудын хувьд өнгөрөгч онд Монгол Улсын хувьд Олон Улсын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх тухай, зэвсэг худалдахгүй байх агуулга бүхий конвенциудад нэгдсэн зэрэг ахиц гаргасан ч хараат бусаар мөрдөн шалгадаг байсан байгууллагыг үгүй болгосон нь алдаа болсон хэмээн үзэж буй аж.
Тодруулбал Прокурорын дэргэдэх мөрдөх албыг татан буулгаж Цагдаагийн байгууллагын харьяанд шилжүүлсэн хуулийн өөрчлөлт нь хүний эрхэнд халтай ухралт болсон. Эрүүдэн шүүхтэй холбоотой зөрчлүүдийн 90 орчим хувийг цагдаагийн албан хаагчидтай холбоотой. Гэтэл цагдаагийн байгууллагад цагдаагаа хянах эрхийг өгч буй нь хохирогч иргэд гомдлоо итгэлтэйгээр гаргаж өгөх боломжгүй болгож буй. Ер нь цагдаа нь цагдаагаа шалгана гэдэгт итгэхгүй болж, энэ хэрээр өргөдөл гомдол гаргах тоо нь буурч байгаа гэнэ. Иймд хэсэг гишүүдийн богино хугацаанд өргөн бариад, ганц хоёр хүний саналын илүүгээр л батлуулсан “түргэн, түүхий” хуулийг УИХ нэн даруй засах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж энэ талаар “Болж байсан ганц зүйлээ хэдэн гишүүн нь санаачлаад аваад хаячихсан. Үүнээс болж иргэд гомдол гаргахаасаа айж байна. Прокурорын дэргэдэх мөрдөх алба үгүй болсноос хойш эрүүдэн шүүх явдал биен дээрх шарх шиг үсэрхийлж байна. УИХ яг ямар дайрлаганд өртсөнийг мэдэхгүй. Засах л ёстой” гэж онцолж байв.
Ерөнхийд нь илтгэлийг агуулгаар харвал, барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хорих ангид ял эдэлж буй ялтны хөдөлмөр, цэргийн анги дахь хөдөлмөрийн асуудал, гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй асуудал, эрүү шүүлтээс ангид байх, хөдөлмөрийн харилцаан дахь жендрийн ялгаварлал, бэлгийн дарамт гэсэн асуудлыг онцлон хөндсөн байна.
Оролцогчдоос илтгэлийн талаар саналаа хэлж “Өнгөрсөн хойно нь зөрчил дээр ажилладаг биш өмнө нь урьдчилан сэргийлэх талд анхаарах ёстой. Хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг хэрхэн шийдэхийг нарийвлах, аливаа хүний эрхийг хангах талаар хууль батлаж байгаа юм бол төсөв нь сууж байж хүний эрхийг хангана гэдгийг ойлгох” зэргээр байр сууриа илэрхийллээ.
Илтгэлийг ЭНД дарж уншина уу.
Б.ЭНХ