Бразилийн цагдаа нар ажил хаяна

Хуучирсан мэдээ: 2014.05.21-нд нийтлэгдсэн

Бразилийн цагдаа нар ажил хаяна

Бразилийн 14 мужийн олон мянган цагдаа нар цалингаа нэмэхийг шаардан нэг өдрийн ажил хаяхаар бэлтгэж байна. Цагдаа нар цалингаа 80 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж. Энэ бол 20 гаруйхан хоногийн дараа эхлэх хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах “World Cup” тэмцээнтэй холбоотой гарч буй ээлжит дуулиан юм. Бразилийн олон хотод хөлбөмбөгийн тэмцээний зохион байгуулалт, зардлыг эсэргүүцсэн жагсаал эрт хоёрдугаар сараас хойш гарч эхэлсэн билээ. Мөн “FIFA” буюу олон улсын хөлбөмбөгийн холбооноос  Бразилийн албаныхны тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажилд ихэд шүүмжлэлтэй байгаа аж. Учир нь хөлбөмбөгийн тэмцээн зохиогдох цэнгэлдэхүүд өнгөрсөн арван хоёрдугаар сард бэлэн болсон байхаар төлөвлөсөн боловч заримынх нь барилгын ажил дөнгөж энэ тавдугаар сард дууссан байна.

 

Бразилийн цагдаа нар сүүлийн хэдэн сар хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиондох хотуудад хар тамхи, зэвсэгт бүлэглэл, хулгайч, дээрэмчдийн эсрэг их цэвэрлэгээг эхлүүлээд байгаа юм. Түүнчлэн хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр цагаа, цэргийн алба 20 мянган хаагч  аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг гүйцэтгэхээр болсон билээ. Хөлбөмбөгийн дэлхийн цомын тэмцээн ирэх зургадугаар сарын 12-нд Бразилийн Рио де-Жанейро хотод эхэлж, долдугаар сарын 13-нд дуусах юм.

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж