Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадам өчигдөр болж өнгөрсөн бөгөөд драмын урлагийн үе үеийн уран бүтээлчид хүндэтгэлтэйгээр хүрэлцэн ирж оролцсон юм. Цаг агаарын байдлаас болоод гуравдугаар сарын 19-нд болох ёстой наадам тавдугаар сарын 19-ныг хүртэл хойшилсон нь энэ.
Шилдэг уран бүтээлчид, шилдэг уран бүтээлүүдийн нэрсийг зарлах мөчид үзэгчид жүжигчид тайзан дээр өөрийнхөө сэтгэл хөдлөлөө янз бүрээр илэрхийлэв. Зарим нь тэвдэж, зарим нь баярласандаа болоод хашгирч, зарим нь нулимс дуслуулж тэр болгоныг харахад дүрслэхэд хэцүү. “Норовын намтар” жүжгийн гол дүр А.Чингүүн гэх залуу “найруулагч маань намайг энэ шагналыг авахгүй бол драмын театрын хаалгаар битгий ороорой, чамд дүр өгөхгүй гэсэн. Харин одоо би дахиад дүртэй болох нь” хэмээн баярлан хэлж байсан. Хэдийгээр залуу жүжигчин жаахан хэтрүүлээд жүжиглэчих вүү гэх бодол төрсөн ч тухайн үедээ л тааруулсан биз ээ. Тэгвэл Ардын жүжигчин Н.Сувд драмын төрлөөс Шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналын эзэн болсон. Тэрээр хэлэхдээ “Уралдаж сурсан хөгшин морь гэдэг шиг, та нартайгаа өнөөдөр энэ тайзан дээр хамт байгаадаа баяртай байна” хэмээн даруухан үг хэлчихээд буусан билээ. Түүнийг тайзнаа дуудахад үзэгчид алга ташилтаа харамлаагүй. Н.Сувд жүжигчинг тайзруу гарч явахад ахимаг насны эмэгтэй жүжигчид залуугийн л сайхан хүүхэн байсан яг хэвээрээ шүү гэж хоорондоо шивнэлдэн бахархаж байсан юм.
“Гэгээн муза” наадам ганц драмын урлагийнханы баяр байсангүй ээ. Тэдэнтэй бүх л урлагийн байгууллагууд болон урлагийн бүх л салбарынхан баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлсэн. Поп дуучин С.Наран, Б.Сарантуяа, “Домог” хамтлагийнхан, “Voice групп” хамтлаг, Дуурийн театрын уран бүтээлчид дуулж, балет бүжиглэж драмын салбарын уран бүтээлчдэд мэндчилсэн. Урлагийнхан өөрсдөө тайзны урд үзэгч хийх нь бас л нэг төрлийн сонирхолтой үзэгдэл. Алтан үеийн жүжигчид залуу уран бүтээлчдэд урмын үгээ хайрлаж ерөөл хэлж байсан нь уг арга хэмжээг чимсэн гэвэл буруудахгүй биз ээ. П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Л.Цогзолмаа, хөгжмийн зохиолч Б.Шарав, 22 жил хүүхдийн дүрийг бүтээсэн О.Норолхоо, А.Очирбат, зэрэг ёстой л алтан үеийн ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид оролцсон. Тэднийг тайзнаас гараад бууж явахад “Black box” театрын залуу уран бүтээлчид бололтой охидууд “өө хөөрхийдөө ямар хөөрхөн харагддаг юм бэ” гэж өхөөрдөх нь тохиромжгүй санагдсан. Хэдийгээр тэд өхөөрдсөн ч тэр үгийг сонсож байгаа уран бүтээлчдэд ямар санагдах бол.
Э.ТЭКҮ