Гэмт хэргийн хуульд дараах өөрчлөлт оруулжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн хуульд дараах өөрчлөлт оруулжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийсэн юм.

Тэрхүү танилцуулгад дурдсанаар Монгол Улсын эрүүгийн хариуцлагын тогтолцоонд хорих ял дийлэнх хувийг эзэлдэг байна. Тухайлбал, Шүүхийн 2011 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн мэдээгээр нийт ялын дотор хорих ялын эзлэх хувь 77.4 хувь, нийтэд тустай ажил хийлгэх нь 5.8 хувь, баривчлах ял 12.5 хувь, бусад ял 0.1 хувийг эзэлж байсан бол 2012 оны мэдээгээр  нийт ялын дотор хорих ялын эзлэх хувь 77.6 хувь, нийтэд тустай ажил хийлгэх 5.7 хувь, баривчлах ял 11.6 хувь, бусад ял 5.1 хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Мөн хорих ял эдлээд суллагдсан иргэдийн 47 орчим хувь нь дахин гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн байна.

Тиймээс Гэмт хэргийн тухай хуульд торгох ялыг оруулж, нэг зуугаас дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг ногдуулахаар заажээ Ингэхдээ уг торгох ялаас хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх, ялтан торгох ялыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх, албадан биелүүлэх ажиллагаанд саад учруулсан, оргон зайлсан тохиолдолд торгох ялыг хорих ялаар солихоор төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөлд зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан байна. Түүнчлэн тогтоосон замаар зорчих, хууль сахиулах байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хоригийг зөрчвөл уг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцох юм байна.

Энэ нь шинэ төрлийн ял бөгөөд шүүхээс хорих ялыг оногдуулах явдлыг багасгах зорилгоор электрон гавны тусламжтайгаар цахим хяналт тавих аж. Хорих ял нь хугацаатай ба бүх насаар нь хорино гэсэн ангилалтай. Тухайлбал, хугацаатай хорих ял нь нэг сараас хорин жил хүртэл байх, бүх насаар хорих ял нь хорин жилээс дээш хугацаагаар байх бөгөөд суллагдах үндэслэл нь хорин жилээс дээш хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсний дараа үүсэх аж.

Мөн дээрх хуулийн төсөлд өсвөр  насны иргэнд ял оногдуулах талаар тусгажээ.  Үүнд ял шийтгэл хүлээлгэх насны хязгаарыг 14 наснаас байхаар зааж өгсөн аж.

Энэ нь 14 наснаас дээш гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн бүрт ял оногдуулах зорилгогүй.  Харин  хүүхдийн хүмүүжил нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон ял шийтгэл оногдуулах, хүүхдийг аль болох хорих бус хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай сургалттай байгууллагад хүмүүжүүлэх. Хүүхдийн хууль зүйн хороо нь хүүхдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавих зэргээр тодорхой зохицуулалтыг тусгаж өгсөн байна. 

Эдгээр заалтыг багтаасан Гэмт хэргийн тухай хуулийн төсөл батлагдсанаар хэрэгжүүлэх бэлтгэл шат 1-2 жил үргэлжилж, хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх боломж бүрдэх гэнэ.

Хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтэй холбоотойгоор УИХ-ын нэр бүхий гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж