Шанхайн хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

Шанхайн хурал эхэллээ

БНХАУ–ын Шанхай хотноо өнөөдөр /V.20/ Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Бага хурлын /АХАИББХ/ Дээд хэмжээний дөрөвдүгээр уулзалт эхэллээ. АХАИББХ нь бүс нутагт нүүрлэж буй аюул заналхийлэл, эдийн засаг, байгаль орчин, хүний эрхийн асуудалд анхаарал хандуулан авч хэлэлцэх аж. Хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтанд олон улсын тулгамдсан асуудлуудаар АХАИББХ-ын гишүүн орнуудын байр суурийг илэрхийлсэн төгсгөлийн баримт бичиг-Тунхаглалыг батлан гаргах юм. Энэхүү Тунхаглалын төсөлд манай улсын цөмийн зэвсэггүй статусыг бататган бэхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төвийн тухай болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачлагын тухай заалтууд тусгагджээ. Бага хурлын Дээд хэмжээний уулзалтанд манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хөрш Хятад, ОХУ-ын төрийн тэргүүнүүд болон АХАИББХ-ын гишүүн 20 гаруй орны албаныхан оролцож байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр /V.29/ Хятадын дарга Си Жинпинтэй уулзсан бол өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах аж. Түүнчлэн Шанхай хотноо АХАИББХ-ын гишүүн орны албаныхан өчигдөр /V.19/ Бангладеш улсыг эгнээндээ нэгтэхийг дэмжиж, Дээд хэмжээний уулзалтаар эцэслэн шийдвэрлэхээр тохиролцжээ.

 

Казахстан улсын санаачилсан АХАИББХ нь 1999 оноос хойш зохион байгуулагдаж байгаа юм.

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж