Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг саяхан 2.7 тэрбумын өртөгтэй орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмжтэй болж, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэхийн тулд иргэд Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй болсон билээ. Гэхдээ оношлогоог найдвартай, хүртээмжтэй үнэн зөв хийхэд эмч нарыг сургах шаардлагатай хэмээн тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Л.Энх-Амгалан үзэж, энэ онд гурван эмчийг БНСУ-д сургахаар шийдсэн байна.
Тэрээр өнгөрсөн амралтын өдөр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ дээрх эмч нарт суралцах эрхийн бичгийг нь гардуулж өгчээ. Сургалтад хамрагдах эмч нарын зардлыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хувиасаа гаргах аж. Эхний ээлжийн сургалтад компьютер томограф, лаборатори, эрүү нүүрний мэс заслын эмч нарыг хамруулах юм байна. Цаашид сургалтад эмч нараа илгээх бөгөөд үе шаттайгаар хамруулах аж. Тиймээс эмч нараа чадавхижуулах энэ чиглэлд хамтран ажиллахаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн нар санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Онцлоход, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт суурилуулагдсан 2.7 тэрбум төгрөгийн нарийн мэргэжлийн оношлогооны тоног төхөөрөмжийг бүрэн ашиглахад шаардлагатай зориулалтын цаас, плёнк зэрэг 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий дагалдах хэрэгслүүдийн хангалтыг шийдвэрлэх шаардлага үүссэн байна. Тиймээс тэдгээрийн хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсөвт тусгуулж өгөх хүсэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд хандаж, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд тавьжээ.
Г.Дарь