Долоо хоног бүрийн мягмар гаригт УИХ-ын байнгын хороод хуралддаг хуваарьтай. Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Эдийн засгийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороод хуралдах аж.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болох бөгөөд “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ. Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд эхлэх юм байна. Тус хуралдаанаар Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг, мөн 2013 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан санал авах, чиглэл өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулж, тайлбар гаргуулах тухай хэлэлцэх аж. Тэгвэл Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар Цагдан хорих болон хорих байгууллага дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нарын мэдээлэл сонсох гэнэ. Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд болох бөгөөд Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тухай, анхны хэлэлцүүлэг/-ийг, Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар
Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтын хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн тухай хэлэлцэх ажээ.