“Луу”-гийн хүсэл ба “хэрүүлийн алим”

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

“Луу”-гийн хүсэл ба “хэрүүлийн алим”

Ази тивийн “луу” Хятад улс хөрш орнуудтайгаа хэд хэдэн бүлэг арлыг эзэмшилдээ авахаар удаан хугацаанд тэмцэж буй билээ. Газрын тос, байгалийн хийн чамгүй нөөцтэй Өмнөд Хятадын тэнгисийн бүсэд оршиж буй хэсэг арлууд Азийн олон хөрш орнуудын хувьд “хэрүүлийн алим” болоод удаж байна.

 

Газар нутгийн маргааны үндэс

 

Хятад улсын хөгжлийн түвшин дээшлэхтэй зэрэгцэн өндөр хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй эрчим хүчний асар их эрэлт  хэрэгцээг хэрхэн найдвартай хангах вэ? гэдэг тулгамдсан асуудал болжээ. Эрчим хүчний хэрэгцээг хэрхэн хангах асуудал нь зөвхөн Хятад улс төдийгүй Ази номхон далайн бүс нутгийн орнууд болон дэлхийн их гүрнүүдийн анхаарлын төвд байна. Хэдийгээр Хятад улсын эрчим хүчний голлох хэрэглээ нүүрсэнд түшиглэсэн хэвээр байх боловч стратегийн түлш болох газрын тосны олборлолт, импортыг хөхүүлэн дэмжих бодлого барьж буй юм.

 

Хятад улс 1993 оноос гадаад худалдааны цэвэр дүнгээрээ газрын тосны импортлогч орон болсон юм. Түүнчлэн Хятадын газрын тосны импорт нь бүс нутаг болоод дэлхийн эрчим хүч, худалдаа, санхүүгийн урсгалд хүчтэй нөлөө үзүүлсээр ирсэн. Гэхдээ Хятад нь огт газрын тосны нөөцгүй улс биш юм. Хятад 1980-аад онд газрын тос экспортлогч орон байсан аж. Гэвч тухайн үеийн үндсэн 3 том орд болох Дацин, Шэнгли Лиахэгийн нөөц өдгөө маш багассан байна.

 

Одоогоор Хятадын хувьд дотооддоо газрын тос олборлох хамгийн чухал эх үүсвэрүүд нь баруун хэсэг дэх Шинжаан мужийн газрын тосны орд газар, Зүүн хятадын тэнгис орчмын далайн ёроолын газрын тосны орд тооцогдож буй юм. Шинжааны сав газар дахь Тарим, Жунгар болон Ту-Ха ордууд нь олборлоход хүндрэлтэй, олборлолтын орчин үеийн технологи шаардлагатайн улмаас үйлдвэрлэлийн зардал үлэмж өндөр, хөрөнгө оруулалтын хувьд эрсдэлтэйд тооцогдож байгаа юм.

 

 

Харин Зүүн хятадын тэнгис дэх Спратли (The Spratly Islands), Парасел (Paracel Islands) арлуудын орчимд газрын тос, байгалийн хийн их нөөцтэйд тооцогдож буй боловч хил залгаа хэд хэдэн улсын дунд газар нутгийн маргаантай байгаа. Хятадын Геологи эрчим хүчний газраас тооцож үзсэнээр Өмнөд Хятадын тэнгис орчимд 17.7 тэрбум тон түүхий нефть, 7.5 тэрбум баррель байгалийн хийн нөөцтэй гэнэ.

 

Өмнөд Хятадын тэнгис дэх маргаан

 

 

Бээжингийн эрх баригчид 2010 оноос хойш Өмнөд Хятадын тэнгис дэх үйл ажиллагаагаа идэвхижүүлж эхэлсэн бөгөөд 2012 онд Парасел арлуудыг бүхэлд нь хяналтандаа авсан юм. Гэтэл тус арлуудыг Вьетнам, Тайван улсууд мөн өөрийн эзэмшилд тооцдог аж. Харин Спартли арлуудын хувьд хэсэг тус бүрээрээ Хятад, Вьетнам, Филиппин, Малайз, Бруней, Тайван улсуудын хяналтанд оршдог байна. Гэтэл Хятад 2012 оны дөрөвдүгээр сарын 10-нд Өмнөд Хятадын тэнгис дэх “U” хэлбэрийн далайн бүсийг өөрийн эзэмшил хэмээн зарласан нь хөрш орнуудтайгаа газар нутгийн маргааныг хурцатгажээ. Хятадын эрх баригчид Өмнөд Хятадын тэнгис дэх түрэмгийллээ дээрх хоёр бүлэг арлыг газар нутагтаа багтаасан 1947 оны газрын зурагт үндэслэн тайлбарладаг аж. Харин Вьетнамын эрх баригчдын нотолж буйгаар Бээжин 1940-өөд оныг хүртэл Өмнөд Хятадын тэнгис дэх бүлэг арлуудыг огтхон ч сонирхож, эзэмшлээ хэмээн зарлаж байгаагүй гэнэ. Харин ч Вьетнам улс Парасел, Спартлийн бүлэг арлуудыг XVII дугаар зуунаас хойш идэвхитэй захирч ирснээ баримтаар нотлох гэж оролддог байна. Түүнчлэн Спартли арлууд нь газар зүйн байрлалаар Хятадаас илүү Филиппин, Бруней, Вьетнам улсад ойр оршдог аж. Гэхдээ Спартлийн арлуудаас Бруней улс булаацалддаггүй бөгөөд Малайз цөөн хэдэн арлыг эзэмшилдээ авахаар тэмцдэг байна.

 

Үүний зэрэгцээ Өмнөд Хятадын тэнгис орчим нь далайн тээвэр, загас агнуурын чухал бүс нутаг учраас Азийн хөрш орнуудын хооронд “хэрүүлийн алим” болоод буй юм.

 

Маргаан хурцадсан нь

 

 

Хятад улс энэ тавдугаар сарын эхээр Өмнөд Хятадын тэнгист газрын тосны өрөмдлөгө явуулахаар цамхаг босгож эхэлсэн нь газар нутгийн маргааныг улам дэвэргэсэн юм. Вьетнам улсын зүгээс 1982 онд НҮБ-ын далайн хуулийн конвенциор тогтоосон тус  улсын эдийн засгийн онцгой бүсэд Бээжин газрын тосны өрөмдлөгийн цамхагаа байршуулсан гэж үзжээ. Энэ хэргээс үүдэн Вьетнамын тэнгисийн цэргийн хөлөг, Хятадын усан онгоцтой Өмнөд Хятадын тэнгист мөргөлдсөн хэрэг гарсан юм. Үүнтэй зэрэгцэн Филиппиний эргийн хамгааллын цагдаа нар Өмнөд Хятадын тэнгист загасчилж явсан Хятадын хоёр завийг хөөж, нэгийг нь барилчилсан билээ. Гэвч Бээжингийн эрх баригчид Өмнөд Хятадын тэнгис дэх газрын тосны өрөмдлөгөө зогсоохгүй гэж мэдэгдсэнээр Вьетнам улсын ард иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэл үзүүлээд байна. Бээжингийн үйлдэлд хорссон вьетнамчууд Хятадын үйлдвэр, ажилчид руу халдан дайрч байгаа юм. Үймээний үеэр хоёр хятад ажилчин амь үрэгдэж, олон арван хүн гэмтэж бэртсэн байна. Үүний дараа Хятад Вьетнам руу таван хөлөг онгоц илгээж, иргэдээ эргүүлэн татах арга хэмжээ авсан юм. Үүнээс өмнө Вьетнам, Хятад улсуудын хооронд хамгийн эгзэгтэй сөргөлдөөн, зөрчил 2007 онд гарч байжээ. Тухайн үед Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд Вьетнамын загасчлалын завь руу гал нээж, нэг хүний амийг хөнөөж байсан аж.

 

Хятад нь Спартли, Парасел арлуудаас гадна Өмнөд Солонгос, Япон улстай Токто, Токиогийн эрх баригчидтай Сенкаку арлуудыг эзэмшилдээ авахаар булаацалддаг байна. Эдгээр нь мөн л газрын тосны нөөцтэйд тооцогдож буй. Олон улстай газар нутгийн маргаантай буйн хэрээр Хятад улс цэрэг, армиа хүчирхэгжүүлж, гадаад харилцаагаа тэлэх бодлого барьж байна. Хятадын эсрэг “дэлхийн цагдаа” АНУ хөрш орнуудтай нь нэгдэн тэмцэх бодлоготой байгаа бол Бээжингийн эрх баригчид ОХУ зэрэг бусад хүчирхэг орнуудыг түшиглэж эхэлжээ. Энэ хандлага Шанхай хотноо тавдугаар сарын 20-21-ний өдрүүдэд болох Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний уулзалтын үеэр илүүтэй ажиглагдана гэж ажиглагчид дүгнэж байна.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж